Байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1000 орчим хүүхэд суралцаж байна

2017 оны 09 сарын 21

Нийслэлд байгууллагын дэргэдэх цэцэрлэгүүд өнгөрсөн хичээлийн жилээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2017-2018 оны хичээлийн жилд нийт 8 байгууллага дэргэдээ 710 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай төрийн өмчийн цэцэрлэгийн  28  салбар бүлгийг нээн ажиллуулж, өнөөдрийн байдлаар  987  хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

2016-2017 оны хичээлийн жилд Гадаад харилцааны яам, МУБИС-ийн харьяа СӨБС, Тагнуулын Ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль дэргэдээ цэцэрлэг ажиллуулсан бол энэ жил Гэрлэх ёслолын ордон, Хан-Уул дүүргийн ЗДТГ, ТЭЦ-3 болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэмж дэргэдээ цэцэрлэгтэй болсноор 8 цэцэрлэгийн хүрээнд нийт 102  ажлын байр нэмэгджээ.

 

Өнөөдөр Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар удирдуулсан баг байгууллагын дэргэдэх цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тухайлбал, БЗД-ийн 32 дугаар цэцэрлэг өнгөрсөн жилээс эхлэн Хууль сахиулахын их сургуулийн дэргэд 7 бүлэг нээн ажиллуулж байгааг тус цэцэрлэгийн эрхлэгч танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийт 11 бүлэг, 50 гаруй багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 541 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Хууль сахиулахын их сургуулийн дэргэдэх бүлгүүдийг байгуулснаар анги дүүргэлтийн тоо буурч, хүүхдүүд сурч боловсрох болон багш нар ажиллах таатай нөхцөл давхар бүрджээ.

 

 

Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэгийн Гэрлэх ёслолын ордны дэргэдэх салбарт 25 хүүхэд суралцаж байна. Үүнээс 13 нь Гэрлэх ёслолын ордны ажилтнуудын хүүхэд, үлдсэн нь хамран сургах тойргийн хүүхдүүд аж. Өмнө нь хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй байсан эцэг эхчүүд одоо стандартад нийцсэн цэцэрлэгт хүүхдээ өгч, тайван ажиллах боломж бүрдсэн талаар тус ордны ажилтнууд ярьж байсан юм.

Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэлэхдээ “Төрийн болон хувийн байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулах хүсэлтээ ирүүлдэг. Үүний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж, стандарт хангасан байгууллагад зөвшөөрөл олгож байна. Цаашид ч стандартын шаардлагад нийцсэн цэцэрлэг байгуулах цэцэрлэгүүдийг хотын зүгээс дэмжинэ.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top