Өдөр бүр нэг өндөг буюу өндөгний вант улсын эзэн Олег Бахматюк

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

Ирэх 50 жилд хүнсний бүтээгдэхүүний үнэ хамгийн ихээр нэмэгдэнэ гэсэн таамаглалыг сонсоод Украин улс хамгийн их баярлаж байна гэнэ шүү. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх дэлхийд хандан “Хүн бүр өдөрт нэг ширхэг өндөг идэх”-ийг зөвлөхөд бүр ч нар нь гарсан гэнэ. Учир нь тэдэнд Олег Бахматюк хэмээх “алтан” толгойтой бизнесмэн залуу байдаг юм байна. Удаан ч гэсэн найдвартай бизнес эрхэлсээр өнгөрсөн сард тэрбумтнуудын жагсаалтад орж ирсэн энэ хүн “Хамгийн хямдхан үнээр зарж, хамгийн их ашиг олно” гэсэн сонин уриатайгаар ажлаа хийдэг аж. Украинчууд түүнийг “Өндөгний вант улс”-ыг захирдаг гэж ярьцгаадаг. Үнэхээр ч түүний удирддаг “Авангард” холдингод тус бүртээ олон салбар бүхий 19 шувуун фабрик харьяалагддаг учир ингэж ярихаас өөр аргагүй. Энэ салбарт хүчээ үздэг манай нэг бизнесмэний бичсэн “Өдөр бүр нэг өндөг” нэртэй номны нээлтэд очсоноо санаж байна. Тэгэхэд бизнесийн орчны талаар судалгаа хийдэг нэгэн эрхэм “Энэ нөхөр бол жинхэнэ шударга өрсөлдөөн гэдгийг харуулж байна. Нэгнийгээ муучилж борлуулалтаа нэмэгдүүлэхээсээ илүү нийт хэрэглээгээ нэмэгдүүлэхийг сурталчилж өрсөлдөнө гэдэг бол бизнесийн том соёл” хэмээн өгүүлж байж билээ. Манай өгүүллийн баатар ч мөн адил иймэрхүү “шударга” замаар явахаар шийдээд байгаа. Түүний вант улс Украины өндөгний хэрэгцээний 23, хуурай өндөгний хэрэглээний 52 хувийг хангадаг. Зах зээлийн талаас илүү хувийг эзэлж чадсан тул одоо тэрбээр дотоодын үйлдвэрлэгчиддээ боломж олгож, гадаад руу анхаарлаа хандуулаад байна. Өндөг гэснээс, тэрбээр газар тариалан, мал аж ахуйн чиглэлд ч амжилт олж байгаа. Одоогоор 150 мянган га газарт улаанбуудай, эрдэнэ шиш, төмс хүнсний ногоо тариалдаг түүний Ukrlandfarming компани салбарынхаа өрсөлдөгч «Райз», «Дакор» зэрэг компаниудыг ойрын үед худалдан авч магадгүй гэсэн яриа сонсогдож байна. Хэрэв ингэж чадвал Олег Бахматюк 450 мянган га газарт үйл ажиллагаа явуулах юм. Энэ бол үнэхээр том ажил билээ. Манай улс 315 мянган га газарт л тариалалт хийдэг юм шүү дээ. Гэтэл энэ залуу 30 сая га газарт тариалалт хийх боломжтой, ер нь хийнэ гэсэн зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай. Түүний нэгэн ярилцлагыг хүргэе.

-Олег Романович, таны бодлоор дэлхийн газар тариалангийн чиг хандлага хаашаа явж байх шиг байна?

-Эрдэнэшиш, наранцэцэг, чихрийн ургамлын тариалалт сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр нэмэгдэж байна. Биоэтанолын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь үүний хамгийн гол шалтгаан юм. АНУ энэ талаар онцгой анхаарал хандуулаад эхэлсэн. Бразил ч ийм мэдэгдэл хийсэн байгаа. Яг одоогийн байдлаар эрдэнэ шиш, зэгсний үнэ урьд хожид байгаагүй өндөр байна. Суэцийн суваг хаагдахад нефтийн үнэ нэмэгдсэн явдал улс орнуудад сануулга болсон бололтой, энэ жилээс био түлшний түүхий эдийг  тариалалт эрс нэмэгдэх төлөвтэй.

-Тэгэхээр ирээдүйд дэлхий нийт хүнс-эрчим хүч гаргах гэсэн хоёр зорилгоор тариалалт хийдэг болох нь гэж ойлголоо. Укриан улс энэ өрсөлдөөнд бэлэн байна уу?

-Боломж бол бий. Украинд тариалалт хийх боломжтой 30 сая га газар байна. Эндээс бүдүүн тоймоор бодоод үзэхэд 150-180 сая тн ургац авах боломжтой. Үүний 100-120 сая тн нь үр тариа байх юм. Гэхдээ далд байгаа энэ боломжийг ил болгохын тулд багагүй хөрнгө оруулалт шаардлагатай гэдэг нь мэдээж юм. Манай улс бол шим тэжээл бүхий хөрсөөр баян шүү дээ. Энэ газрыг хамгийн орчин үеийн техник тоног төхөөрөмж, усалгааны системээр хангахад га бүрт нь 3000 ам.долларын хөрөнгө хөрөнгө оруулалт шаардлагатай. Бидэнд ийм мөнгө байхгүй учир гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байгаа юм. Үүний тулд газрын зах зээлийн нэгдсэн тогтолцоо, тогтвортой хууль эрх зүйн орчинтой байхад л болно. Төрийн зүгээс энэ жаахан зүйлийг л өгөх хэрэгтэй.

-Манай улсын газар тариалангийн салбарт ямар улс хөрөнгө оруулах сонирхолтой байна?

-Эхний ээлжинд европчууд. Тэд манай бүтээгдэхүүнийг хэрэглээд сурчихсан тул зайлшгүй сонирхоно. Дараагийн ээлжинд АНУ. Учир нь тэд дэлхий нийтийг өлсгөлөнгөөс аврагчийн дүрд тоглох ёстой шүү дээ. Тйимээс хүнсний салбарыг хүссэн хүсээгүй сонирхож л таараа. Азиас бол хятадууд хөрөнгө оруулах боломжтой гэж бодож байна. Украинд тэдний хүсч байгаа хүнс бүгд байгаа. Газар тарилангаар зогсохгүй, мал аж ахуй ч эрхэлсэн болно.  

--Украин улс хүнсний бүтээгдэхүүний салбарт экспортлогч гэсэн имижийг баттай олж авах ёстой гэж та үздэг юм байна, тийм үү?

-Тийм. Бид хамгийн боломжтой салбартаа хөрөнгө оруулж бодитой юмны араас хөөцөлдөх хэрэгтэй. Нефтийг мөнгөөр хэмждэггүй, баррелиар хэмждэг гэдгийг ойлгох нь гол байна. Бид ч гэсэн яг энэ жишгээр эрдэнэ шиш, үр тариагаа тонноор үнэлж аль болох олон тонныг хурааж авах хэрэгтэй юм.                           

 

Нэрийн хуудас

Бүтэн нэр: Олег Романович Бахматюк

Төрсөн огноо: 1974 оны наймдугаар сарын 14

Төрсөн газар: Украины Иван Франковски муж

Боловсрол: 1996 онд Черновцын Эдийн засаг-эрхзүйн сургууль, 2005 онд Иван Франковскийн техникийн их сургуулийн нефть, байгалийн хийн инженерийн анги 

Компани: Avangardco (Украины өндөг үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч), Ukrlandfarming (газар тариалангийн аварга компани)

2001 онд Прикарпатын санхүүгийн корпорацийг үүсгэн байгуулсан.

Карьер: 2006-2007 онд Украины төрийн мэдлийн аварга компани “Нафтогаз Украүни”-ийн захирлын орлогчоор ажиллаж байв.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top