Натали Портман: Хүмүүс миний шинэ дүрийг хараасай гэж тэсч ядаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

“Хар хун”, “Леон” зэрэг киногоор нь бидний сайн мэдэх жүжигчин, сүүлийн үед “Miss Dior”-ийн нүүр царай болж буй Натали Портман “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр “Miss Dior” үнэртнийг сурталчилсан богино хэмжээний кинонд тав дахь удаагаа тоглож байна. Натали алдартай үнэртнүүдийн нэгийнх нь нүүр царай болох ямар байгаа тухай, уран бүтээлийнхээ талаар, хайр дурлалын тухай илэн далангүй ярилцжээ.

-“Miss Dior” гэх богино кино нь гайхалтай хайрын түүхийг харуулдаг. Энэ удаад таны бүтээсэн дүр юу хийх вэ?

-Тэр өсч том болсон. Охин шийдэмгий, эрх чөлөөтэй нэгэн болно. Тэр хүчтэй, чин үнэнч, жинхэнэ хайрынхаа төлөө хуримнаасаа зугтаж байгаа ангийг нь та үзсэн байх. Харин шинэ ангид энэ мэдрэмжийнх нь бүхий л илэрхийлэл харагдана. Энхрий ялдам байдал, хүсэл, тэмцэл, сэтгэл хөдлөл гээд л. Энэ бүгдийг хүмүүс хараасай гэж тэсч ядаж байна.

-Та хоёрын хайрын тухай төсөөлөл адилхан уу?

-Би хуримнаасаа зугтаагүй шүү дээ /инээв/. Энэ тал дээр би илүү азтай. Хайр дурлалын харилцаандаа би эрх чөлөөгөө алдаагүй.

-Та энэ кинонууд дээр “Хайрынхаа төлөө та юунд бэлэн байна вэ” гэж асуудаг. Үүнийг өөрөөс тань эргүүлээд асууя...

-Хайрынхаа төлөө би хаашаа ч явна. Ертөнцийн хязгаар руу ч.

-Өөр шигээ ийм хүчтэй зан араншинтай хүмүүстэй уулзаж байв уу?

-Мэдэхгүй юм. Найзуудтайгаа би их тохироод байдаг юм. Магадгүй бид нар адилхан гэсэн үг байх.

-Та “Бид бүгдээрээ феминист байх ёстой” гэсэн бичигтэй Мария Грация Кьюригийн “Dior”-д зориулж хийсэн цуглуулганаас өмсчээ. Энэ хөдөлгөөнийг загварын ертөнц дэмжих ёстой гэж бодож байна уу?

-Одоо л дэмждэг цаг нь. Мария Грация бол ер бусын эмэгтэй. Тэрбээр шоугаар дамжуулан ямар ч санааг хүмүүст хүргэж болно гэдгийг сайн ойлгодог. “Fashion-феминизм” бол эмэгтэйчүүдийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэгтэй. Дандаа өндөр өсгийттэй яваад залхаж байна уу. Тэгвэл тайл л даа. Эвтэйхэн бөгөөд загварлаг, хөл тань өвдөлгүйгээр өдөржин ажлаа хийгээд гүйхэд туслах гутал зөндөө бий. Гэхдээ энэ нь гоё сайхан зүйлүүдээс зугт гэсэн үг биш. Зүгээр л тэдний гоо үзэсгэлэн бодит амьдралаас холдоогүй байх ёстой.

-Таны хувьд үлгэр жишээ авдаг төгс эмэгтэй хэн бэ?

-Магадгүй худлаа мэт сонсогдох байх. Тэр хүн бол миний ээж гэж хэлмээр байна. Ээж минь миний хувьд үлгэр жишээ байсан, байх ч болно.

-Танаас ч гэсэн олон хүн үлгэр жишээ авдаг. Амжилттай карьер, гайхалтай гэр бүл, хоёр сайхан хүүхэдтэй. Энэ бүгдэд хүрэхэд танд юу тусалсан бэ?

-Амьдралынхаа утга учрыг олж, хийж байгаа зүйлээсээ таашаал авахыг хичээдэг. Бүх зүйл сайхан байхад хүн олон зүйлд хүрнэ.

-Одоо ямар төсөлд оролцох вэ?

-Ойрын хугацаанд хэд хэдэн кино зэрэг гарна. Энэ өвөл “Annihilation” гарна. Түүнчлэн бид “Жон Ф.Донованы үхэл ба амьдрал” бүтээл дээр ажиллаж байна. Тэнд надад туслах дүр бий.

-Найруулагчийн ажлын туршлага байгаа байх. Кино хийхээр төлөвлөж байна уу?

-Үүнийг маш их хүсч байна. “A Tale of Love and Darkness” бол миний анхны найруулагчийн ажил. Дахиад кино хийнэ гэж бодож байгаа ч хэсэг хугацааны дараа болъё. Хүүхдүүд маань өсөг.

-“Dior”-ийн ордонтой хамтран ажиллаад юу сурсан бэ?

-Нэгдүгээрт, энэ хамтын ажиллагаа бол нэр төрийн хэрэг. Хоёрт загварын ертөнцийг дотроос нь харах сайхан байлаа. Ер бусын аялал хийсэн шүү. Сонирхолтой хүмүүстэй танилцсан. Тухайлбал, “Dior”-ийн үнэртэй ус хийдэг Франсуа Демаши. Тэр намайг Грасст уриад ер бусын үзэсгэлэнтэй цэцгийн талбай үзүүлсэн. Тэнд “Miss Dior”-т зориулж цэцэгс ургуулдаг юм билээ. Хэдхэн долоо хоног цэцэглэдэг тэдгээр цэцгийг үнэрийг нь арилгахгүйгээр цуглуулж авах, гайхалтай үнэртэн хийх жор үеэс үед дамжсаар байгааг мэдсэн.

-Тийм цэцэгсийн үнэр танд таалагдаж байна уу?

-Гэр минь ч бүхэлдээ цэцэг үнэртдэг. Нөхөр маань жинхэнэ цэцэрлэгч. Арын хаалганд мэлрэг цэцэг, шар цэцэг, розмарин сайхан үнэрээрээ агаарыг дүүргэн байдаг. Хүүхэд байхдаа би нэг удаа Израильд улбар шар моддын талбайд очсоноо санадаг юм. Тэнд цэцэгсийн үнэрээр амьсгалаад гайхалтай байсан. Бас хүүхдүүдийн минь үнэр гайхалтай. Миний хамгийн дуртай үнэр.

-Тэд одоо хоёр болсон. Бяцхан охиноо төрсний дараа хайрын тухай ойлголт тань өөр болов уу?

-Тэгсэн. Нэгэн удаа надад хэн нэгэн хайрыг хүн бусдад өглөө гээд юуг ч алддаггүй, харин ч илүү ихийг буцаан авдаг гэж хэлж байсан. Би хайрыг яг л эхийн сүү шиг гэмээр байна. Хүүхдээ хөхөөрөө хооллох тусам их сүү гараад байдаг тийм л гайхмаар зүйл дээ.

-Хайрыг хамгийн чухал зүйл гэж үздэг хүмүүс бий. Та юу гэж бодож байна, хайраас илүү зүйл байгаа юу?

-Хайраас илүү зүйл үү. Байхгүй ээ. Энэ мэдрэмж л дэлхий ертөнцийг бүтээж байна.


О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nnnnnnnnnn(202.70.46.208) 2017 оны 09 сарын 15

Evrei huuhen, ih uhaantai Harvard hurtel tugssun.

0  |  0
Top