Хууль бусаар алт олборлогчдыг шалгажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 09

Дархан-Уул Аймгийн Засаг даргын баталсан журмын дагуу Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан-Уул аймагт ашигт малтмал олборлож буй иргэд ААН-үүдэд тогтмол хяналт шалгалтыг хийдэг. Энэ удаад дээрх ажлын хэсэг Шарын гол, Хонгорын сумдын нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг хийлээ.

Тус хяналт, шалгалт нь хууль бусаар алт олборлож буй иргэд, ААН-ийн ажлыг зогсоох, холбогдох хууль, тогтоомжуудыг мөрдүүлэх, бичил уурхайн үйл ажиллагаатай нь танилцах, хэрэгжилтэнд хяналт тавих, тэдний санал бодлыг сонсох, орон нутгийн иргэдээс санал авах хүрээнд явагдсан байна. Хяналт, шалгалтын явцад ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй газруудад алт олборлох зорилгоор техник, тоног төхөөрөмж байрлуулан газар ухсан  дөрвөн зөрчлийг газар дээр нь илрүүлжээ. Хууль бусаар алт олборлосон дээрх Аж Ахуй Нэгжүүдийн эзэд нь олдохгүй, ажилчид нь байгууллагынхаа эзнийг мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй тохиолдлууд хяналт шалгалт бүрт тохиолддог гэнэ.

 Тиймээс аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж, хууль бусаар алт олборлосон эдгээр ААН-үүдийн эздийг тогтоон энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.Хамгийн гол нь хууль бусаар алт олборлох нь амь нас эрүүл мэндэд  хохиролтой, зориулалтын техникээр бус гар аргаар олборлох, техниктэй хэдий ч зөвшөөрөгдөөгүй газар ашигт малтмалын хайгуулын болон олборлох эрхгүй хувь хүн ААНБ-ууд илэрч байгаа нь байгаль орчныг сүйтгэх зэрэгт сөргөөр нөлөөлж байгааг жил бүрийн шалгалтаар сануулдаг ч биеллээ олохгүй байгаа юм.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top