Шинээр батлагдсан хуулийн талаар сургалт явуулав

2017 оны 09 сарын 16

ЗХЖШ, Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт судалгааны төв хамтран ЗХЖШ, ХЗЦК, АЦК, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын захирагч, штабын дарга, хуулийн зөвлөхүүдэд шинээр батлагдсан хуулийн талаар сургалт зохион байгуулав.

Сургалтаар 2017 оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын даргын туслах, дүн шинжилгээ, хяналт-шалгалтын хэлтсийн дарга, доктор Б.Бат-Орших, докторант Г.Оюунболд нар мэдээлэл өглөө.

Мөн Прокурорын тухай хууль, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын бүтэц, зорилго, чиг үүргийн талаар тус газрын Сургалт судалгааны төвийн сургагч багш, доктор П.Эрдэнэбат мэдээлэл хийж тус сургалтын төвийн сургалтын менежер, доктор Г.Ууганболор сургалт хэрхэн явагдаж байгаа, сургагч багш нарын мэдлэг, ур чадвар ямар байгаа талаар сургалтад хамрагдаж буй цэргийн алба хаагчдын дунд санал асуулга явуулж үнэлэлт дүгнэлт өгөв.

2002 оны есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуулийг нэлээд шоронжсон, гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрхийг зөрчсөн “Хар” хууль хэмээн ард түмний дунд шүүмжлэл дагуулаад байсныг бүхэлд нь өөрчлөн иргэн рүү чиглэсэн хууль болон батлагдсан, дээрх хуулиудыг цэргийн алба хаагчдад судлуулсанаар албан ажилдаа мөрдлөг болгон ажиллах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд эрхээ хамгаалах талаар ойлголт өгсөн үр дүнтэй сургалт болов. Цаашид энэхүү сургалтыг цэргийн анги, салбар бүрт хүрч явуулахыг зорьж, Улсын Ерөнхий Прокурорын газарт хүсэлт гаргаад байгаа тухай холбогдох албаныхан мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top