Шуугиант нууц буюу одод яагаад 27-тойдоо нас нөгчдөг вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

Их Британийн авьяаслаг дуучин Эми Уайнхаус 27 насандаа бурхны оронд одсон билээ. Тэгвэл үнэмшилгүй хэдий ч сонирхолтой санагдаж болох нэг таамаглалыг хөгжим сонирхогчид хийсэн байна. Дуучин маань хөгжмийн ертөнцийн сод авьяастнууд багтдаг “27-тнуудын клуб”-т орж, мөнхийн залуугаараа үлдэхийн тулд ингэсэн байж магадгүй гэж тэд үзжээ. Энэхүү “27-тнуудын клуб” гэгчид багтдаг алдартнуудыг танилцуулья. Тэд урлагт өөр, өөрсдийн тод мөрөө үлдээсэн ч бүгд 27 насандаа мөнх бусыг үзүүлсэн байдаг юм.


 

Брайан Жонс. The Rolling Stones хамтлагийн үндэслэгч тэрбээр хөгжимд сод авьяастай шигээ хар тамхинд мөн донтдог байжээ. Түүний үндэслэсэн хамтлаг Битлзийн гол өрсөлдөгч болж дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай хамтлаг болсныг бид мэднэ. Харамсалтай нь Б.Жонс энэ бүхний зах зухаас нь амсаад л өнгөрсөн. Золгүй үхэл нь Брайан Жонсыг 27-тнуудын клубын анхны гишүүн болгосон юм. Түүний авьяас билгийг одоо ч бишрэн ярилцдаг. Тэрээр хамтлагтаа утсан /гитар, ситар/, даралтат /орган, төгөлдөр хуур/, үлээвэр /флейт, аман хуур/, болон бусад үндэсний хөгжмүүдээр хөгжимддөг байжээ. Гэхдээ алдар нэрийг даах сэтгэлийн тэнхээ байгаагүй юм. Аялан тоглолт, алдар нэр, мөнгө, эсрэг хүйстнүүдийн өдөөн хатгалга эцэст нь түүнийг хар тамхинд оруулсан билээ. 1969 оны долдугаар сарын 3-ны шөнө дунд түүнийг Хартфильд дэх гэрийнхээ усан санд живсэн байхыг нь олсон юм. Задлан шинжилгээний дүн түүнийг архи, хар тамхи хэтрүүлэн хэрэглэснийг нотолсон бөгөөд үхлийг нь санамсаргүй тохиолдол гэж үзсэн юм.


Жим Хендрикс. Түүнийг сод авьяастан байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн бүх үеийн хамгийн шилдэг гитарчин гэсэн хэргэмийг хэн ч түүнтэй булаацалдаж зүрхлээгүй байна. Цахилгаан гитарын нөөц бололцоог шавхаж, шинэ шинэ дуугаралтыг тэр л анх гаргаж ирсэн билээ. Рокийн түүхэнд арилшгүй мөр үлдээсэн домогт гитарчин 1970 онд нойрны эм хэтрүүлэн хэрэглэснээс дотор эрхтнээрээ бөөлжиж нас баржээ. Түүнийг клубын хоёр дахь гишүүн гэж тооцдог.


Жим Моррисон. Рок хөгжмийн түүхэнд тодорсон шилдэг дуучдын нэг. Rolling Stone сэтгүүл түүнийг бүх үеийн түүхэн дэх шилдэг 100 дуучны нэгээр нэрлэсэн байдаг юм. Харамсалтай нь тэр 27-тнуудын клубын гишүүн болсон. Албан ёсны бус мэдээллээр, Ж.Моррисон Дарис хотод 1971 оны долдугаар сарын 3-нд нас барсан гэдэг. Хувь заяаны тоглоомоор ч гэх үү, түүний үхэл Б.Жонсынхоос яг нэг жилийн өмнө тохиосон.       


Женис Жоплин. Ганцхан цомог гаргаад л од болсон тэрээр дөрөвхөн цомог гаргаад л алдар хүндийн оргилд гарч бас ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хувьтай байжээ. Түүний дуу хоолойг сонссон ямар ч хүний сэтгэл хөдөлдөг гэдэг. 1970 оны аравдугаар сарын 4-нд тэрбээр Sunset Sound Studios-т ирсэнгүй.  Түүнийг Лос-Анжелесийн  Landmark Hotel-ын 105 тоотод байгааг илрүүлсэн бөгөөд тусгай үйлчилгээнийхнийг дуудуулж байж хаалгыг нь эвдүүлж ороход дуучин богино өмдтэйгөө хоёр орны дунд хэвтэж байсан гэдэг. Түүний уруул дээр цус байсан бөгөөд хамар нь гэмтсэн байсан аж. Харин тас атгасан гараас нь дөрвөн доллар 50 цент гарч иржээ.


Курт Кобейн. Амьд хөгжмийн түүхэнд нэрээ мөнхөлсөн домогт дуучин Курт Кобейн 1994 онд өөрийгөө буудаж, амиа хорлосон билээ. Гэхдээ энэ нь одоог хүртэл баттай баримт биш хэвээр байгаа. Тэр мөн л 27 настай байжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top