“Сисмекс” корпорацитай хамтран ажиллах гэрээг 3 жилээр сунгалаа

2017 оны 09 сарын 16

ЭМЯ, Япон улсын Сисмекс корпораци 2008 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Монгол улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх” чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүнээс хойш 9 жилийн хугацаанд 3 сард ХӨСҮТ болон ЦССТ-ийн чанарын баталгаажилтын лабораториудад өндөр мэдрэг чанар бүхий иммунологийн бүрэн автомат анализатор HISCL-800-г тус тус буцалтгүй тусламжаар суурилуулан, ЭМЯ-ны удирдлага дор мэргэжлийн багийн дэмжлэгтэйгээр цусны ерөнхий шинжилгээний 18 дахь удаа, биохимийн 12 удаа, цусаар дамжих халдварын 2 удаагийн  чанарын гадаад үнэлгээг амжилттай хийгдээд байна.

Ийнхүү /2017.09.15/ 2 тал уулзаж үр дүн, ололт амжилтууд ярилцан, цаашид хийх ажлуудын талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээг дахин 3 жилээр сунгалаа.

 Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ: 9 жилийн турш Монгол улсын эрүүл мэндийн салбарын найдвартай түнш байсан та бүхний хөдөлмөрт талархаж байна. ЭМЯ, Сисмекс корпорацитай хамтран нийт лабораторийн эмч, мэргэжилтний дунд олон улсын сургалт семинар зохион байгуулан чанарын гадаад үнэлгээний дүн, тайланг тавьж, хяналтад оролцогсдод гэрчилгээ, үнэлгээний хуудас, тайлангийн номыг хүргүүлж ирсэн. Үүний зэрэгцээ Сисмекс корпораци нь лабораторийн эмч нарын хүсэлтээр тэдэнд тулгамдаж буй сэдвээр,лабораторийн чанарыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн чанартай шинжилгээ хийх талаар Японы нэр хүндтэй профессоруудыг урьж сургалт явуулж байгаа нь энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа бидэнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт болж байгаа төдийгүй, манай лабораториудын чадамж болон лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулахад ихээхэн түлхэц өгч байна гэлээ.

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top