ҮУИТ-ын гоцлол бүжигчин Э.Номин: Бүжигчид бэрхийг туулахаар бүтээгдсэн хүмүүс

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

The 14th Seoul international dance competition  буюу “Сөүлийн Олон Улсын гоцлол бүжигчдийн 14-р уралдаан”-д Монгол Улсаа төлөөлөн creative төрөлд оролцон гуравдугаар байр эзэлсэн "Үндэсний урлагийн их театр"-ын гоцлол бүжигчин Э.Номинтой ярилцлаа.

- “Сөүлийн Олон Улсын гоцлол бүжигчдийн 14-р уралдаан”-д хэрхэн амжилттай оролцов? 

- Миний сая оролцсон тэмцээн нь Солонгосын Сөүл хотноо жил бүр зохиогддог The 14th Seoul international dance competition  буюу “Сөүлийн Олон Улсын гоцлол бүжигчдийн 14-р уралдаан юм. Тус тэмцээн нь оролцогчид болон шүүгчдийнхээ зэрэглэлээрээ А ангиллын тэмцээн гэгддэг. Тэмцээн нь нийт модерн, балет, этник гэсэн гурван төрлийн хүрээнд болсон. Этник нь дотроо traditional буюу язгуур, creative буюу тайзны урлаг гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулагдсан. Би creative буюу тайзны урлагийн насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон. Creative гэдэг нь язгуур урлагийн төрөл боловч ахисан төвшний тайзны урлаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тавилт, дэглэлт гээд бүх зүйл нь мэргэжлийн төвшнийх гэсэн үг. Traditional төрөл нь болохоор улс орон бүрийн язгуур, үндэсний урлагийн онцлогийг харуулсан бүжиг юм. Тухайлбал, Хятадын “Ушу”, “Ши”, Монголын “бий биелгээ” гэсэн үг. Тус уралдаанд “Бүсгүй хүний заяа” бүжгээрээ гуравдугаар байранд орсон. Нийт 514 бүжигчин тус тэмцээний хоёрдугаар шатанд оролцсон ба зургаан өдрийн турш үргэлжилсэн. Төрөл тус бүр хоёр хоёр өдрийн хугацаатай болсон.


- Тус тэмцээнд ҮУИТ-аас оролцож буй анхны бүжигчин гэсэн. Өрсөлдөөн хэр ширүүн болов? 

ҮУИТ-аас оролцож байгаа анхны бүжигчин нь би. Тиймээс Үндэсний Урлагийн их театрынхаа нэрийг өндөрт өргөх юм сан гэсэн бодолтой, хариуцлага өндөртэй оролцсон. Уг Тэмцээний шүүгчээр өмнөх жил ажиллаж байсан манай мэргэжлийн Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол улсын консервартурийн ардын бүжгийн А.Хосбаяр багш маань тэмцээнд оролцох санал тавьсан. Анх багшдаа Creative төрөлд нь оролцоно гэж хэлэхэд “Маш хүнд төрөл. Сайн бэлдэх хэрэгтэй. Хятад, Солонгосчууд тайзны бүжгийн төрөлдөө тэргүүлдэг. Тайзан дээр бүхий л дүр, төрхийг гаргаж, бараг л нисдэг. Тиймээс тун сайн хариуцлагатай, бэлдэх хэрэгтэй” гэж А.Хосбаяр багш маань зөвлөсөн. Би тэмцээнд нэг жилийн өмнөөс хувцас, хэрэглэгдэх зүйлс, бэлтгэлээ базааж зэхэж байсан. Өөрийнхөө хувьд бэлтгэлээ хангасан гэж үзэж байлаа. Тэгээд тэмцээнд очиход шоконд орсон гэхэд болно. Миний оролцож байгаа төрөлд мэргэжлийн А зэрэглэлийн 20 гаруй бүжигчид оролцож байсан юм. Хятадаас ирсэн бүжигчдийг харж байхад Бээжингийн хамгийн том бүжгийн академийн сургуулийн хүүхдүүд оролцож байсан. Тус сургуульд хүүхдүүдийг 6-8 настай байхад нь  шалгаруулж авдаг. Авахдаа мөр, шилбэний ясыг сантиметрлэж, нүүрний өргөнийг мөрний өргөнтэй нь харьцуулж сонгон шалгаруулж авдаг юм. Бараг л төгс бүжигчид оролцдог гэхэд хилсдэхгүй. Тэмцээнд оролцсон бүжигчдийг харахад тайзан дээр нэг ч  алдаа гаргаж, хөл дээрээ догонцож байгаа байдлыг олж хараагүй.  Би ҮУИТ-ынхаа бүжигчдийн дунд өндөрт нь ордог. Гэтэл тэр тэмцээнд намхандаа орж байсан. Оролцож буй бүжигчид бүгд 170 сантиметрээс дээш өндөртэй, царайны зөв дүр төрхтэй байсан. Оролцогчдын хувьд бүгд make up, үсчин гээд багийнхантайгаа хүрэлцэн ирсэн байлаа. Бүжигчдийн тэмцээнд бэлдэх хугацаа ердөө л 30 секунд байсан. Энэ хугацаанд тайзан дээр гарч аятайгаа хөдөлгөөнөө тааруулах юм. Үнэнийг хэлэхэд оролцож буй бүжигчдийн хувцас, байгаа байдал, хамт ирсэн туслагч нарыг нь хараад сэтгэл санаа тогтворгүй болж эхэлсэн. Би чинь Монгол Улсын хамгийн том театрын гоцлол бүжигчин байтал гэж өөрийн эрхгүй бодогдсон. Эхний бүжигчний бүжгийг хараад л ямар чадварлаг болох нь ажиглагдаж байлаа. Тиймээс чихэвчээ зүүж өөрийгөө тайвшруулж, бүжигчид рүү анхаарлаа хандуулахгүй, зөвхөн өөрийн бүжгэнд анхаарлаа төвлөрүүлж, бэлдэж эхэлсэн. Улмаар бүх зүйлээ тултал нь, өөрөөс гарах хамгийн сайнаараа бүжиглэсэн. Гуравдугаар шатанд нийт долоон бүжигчин тунаж үлдсэн. Хасалтыг хайр, найргүй хийсэн. Миний түрүүлэх байхдаа гэж бодож байсан бүжигчин охин хүртэл хасагдсан байсан юм. Гуравдугаар шатны дараа би өөрийгөө байр эзлээгүй, буруу төрөлдөө оролцлоо, Traditional төрөлд орохгүй яав даа гэж бодсон. Хэрэв байранд ороогүй бол яана даа гэж бодон тоглолтынхоо хувцастай зургаа авахуулахаасаа ч хүртэл ичсэн. Орой нь манай нэг бүжигчин дүүгээс та гуравдугаар байранд орсон байна гэж мессеж ирсэн юм. Маш их баярлаж, ашгүй нэг сэтгэл амарсан даа. Би энэ бүжгийг таван жилийн турш дэглээчтэйгээ бэлдсэн. Дэглээчийнхээ маш их хөдөлмөр, цаг зав гаргаж өгсөн бүтээлийг нь амилуулж, хүмүүст хүргэж чадахгүй байх вий гэж айж байлаа.Тиймээс дэглээчээсээ л санаа зовж байсан даа.

- Ямар бүжгээр оролцсон бэ. Бүжгийг хэн дэглэсэн бэ? 

- УГЗ, ТШ Б.Шарав  гуайн ятганд зориулсан ая болон ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ эгчийн тоглосон аян дээр О.Ууганбаяр /МУСТА/ эгч маань тус бүжгийг дэглэж өгсөн. О.Ууганбаяр эгч ҮУИТ-ын бүжигчин байж байгаад одоо Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын  ерөнхий бүжиг дэглээчээр ажиллаж байгаа. Ятга хөгжмийн домгонд тулгуурлаж энэ бүжгийг дэглэсэн. Тус домогт ятга хөгжим өмнө нь эмэгтэй хүн байсан ба эр нөхөр нь дайнд яваад ирээгүй гэдэг. Улмаар өөрийнхөө биеийг ятга болгож, урт сайхан хар үсээ ятгын утас болгосноор ятга хөгжим үүссэн түүхтэй гэж байдаг. Эмэгтэй хүний уян налархай байдлыг ятга хөгжмийн уянгалаг аялгуу илэрхийлдэг. Бүсгүй хүнийг ямар хөгжимтэй зүйрлэх вэ гэвэл ятга л хамгийн тохиромжтой нь юм. Энэ домог дээр сэдэвлэн “бүсгүй хүний заяа” бүжгийг дэглэсэн. Монгол халх эмэгтэй хүний намба төрх, зан үйл, гоо сайхныг бүжгээр харуулахыг зорьсон. Хөдөлгөн болгон дээр нарийн ажиллаж, маш их цэвэрлэгээ хийсэн. Улам илүү сайжруулсаар байгаад таван жил болсон.


- Тэмцээний зардлыг өөрөө гаргасан уу?

- Хувцаснаас эхлээд л бүх зардлаа өөрөөсөө гаргасан. Ер нь бид өдөр болгон тоглолтонд ордог болохоор нүүрээ өөрсдөө будаад сурчихсан байдаг.

- Тэмцээнд оролцоход хамгийн чухал санагдсан зүйл гэвэл? 

- Миний бодлоор бүжигчний мэдрэмж хамгийн чухал. Бүжигчид яг ижил нэг хөдөлгөөнийг хийж байхад хэн нь илүү мэдэрч, амилуулж чадаж байгаа нь үнэлэгдэж, шүүгчийн нүдэнд тусдаг. Тэмцээнд оролцож байсан бүжигчдийг би техникээрээ яагаад ч гүйцэхгүй байсан. Шулуухан хэлэхэд манай улсын бүжигчид техникийн хувьд  хоцрогдолтой байгаа нь харагдсан. Тиймээс олон жил бүжиглэсэн хүний хувьд бүжиглэлтээрээ, зиретэлд өгч байгаа тоглолтоороо, бүжгээ амьдруулж байгаа байдлаараа бусад бүжигчдээс илүү байхгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Улмаар бүжгийнхээ утга агуулгыг мэдэрч бүхнийг гаргахыг хичээсэн. Чадсан болохоор гуравдугаар байранд орсон гэж бодож байна.

- Тэмцээний явцад хэцүү зүйл тохиолдож байв уу? 

- Ер нь бол хэцүү зүйл байгаагүй. Тэмцээнд оролцоход гол нь сэтгэл санаа чухал ба  ямар ч үед тайван байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Бид спортын тамирчидтай л адил. Олимпд ороход тухайн тамирчны сэтгэлзүй ямар байх ёстой яг л тийм байдаг.  Хэрэв бэлдсэнээсээ илүү хийнэ дээ гээд тайзан дээр гарвал эсрэгээрээ бүүр муу үзүүлэлттэй байх тохиолдол ч бий. Тиймээс биеэ барьж бүх зүйлээ, бэлдсэн хэмжээндээ үзүүлэх хэрэгтэй юм. Мөн багшгүйгээр явсан нь сэтгэлзүйд дарамт болсон байж болох юм. Хэрэв зөвлөх багштайгаа явсан бол намайг тэдгээр бүжигчидтэй дүйцэхүйц гэдгийг минь хэлж өгөх байсан байх. Хэн нэгэн хэлж, зөвлөх, сургах хүнгүй явснаар өөрийгөө дутуу үнэлж эхэлсэн байж болох юм. Гэхдээ бүжиг дэглээч багш нартайгаа байнга утсаар ярьж, сэтгэл санааны дэмжлэг, зөвлөгөө авч байсан.

- Бүжгийн урлагт хөл тавиад хэр удаж байна? 

- Үндэсний урлагийн их театрт 13 дахь жилдээ гоцлол бүжигчнээр ажиллаж байна.


- Яагаад бүжигчний мэргэжлийг сонгох болов? 

- Эмээ минь л нөлөөлсөн дөө. Намайг дандаа миний охин бүжигчин болох гэж төрсөн охин гэдэг байсан. Тэгээд надад бүжигчин болж чадна гэсэн итгэл үнэмшил төрчихсөн. Ер нь багаасаа л тэгж ярьдаг байсан. Улмаар ээж, аав маань Хөгжим бүжгийн сургуульд намайг шалгуулснаар сонгодог бүжгийн ангид тэнцсэн. Гэхдээ Ардын бүжиг илүү сонирхолтой, эрч хүчтэй юм шиг санагдах болсон. Тиймээс ангиа сольсон. Миний анхны Монгол бүжгийн суурийг тавьж өгсөн хүн бол Ардын багш Г.Долгорсүрэн. Эмээ минь ч Г.Долгосүрэн багшийг их мундаг чадварлаг гэдэг байсан. Улмаар Догоо багш шиг хүнээр бүжиг заалгахыг хүсэх болсон. Энэ мөрөөдөл минь ч биелсэн юм. Харамсалтай нь багш маань хоёр жил бидэнд багшилж, эрүүл мэндийн шалтгааны улмаас багшлахаа больсон. Улмаар Догоо багшийн минь гарын шавь Хөгжим бүжгийн тэнхимийг олон жил удирдаж яваа Оюун багш маань манай ангийг дааж авч төгсгөсөн. Чадварлаг багш нараас гадна олон сайхан мэргэжлийн багш нарын эрдмээс суралцсан. Чуулгад ороод дасгалжуулагч багш нар болон хамтран ажилладаг ахмад бүжигчид нараасаа их зүйлийг суралцаж байж одоогийн Номин гэдэг бүжигчин бий болсон доо.

- Монгол Улсын Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр орох хэцүү байх. Ямар шаардлагыг хангасан хүн ордог юм бэ?

- Жил болгон төгсөж байгаа хүүхдүүдийн мэргэжлийн шалгалтын тайлан тоглолтыг бүжгийн багш, дэглээчид очиж үздэг. Улмаар авах хүүхдүүдээ багш нар багаас нь товчилчихдог. Мэргэжлийнхээ нэг, хоёрдугаар ангид орж байхад нь авах хүүхдээ мэргэжлийн хүний нүдээр харчихдаг гэсэн үг. Улмаар тухайн хүүхэд төгсөх ангийнхаа шалгалтад сайн байж, их зүйл сурсан байвал ҮУИТ-т орох санал тавина. Мөн ҮУИТ-т ороод хэсэг хугацаанд дадлага хийнэ. Хэрэв шаардлага хангаж байвал тодорхой хугацааны дараа жинхэлнэ. Мөн аттистачлалын шалгалтыг жил бүр авна. Зарим жилд ҮУИТ-т орон тоо гарахгүй байх үе ч бий. Ер нь маш өндөр шалгуурыг давсан, цөөхөн хэдэн хүн ҮУИТ-т ажилладаг.

- Бүжгээр хичээллэж байхад шантрах үе гарч байсан уу?

- Маш их ачаалалтай. Би 13 настайдаа үеийнхээ хүүхдүүдээс тэс өөр ертөнцөд амьдардаг байсан. Энгийн сургуулийн хүүхэд өглөөнөөс өдрийн нэг цаг хүртэл ерөнхий эрдмийн хичээлээ хийдэг. Үлдсэн цагт нь завтай байдаг. Харин Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүдэд өдөр болгон мэргэжлийн хичээлүүд, үндсэн эрдмийн хичээл үзнэ. Өглөө найман цаг гэж сургууль дээр очоод орой найм гэж харьдаг байсан. Улмаар тэр ачааллыг давах нь үлдэж, чадахгүй нь хасагддаг байх жишээний. Одоо ч гэсэн миний ажиллаж буй Үндэсний Урлагийн их театр маш их ачаалалтай. Манай ангид анх 26 хүүхэд байсан. Аажмаар шигшигдсээр байгаад 15 хүн л төгссөн. Үүнээс 10 нь ҮУИТ-т ажилд орсон. Харин өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байгаа нь надтай нийлээд зургаан хүн байна. Бүжиг дэглээч МУГЖ А.Даваахүү багш маань шог маягаар бүжигчдийн тухай хэлэхдээ “Бүжигчид  бэрхийг туулахаар бүтээгдсэн хүмүүс” гэдэг байсан. Энэ бол үнэн. Бүжигчид тайзан дээр гарахдаа маш сайхан инээмсэглэн, гоо сайхан, баяр баяслыг бусдад түгээдэг. Гэтэл үүний цаана олон жилийн хүч хөдөлмөр, бэлтгэл оршиж байдаг. Хүмүүс бүжигчдийн тухай ярихдаа хүссэнээ хийгээд явж байна гэдэг. Бодит байдал дээр мэргэжлийн бүжигчин болж, тайзан дээр бүжгийг амьдруулахын тулд хэчнээн жилийн хөдөлмөр, маш олон цагийн хүнд бэлтгэл байдгийг ойлгодоггүй. Бид спортын мэргэжлийн тамирчидтай адил. Булчингийн ачаалал даана, бүжгийг тайзан дээр амьдруулах нь маш их ур чадвар шаардана.

- Тайзан дээрх нэг бүжгийн үргэлжлэх хугацаа хэр урт вэ. Ачаалалтай үед хамгийн ихдээ хэдэн тоглолттой байх уу?

- Зуны цагт өдөр бүр тоглолттой байдаг. Мөн өглөө 9 цагаас дасгал, бэлтгэлээ хийж, орой тоглолтдоо орно. Зарим үед 2-3 тоглолт давхцах үе бий. Төрийн бүхий л арга хэмжээнд Үндэсний урлагийн их театр байнга явж байдаг. Тухайлбал, наадам, төрийн томоохон айлчлал, ерөнхийлөгчийн айлчлал гэх мэт. Нэг бүжиг 3-8 минут, бүжгийн жүжгүүд 1 цаг 30 гаруй минут үргэлжилнэ. Тоглолт нэг, нэг номерын зайтай байвал гялс хувцсаа солиод дараагийн бүжиг рүүгээ орно. Бүжгийн жүжгийн гол дүрд тогловол бүүр их бэлтгэл сургуулилт шаардана. Зарим нэг томоохон концерттой үед нэг хүний арван бүжиг гэх мэт маш их ачаалалтай байх үе бас бий.


- “СУИС”-ын Бүжгийн урлагийн сургууль болон “Монгол улсын консерватури” ямар талаараа ялгаатай вэ?

Монгол улсын консерватури /Хөгжим бүжгийн сургууль саяхан шинэ нэрээ сольсон/ хүүхдүүд мэргэжлийн бүжгийн жүжигчин ямар байх ёстой тэр зааварчилгааны дагуу л бэлтгэгддэг. Тухайлбал 12 наснаас нь эхлээд бүх хичээлийг орно. Харин СУИС нь 12-р ангиа төгссөн, нас биед хүрсэн хүүхдүүдэд бүжгийн урлагийг заадгаараа өөр юм.

- “Хөгжим бүжгийн сургууль” ямар шалгуураар хүүхдүүдийг шалгаруулж авдаг вэ?

- Намайг анх “Хөгжим бүжгийн сургуульд” шалгуулж байхад бараг 300 гаруй хүүхэд дугаарлаж байсан. Нарийн шалгаж авдаг. Бага зэргийн эгэмний болон ясны гажигтай бол авдаггүй байсан. Харин одоо бүжигчний мэргэжилд шалгуулж байгаа хүүхдүүдийн тоо цөөрсөн хандлага ажиглагдаж байгаа. Манай ангийн хүүхэд Энхчимэг “Хөгжим бүжгийн коллеж”-ийн сонгодог бүжгийн ангийн багш юм. Түүний хэлж буйгаар жил ирэх тусам бүжгийн ангид шалгуулж байгаа хүүхдийн тоо эрс цөөрч байгаа гэсэн. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдийн тоо цөөрсөн гэж байна лээ.

- Ямар ямар тэмцээн уралдаанд оролцож байв?

- Үндэсний бүжгийн тэмцээн уралдаан их ховор болдог. Монголд дөрвөн жилд нэг удаа болдог АЖ.ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид багшийн нэрэмжит мэргэжлийн бүжгийн уралдаан хамгийн том нь. 2011 онд гуравдугаар уралдаанд нь гоцлол төрлөөр оролцож тусгай байр буюу дөрөвт орж байлаа. Энэхүү уралдаан нь санхүү мөнгөний хүрэлцээнээс болоод эрэгтэй, эмэгтэй төрлийн тэмцээнийг хамтад нь зохиодог. Эмэгтэй, эрэгтэй хүний потенциал ондоо байдаг. Тухайлбал, эрэгтэй бүжигчид илүү өндөрт үсэрдэг гэх мэт. Эхний гурван байранд эрэгтэй бүжигчид орсон. Харин би дөрөвдүгээр байранд эмэгтэйчүүдээ тэргүүлж нэгт орсон. 2016 онд зохиогдсон тус уралдаанд О.Ууганбаяр бүжиг дэглээч эгчийнхээ бүжгийг бүжиглэж оролцож байсан. Улмаар бүжиг дэглээч О.Ууганбаяр эгч маань хоёрдугаар байранд орсон. Мөн Өвөр Монголын Хөх хотод бүжгийн ОУ-ын тэмцээн жилд хоёр удаа болдог. Тус тэмцээнээс гранпри шагнал авч байсан. Хамгийн сүүлд оролцсон тэмцээн нь БНСУ-д зохиогдсон The 14th Seoul international dance competition  тэмцээн юм.

- Бүжигчид ер нь хэр удаан мэргэжлээрээ ажиллах боломжтой вэ. Мөн жингээ хэрхэн барьдаг вэ?

Бүжигчид 20 жил ажиллаад тэтгэвэрт гардаг. Одоо надад 7-8 жил бүжиглэх хугацаа үлдээд байна. Хүн болгоны бие физиологи өөр өөр. Жоохон идээд л таргалчихдаг хүмүүс байдаг. Харин миний хувьд тийм зүйл байхгүй. Идэж л байвал сайн байдаг.

- Өөрөө яг л 20 гарч байгаа юм шиг харагдаж байна?

- Энэ бол цэвэр мэргэжлийн минь л ач тус. Байнгын дасгал хөдөлгөөн хийх нь ач тустай.

- Монголын бүжгийн урлагийн хөгжлийг бусад улс орны бүжгийн урлагтай харьцуулбал?

- Аливаа нэг улс орны үндэсний бүжгийг өөр улс орны үндэсний бүжигтэй харьцуулшгүй. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой түүгээрээ ялгардаг.  Харин манай орны хувьд тайзны бүжиг нь техникийн хувьд илүү сайн хөгжих хэрэгтэй гэдгийг саяны тэмцээнээс ойлгосон. Сөүл хотноо зохиогдсон тэмцээний Хятадын оролцогчид дунд надаас 170 сантиметрээс намхан охин байгаагүй. Би одоо 29 хүрч байгаа. Гэтэл тэмцээний хамгийн ахмад нь би байх жишээтэй. Дандаа 26-аас доош насны хүүхдүүд оролцож байсан. Хятад Улсын бүжигчид мэргэжлээрээ 10 жил ажиллаад тэтгэвэрт гардаг. Учир нь Хятадын хүн ам олон. Тиймээс өрсөлдөөн ихтэй учраас Хэчнээн мундаг бүжигчин байсан ч 10 жил болсон л бол зайгаа тавьж, дараагийн хүн гардаг журамтай. Гэхдээ 10 жил ажиллаад тэтгэвэрт гарч байгаа бүжигчний хувьд амьдрал нь баталгаатай байдаг. Тухайлбал, ажиллаж байх хугацаандаа авч байсан бүжигчний нь цалингийн хамгийн дээд хэмжээгээр нь цалинг нь бодож насан туршид олгодог. Хятад бүжигчид маш сайн хангамжтай байдаг. Ихэнх нь 29,30 настайдаа тэтгэвэрт гардаг. Тухайлбал, Хятадын алдартай жүжигчин Гейшагийн дурсамж киноны гол дүрийн эмэгтэй Жан Жүиг нь Хятадын бүжгийн академийн төгсөгч. Түүний сургуульд сурч байсан тухай ярилцлагыг нь сонсож байсан. Тус сургууль эхний нэг хоёр жилд “ушу”-гийн техникийг хийж чадахгүй байгаа сурагчдаа хайр найргүй хасдаг гэсэн. Хасагдахгүйн тулд шөнийн 12 цаг хүртэл зааландаа бэлтгэл хийдэг байсан тухайгаа жүжигчин бүсгүй ярьсан байсан. Монгол Улсын Үндэсний Урлагийн их театртай адил Хятад ч гэсэн үндэсний театр бий. Тухайн сургуулийн шигшигдсэн төгсөгчид нь дахин шигшигдэж үндэснийхээ их театрт ажиллах эрхтэй болдог юм билээ. Тайзны төрлийн бүжгээр бол Хятад улс тэргүүлдэг. Мөн Солонгосын үндэсний урлагийн их театрын бүжигчид нь бусад мэргэжлийн цалингийн хамгийн дээд хэмжээг нь авах ба үндэснийхээ урлагийн театрт орж чадвал насан туршийн амьдрал баталгаатай болдог. Бусад улс орнууд яагаад бүжигчдээ өндрөөр үнэлдэг вэ гэхээр үндэсний урлагаа  хайрлаж хамгаалах бодлоготой нь салшгүй холбоотой юм. Гэтэл Монголд эсрэгээрээ. Тулсан арга хэмжээний үеэр л биднийг санадаг гэхэд хилсдэхгүй.

- Гадаадын улс орнууд бүжигчдийнхээ хангамжид маш сайн анхаарал хандуулж байна. Тэгвэл Монголын орчин нөхцөл хэр вэ?

- Бүжигчид төрийн албан хаагчдын цалинтай ижил цалин авна. Харин тэтгэвэрт гарахдаа энгийн тэтгэврээс хамаагүй бага үнэлэгддэг. Аливаа улсын хүмүүсийн хөгжлийг урлагийг хэр ойлгож, хүлээж авч байгаагаас нь харагддаг гэдэг. Манай улсын иргэд төдийлөн  театрт очоод урлагийн тоглолт үзээд байдаггүй. Тиймээс үнэлэгдэх үнэлэмж нь ч бага байна.

- Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?

- Тун удахгүй энэ оны есдүгээр сарын 20-оор Хөх Хотод болох Олон Улсын бүжигчдийн уралдаанд “бүсгүй хүний заяа” бүжгээрээ оролцоно. Бүжигчин болгон цаашдаа яах талаар бодох ёстой гэж боддог. Бид тэтгэвэртээ гарсны дараагаар юу хийх вэ гэдэг нь маш том асуудал. Учир нь дөнгөж 37, 38 настайдаа тэтгэвэрт гараад амьдралд хүрэлцэхгүй тэтгэврийн мөнгөөр амьдрах боломжгүй юм. Тиймээс цаашдаа яах вэ гэсэн төлөвлөгөөтэй байх ёстой гэж боддог. Энэ үүднээс давхар мэргэжил эзэмшсэн. МУИС-ийг Улс төр судлаач нийгмийн ухааны багш мэргэжлээр 2010 онд ажиллаж байх хугацаандаа төгссөн. Мөн удирдлагын академийг бизнесийн удирдлагын чиглэл, маркетингийн менежерээр 2016 онд магистр хамгаалсан. Миний мөрөөдөл Соёлын яаманд орох. Учир нь урлагийн тогоонд чанагдсан хүний хувьд өөрийн хувь нэмрээ урлагт оруулахыг хүсдэг. 



Ярилцсан: Б.Янжиндулам

Эх сурвалж: zindaa.mn

Зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.80) 2017 оны 09 сарын 15

Saihan busgui yumaa. Amjilt

0  |  0
.(212.253.231.167) 2017 оны 09 сарын 12

Goe emegtei yum aa.bvr ih amjilt hvsie

0  |  0
Zochin(27.123.214.110) 2017 оны 09 сарын 11

Amjilt husey.mundag bujigchin shu

0  |  0
zochin(66.181.186.143) 2017 оны 09 сарын 11

Nomin duugeeree baharhdag shuu. Manai ih teatriin bujigchdiin ajliin achaalal ih, tsalin muu. Manaid bujigchin hun hul yumuu nuruu ni gemtlee gehed gudmand laaz oshigloh ireedui tosdog. Getel hyatadiin ovormongol bujigchin zaluugiin nuruu gemtehed hotiin chuulga ni tonmeistereer surgaad ajilluulchihaj bh jisheetei. Huuhed toruulsen, targalsan bujigchdee nomin sanch, bujgiin bagshaar ajilluulj soyoliin yam dotroo asuudliig shiidej bgaag bi harsan.

0  |  0
ZOCHIN (202.179.31.147) 2017 оны 09 сарын 11

bujigchidiig demjix xeregtei ardiin bujiogchid ter dundaA ULSDAA UNELEGDDEGGUI OLON ULSIIN TEMTSEEN URALDAAND OROLTSOOD TERGUUN BAIR AVAD IRXED ULSAAS SHAGNAL URAMSHIL XUULID ZAAGUI GEED OGT BDAGGUI TEGXED BALETIIN BUJIGCHID URALDAAND OROOD IRXED ULSAAS 4-5N JILIIN TSALINTAI TENTSEX MONGON URAMSHUULAL OLGODOGF XARITSANGUI UNELGEE MONGOLM ARDIIN URALGAARAA L DELXIIJ TANIGDAJ BGAA GEDGIIG SANAX XEREGTEI MON ENE URALDAAND URID OMNO NI DUU BUJGIIN BORJIGIN CHUULGII BUJIGCHIN BX TSERERNJARGAL GEJ BUJIGCHIN TURUULEED IRJ BSAN TER XUNIIG XEN CH DURSDAGGUI JAAXAN SETGELTEI XANDMAAR YUM SHIG ULS TOR N

0  |  0
zochin(122.201.22.104) 2017 оны 09 сарын 11

Mundag bujigchin chuulga bol unendee busdaasa hol iluude tsalin uramshuulalin sisteme uurchilj aviystai ylangya bujigchid hugjimchin tsaling dor hayj 1 say 500 bolgoh hregtei duuchid yahve tertei tergui haltuurnii heden tugruguur tasrahgui nomind ih ireedui bii shu odnoogin draagin emegtei gaviyat bolooroi duu mnie

0  |  0
Top