Монголыг ”Арбитр”-т аваачсан хэргүүд

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 09

Олон улсын Арбитрийн шүүхээс анх удаа "Марубени"-гийн хэргээр Монгол Улсад зарлан дуудах хуудас ирүүлсэн байдаг. Үүнээс хойш дөрвөн хэрэг Олон улсын шүүх дээр очиж байжээ. Чухам ямар хэргүүд ийнхүү манай улсыг арбитрт "аваачсан"-ыг доор дурдъя.

ИТАЛИЙН “АЛСТОМ ПАУЭР” КОМПАНИ БА “ДЦС-3"

Италийн “Алстом Пауэр” компани “ДЦС-3”-т тоног төхөөрөмж нийлүүлсэн төлбөрөө авч чадалгүй 2007 онд Арбитрын шүүхэд хандаж байжээ. Хоёр тал эвлэрснээр энэ хэрэг манай талд нааштай шийдэгдсэн байна.

КАНАДЫН “ХАН РЕСУРС”-ИЙН ЛИЦЕНЗИЙН МАРГААН

Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани манай Засгийн газраас 285 сая ам.доллар нэхэмжилсэн. Дорнодын ураны орд дахь тусгай зөвшөөрлийг нь цуцалснаас үүдэлтэй гурван жил үргэлжилсэн энэ маргааныг тухайн үед олон улсад “хуйвалдаан” хэмээн нэрлэж байв.

Учир нь Канадчууд Дорнодын орд газрын лицензийг Оросын Засгийн газарт өгөх гэж Монголын Засгийн газар хууль бусаар лицензийг нь цуцалсан хэмээн нэхэмжлэлдээ дурдаж байсан юм.

Үүнийгээ ч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан. Ийнхүү хардах үндэслэл канадчуудад байсан. Тухайн үед ОХУ-ын албаны хүмүүс манай улсад удаа дараа хийсэн айлчлалын үр дүнд тэдний лицензийг цуцалж, Орос, Монголын хамтарсан “Дорнод уран” компанийг байгуулсан юм.

ТӨМӨРТЭЙН ОРД ТОЙРСОН МАРГААН

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордод 216 га талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз эзэмшиж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай БЛТ компани 2010 онд Арбитрын шүүхэд хандсан.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байсан тус ордын лицензийг тухайн үед үйлдвэрийнх нь захирлаар ажиллаж байсан эрхэм БЛТ компанид шилжүүлсэн байжээ. Үүнийг Засгийн газраас хууль бус хэмээн үзэж Төмөртэйг стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалтад оруулж, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан.

Английн хууль зүйн фирмийн өмгөөлөгчдийг өндөр үнээр хөлсөлсөн БЛТ компанийнхан “Ашиглалтын лиценз хураасан нь Хятад, Монголын Засгийн газрын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээг зөрчсөн” гэж 2010 онд Арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн. Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа.

НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР НЭХЭМЖИЛСЭН ХЭРЭГ

“Алтан дорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушок Монгол Улсын Засгийн газрыг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар авах нэрийдлээр шударга бус үйл ажиллагаа явуулсан, 68 хувийн татвараас ялгаварлан гадуурхсан гэж үзэж нэг тэрбум ам.доллар нэхэмжилж 2007 онд Олон улсын арбитрын шүүхэд хандсан.

Шүүх хурал 2009 оны тавдугаар сард ХБНГУ-ын Франкфурт хотноо болж, тэдний гомдлыг үндэслэлгүй хэмээн үзсэн. Хоёр жил үргэлжилсэн энэ маргаанд Засгийн газар таван тэрбум төгрөг зарцуулсан байна.

ӨМНӨД АФРИКИЙН “СТАНДАРТ”БАНКНЫ ЗЭЭЛ

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний буюу 109 сая ам.долларын зээл авсан “Жаст” компанийн хэргээс болж Өмнөд Африкийн “Стандарт” банк манай Засгийн газрыг 2010 онд Арбитрын шүүхэд өгсөн. “Стандарт” банкны нэхэмжлэлийн дагуу Лондоны Арбитрын шүүх “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар, Засгийн газрыг хариуцагчаар татсан.

Шүүхийн тов одоо хүртэл тодорхойгүй байгаа. Мөн нэг хэсэг шуугиан дагуулж “Жаст” группээс эхлээд хэд хэдэн банкны дампууралд нэр холбогдоод байсан Олон овоотын уурхайн лицензийг барьцаалан их хэмжээний зээл олгосон “Голдман сакс” хөрөнгө оруулалтын банк 2010 онд Монголын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж байсан юм.

Тэд манай Хууль зvй, дотоод хэргийн яаманд ирүүлсэн албан бичигтээ эвээр зохицож чадахгүй бол Арбитрын шүүхэд өгөхөө мэдэгдэж байлаа. Гэвч тухайн үед “Монгол газар” компанид зээл олгохдоо алтны уурхайн лицензийг барьцаалсан, “Голдман сакс интернэйшнл холдинг” гэх охин компанийнхаа нэрээр зээл олгосон нь хууль зөрчсөн хэмээн ЭБЭХЯ үзэж барьцаанд байсан Олон овоотын лицензийг буцаасан. Харин “Голдман сакс” манай Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгсөн эсэх нь тодорхойгүй үлдсэн юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top