Монгол Улсын харилцан үнэлгээний тайланг авч хэлэлцэв

2017 оны 09 сарын 16

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ази-Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын 20 дахь удаагийн жилийн хурал Шри-Ланка улсын нийслэл Коломбо хотноо 2017 оны 7 дугаар сарын 17-21-ны хооронд болов. Тус хуралд 450 орчим зочид, төлөөлөгчид оролцсон байна.

APG байгууллагыг анх 1997 онд 13 улсын санаачилгаар Тайланд улсын Бангкок хотноо үүсгэн байгуулжээ. APG нь өөрийн гишүүн орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх ФАТФ-ын 40 зөвлөмжийг хэрэгжүүлж буй байдалд хяналт тавидаг байна. APG нь Номхон далайн арлын улс орнуудаас авахуулаад АНУ, Хятад, Япон, Энэтхэг зэрэг дэлхийн хамгийн том эдийн засагтай улс орнуудыг эгнээндээ багтаадаг ажээ.

Коломбо хотноо болсон жилийн хуралд гишүүн орнуудаас гадна ФАТФ, ОУВС, Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ), НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Азийн хөгжлийн банк (АХБ), Санхүүгийн тагнуулын албадыг нэгтгэдэг Эгмонт групп зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

ФАТФ-аас 2012 онд шинэчлэн баталсан 40 зөвлөмжийн хэрэгжилтийг шалгахдаа APG нь харилцан үнэлгээ гэх үйл явцаар дамжуулан тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой хугацааны давтамжтай, тогтмол үнэлж хянадаг байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй хөрөнгө орлогыг битүүмжлэх, хураах үйл ажиллагааг олон улсын түвшинд гүйцэтгэх, уялдуулах эцсийн зорилготой юм.

APG нь харилцан үнэлгээг гүйцэтгэхээс гадна техник туслалцаа үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах замаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг хандлага, арга барилд гарч буй өөрчлөлтийг гишүүн орнуудад танилцуулахыг зорьдог. APG нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд шаардлагатай үндэсний зохицуулалтын механизмыг бий болгоход мөн дэмжлэг үзүүлдэг ажээ. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх хоёр дахь удаагийн харилцан үнэлгээ 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд үргэлжлэн хийгдлээ. Энэ удаагийн харилцан үнэлгээ нь ФАТФ-аас шинэчлэн баталсан 40 зөвлөмжийн дагуу, шинэчлэгдсэн аргачлалаар явагдсан буюу харилцан үнэлгээгээр ФАТФ-ын зөвлөмжийн техникийн хэрэгжилт (хууль, эрх зүй болон үйл ажиллагааны тогтолцоо)-эд төдийгүй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтогтолцооны үр дүнтэй байдалд үнэлгээ хийгдснээрээ онцлог байв.

Коломбо хотноо зохиогдсон APG-н 20 дахь удаагийн жилийн хурлаар Монгол Улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцлээ. Хурлын үеэр Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо эрс сайжруулах шаардлагатай байгааг онцолж дараахь хэд хэдэн чиглэлээр зөвлөмж өгөвҮүнд:

  • Эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлэх;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үндэсний зохицуулалтын механизмыг бий болгон хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай иж бүрэн, нарийвчилсан статистик мэдээллийн санг бий болгож баяжуулах;
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт эцсийн өмчлөгчийн талаар түргэн шуурхай, үнэн зөв мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлэх зэрэг болно.

Харилцан үнэлгээний тайланд Монгол Улс сайжруулах шаардлагатай зүйлс нэлээдгүй байгааг дурдсан байна. Ингээд харилцан үнэлгээний тайлангийн мөрөөр авсан арга хэмжээнүүдээ Монгол Улс 2018 оны 10 дугаар сард тайлагнахаар тогтсон байна.

Монгол Улс харилцан үнэлгээний асуудалд өндөр ач холбогдол өгч, Ерөнхий сайдын захирамжаар 15 яам, агентлагийн дэд сайд, дэд дарга нар бүхий Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийг 2017 оны 4 дүгээр сард байгуулан ажилуулж байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat uul(122.201.22.50) 2017 оны 09 сарын 16

BAYNZURH SONGINO HAIRHANTAI JISH BAGA HUNTEI

0  |  0
Top