Александра Куцевол: Одоохондоо Олегийн тухай кино хийх хүч надад алга

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 01

“Иванушки International” хамтлагийг мэдэхгүй хүн үгүй. Тус хамтлагийн гоцлол дуучин байсан Олег Яковлев өнгөрсөн зургадугаар сарын 29-нд нас барсан билээ. Монголд төрж, бага балчир насаа манай улсад өнгөрүүлсэн тэрбээр хамтлагаараа ирж тоглож байсан. Буриад гаралтай Олег Монголд их элэгтэй байсан билээ. Түүнийг нас барахад Оросын соёл урлаг бүхэлдээ эмгэнэлд автсан. Дуучид Олегийг дурсан нулимс унаган ярьж байсан үе саяхан. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр одоо ч Олег Яковлев гэх нэр цуурайтаж, түүний уран бүтээлүүд эгшиглэж байна.

Түүнчлэн Олегийн эхнэр Александра Куцевол уйтгар гунигаасаа өндийн нөхрийнхөө дурсгалыг мөнхлөх ажилдаа оржээ. Оросын “Cosmopolitan” сэтгүүлийнхэн түүнтэй холбогдоход бүсгүй Олегийн бичиж үлдээсэн дуу, тэмдэглэл, нооргууд дээр ажиллаж байгаагаа хэлсэн байна. Олегийг амьд ахуйд эгшиглэж амжаагүй бүтээлүүдийг нь цомог болгон гаргахаар хамгийн эхэнд төлөвлөжээ.

Александра “Олегийн тухай хэдэн өгүүлбэр бичиж, зураг харахад л сэтгэл минь эмтэрч хэцүү байна. Аажмаар уй гашуугаас өндийгөөд ирэхээрээ өдрийн тэмдэглэл дээрээ үндэслэн Олег бид хоёрын хайрын түүхийг бичиж гаргана гэж бодож байгаа. Хүмүүс надаас Олегийн тухай кино, баримтат киног хэзээ хийх вэ гэж асуудаг. Үүнийг хийхэд эрт байна. Би бэлэн биш байна. Гэхдээ хүмүүс надад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа. Ойр дотны хүнээ алдаж үзсэн хүмүүс миний зовлонг ойлгож, уй гашуугаас гарахад тусалдаг. Би өмнө нь “Иванушки International”-ийн талаар баримтат кино хийх гэж оролдож байсан. Кино гэдэг тийм амар зүйл биш юм билээ” гэсэн байна.

Наймдугаар сарын эхээр Александра Олегийн сүүлчийн дуу “Битгий уйл”-ыг клипжүүлэн толилуулжээ. Одоо тэрбээр нөхрийнхөө зохиож үлдээсэн дуунуудаас 20-ийг нь багтаасан цомог гаргахаар ажиллаж байна. Александра, Олег нар паспортон дээр гэрлэлтээ баталгаажуулаагүй ч идэр залуугаасаа өдгөөг хүртэл үргэлж хамт байжээ. Александра Куцевол дуучны продюсерийн ажлыг гүйцэтгэдэг байсан билээ. Одоо тэрбээр нөхрийнх нь гаргаж амжаагүй дууг урлагийн найз нөхөд нь дуулахад болохгүй зүйл үгүйг хэлж байна.

Олег Яковлев уушгины хүнд өвчтэй байжээ. Тэрээр эмнэлэгт хэвтэхдээ бие нь маш хүнд байсан аж. Тийнхүү хэд хоногийн дараа Олегийн зүрх зогссоноор Оросын ард түмний хайртай дуучин тэнгэрт хальжээ. Александра нөхрийнхөө цогцосыг авч оршуулах зөвшөөрлийг Москва хотын захиргаанаас удаан хугацаанд хүсч, сар гаруйн дараа Олегтой салах ёс гүйцэтгэх боломж анд нөхдөд нь олдсон билээ. Эвлэг хоолойтой, монголжуу төрхтэй Олег олон хүний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн.

Хагацлын гунигт автсан гэр бүлийнхнийх нь сэтгэлийг шар хэвлэлүүдийн мэдээлэл болон олны хов жив өвтгөж байсан талаар Саша /Александра/ сэтгүүлчдэд ярьсан байна. “Олегийн үхлийн шалтгааныг тааварлан бичиж, ярьж байсан сэтгүүлчид, түүнийг архичин гэж байсан хүмүүсийн хов живний эсрэг би шүүхэд ханддаг юм билүү ч гэж бодож байлаа. Гэхдээ би шүүх гэж явахын оронд Олегийг олон хүний зүрх сэтгэлд дахин амьдруулахын төлөө ажиллах нь дээр. Тэр минь ч үүнийг хүсэх байсан” гэж Саша ярьжээ.

Олегийг амьд ахуйд сайхан харилцаатай байсан сэтгүүлчид түүний үхлийн дараа худал хов жив тараасанд Саша эмзэглэж байгаагаа илэрхийлсэн байна. “Олег хэвлэлийнхэнтэй дандаа сайхан харьцдаг байсан. Хэзээ ч татгалзалгүй яриа өгдөг байлаа. Хүнтэй эелдэг зөөлөн харьцдаг түүнтэй минь нөхөрлөдөг байсан зарим хүний ааш араншинг би одоо л таньж байх шиг байна” гэж бүсгүй харуусан ярьжээ. Александра өөрөө сэтгүүлч билээ. Гэсэн ч Олегийн тухай дурсан бичиж, кино хийх хүч одоохондоо түүнд алга гэж ярьж байна.

Олег Яковлевийг архинд донтох өвчнөө ялж чадалгүй байсаар хорвоог орхисон гэж хамтран ажиллаж байсан урлагийнхны зарим нь хэвлэлд ярьсан байсан юм. Ямар байлаа ч Олег Яковлев, “Иванушки International” гэсэн нэрийг Орос төдийгүй дэлхий мэднэ. Тэдний дууг сонсч өссөн бүхэл бүтэн үе бий.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нина(202.9.41.97) 2017 оны 09 сарын 01

Сайхан дуучин байсан, сайхан ч хамтлаг. Залуу үеийн хамаг дурсамж минь сэргэж байна шүү.

0  |  0
Top