П.Шүр-Эрдэнэ: Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 69,3 хувь нь гэртээ компьютер, гар утас тоглодог гэсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

XXI-р зуунд техник технологи асар хурдацтай хөгжиж байгаа билээ. Энэ нь нэг талаараа сайн боловч нөгөө талаараа ирээдүй болсон бяцхан үрсэд муугаар нөлөөлөх болоод байгаа. Сүүлийн үед хүүхдүүд дэлгэц, утасны  хамааралтай болж, компьютерын тоглоомд донтож эрүүл мэндээрээ хохирох болоод байгаа юм. Учир нь хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс байгаатай холбоотой. Бага насны хүүхдүүд чөлөөт цагаа ихэвчлэн сошиал орчинд болон зурагт, гар утас, компьютерын өмнө  өнгөрөөдөг гэдэг нь судалгаагаар батлагдсан байна. Ийнхүү чөлөөт цагаа өнгөрөөх хүүхдийн сэтгэн бодох чадвар, нүдний хараа, биеийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, хөдөлгөөнийг дутагдалд орох гол хүчин зүйл болдог байна.

Тэгвэл Монголын хөтлөгчийн холбооноос “Хүүхдээ дэлгэцнээс аваръя” аяныг өрнүүлээд байгаа аж. Тус аяны хүрээнд ЕБС-д сурдаг хүүхдүүдийн дунд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаа тухай судалгааг хийсэн байна.

Аяныг хэрэгжүүлэгч Монголын хөтлөгчийн холбооны гишүүн, зохиолч П.Шүр-Эрдэнэ “Аяны хүрээнд ЕБС-ийн бага анги болон сургуулийн өмнөх насны ахлах бүлгийн хүүхдүүдийн дунд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг тухай нь судалгаа хийсэн. Судалгаанд нийт 720 хүүхэд оролцсоноос 69,3 хувь нь гэртээ компьютер, гар утас тоглодог гэсэн. Үлдсэн 30,7 хувь нь бусад зүйлсийг хийдэг гэсэн юм. Энэхүү судалгаанаас үзэхэд хүүхдүүдийн чөлөөт цагийг яаралтай зөв боловсон өнгөрөөх шаардлага үүссэн гэж үзсэн. Тиймээс энэ аяныг зохион байгуулах болсон юм” гэлээ.

Тус аяны нь зорилго нь хүүхдийг дэлгэцийн биш номын нөхөр болгож, ном уншуулж, сонирхол хоббиг нь хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа аж.

Монголын хөтлөгчийн холбооны тэргүүн Б.Пүрэвсүх “ Энэхүү аян нь зөвхөн хүүхдийг ном уншдаг болгох бус, бусад авьяас чадварыг нээж, сонирхлыг нь хөгжүүлнэ. Үүний тулд хямдралтай үнээр дугуйлан секцүүдэд хамруулах болно. Мөн “адал явдалт зуна” хэмээх хүүхдийн цуврал зохиолыг бичиж хэвлэсэн. Номын зорилтот бүлэг нь 4-13 насны хүүхдүүд бөгөөд  компьютерын тоглоом маш ихээр тоглодог хүүхдийн тухай гарна. Энэ нь хүүхэд багачуудад зөв үлгэр дууриалал өгнө гэдэгт итгэж байна. Бид энэхүү аянаа үр дүн гартал нь үргэлжлүүлэх болно” гэлээ.

“Номын Соёлт Ертөнц”  ТББ-аас жил бүр Үндэсний номын баярыг зохион байгуулдаг юм. Энэ жил тус номын баярын 22 дахь жилийн ойн баярыг Монголын хөтлөгчийн холбоо хамтран зохион байгуулахаар болжээ. Үндэсний номын баяр нь Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 22,23-ны өдрүүдэд зохиогдох аж. Тус баяраар “Хүүхдээ дэлгэцнээс аваръя” аяны тухай танилцуулах ба эцэг эхчүүд хүүхэдтэйгээ очиж хямдралтай үнээр бяцхан үрсээ дугуйлан секцэд хамруулах боломжтой юм байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top