Айл ухаад зугтаж явах замдаа баригджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн Д-ийн гэрт энэ сарын 12-ны өдөр хулгай орж, их хэмжээний эд зүйл авсныг Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллсаны хүчинд илрүүлжээ.
Гучин-Ус сумын  нэгдүгээр багийн иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Арвайхээр сумын есдүгээр багийн иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй Б нар дээрх айлаас гурван ширхэг мөнгөн аяга, нэг мөнгөн бүс, мөнгөн хэрэглэл бүхий эмээл, “huosung” маркийн мотоцикль зэргийг хулгайлсан байна.
Уг хэргийг хил залгаа сумдуудын хэсгийн төлөөлөгч, хяналтын постуудад нэн даруй мэдэгдсэнээр Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Тарны постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн, цагдаагийн дэслэгч Б.Баасансүрэн, цагдаагийн дэд ахлагч Бо.Мягмарсүрэн нар сэжигтнүүдийг илрүүлжээ. Тэд дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн хүн, ачаа тээшинд үзлэг шалгалтыг зохион байгуулсан бөгөөд сэжигтнүүдийн биеэс алдагдсан эд зүйлс олдсоноор саатуулжээ. Тэд хулгайлсан мотоциклио Хужирт сумаас 130 км зайтай хөдөө хээр нуугаад замын унаанд суун Улаанбаатар хот руу явж байсныг тийн илрүүлж холбогдох албанд шилжүүлээд байгаа юм.
Энэхүү хулгайн хэрэгт холбогдогч Б нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлж цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан аж. Тиймээс иргэн бүр сонор сэрэмжтэй байж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top