Зөвлөмжид ороогүй миний, таны санал

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

 Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд ард түмнээс нээлттэй санал авах ёстой. Гэвч Зөвлөлдөх санал асуулга тийм зарчмаар явагдаагүй билээ. Монгол Улсын иргэн хэн ч бай хуулийн өөрчлөлтөд санал өгөх эрх хангагдаагүй. УИХ-ын тогтоолын төслөөр батлагдсан зургаан сэдвийн хүрээнд л цөөн хэдэн хүнээс санал авч, УИХ-д зөвлөмж хүргүүлсэн. Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулъя гэдэг санал, санаачлага гаргах эрх надад, мөн танд олгоогүй нь тун учир дутагдалтай байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт “ Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гээд заачихсан. Монгол Улсын Их хурлын гишүүн, хууль батлах, бодлого тодорхойлох эрхэм 25 настай залуу байна гэдэг чамлалттай биш гэж үү. Яг 25 насандаа сонгогдохгүй ч 30 нас хүрээгүй залуу энэ парламентад ард түмний төлөөлөл болон сууж байна. Энэ нь түүний буруу биш ч, ажлын туршлага, амьдралынх нь хар ухааныг нь харсан ч хууль батлах хэмжээнд хүрч боловсорсон гэж хэлэхэд эртэднэ. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэсэн зүйр үг бий. Биеэ ч, гэрээ ч засч амжаагүй залуу хүнээр Монголын төр бодлогоо тодорхойлуулж байна. “Боловсролтой залуучууд чадна. Монголын ирээдүй” гэж сэтгэлийн хөөрлөөр бид үүнд хандаж ирсэн. Боловсролтой сайн залуучууд төрийн ажилд нухлагдаж, улсын хөгжилд хувь нэмрээ оруулах нь сайн хэрэг. Гэхдээ хууль баталж, улсын бодлого тодорхойлох хүн бол ажлын арвин их туршлагатай, мэргэшсэн, эрдэм боловсролтой, оюунлаг, ёс суртахууны өндөр хариуцлагатай эрхэм байвал зохино. Тийм учраас Монгол төрийн босго өндөр байх ёстой билээ. Түүнчлэн УИХ-ын гишүүнийг дан ганц насаар нь зааглах бус, харин ажлын туршлага, мэдлэг боловсрол, ёс суртахууны хэм хэмжээ зэрэг шаардлагуудыг ч бас харгалзан үзвэл зохилтой санагдана.

Хуулиар гэм буруутай нь тогтоогдсон, ял шийтгүүлсэн хугацаа нь дуусгавар болоогүй хүн парламентын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхгүй байхаар хуульчлах хэрэгтэй байна. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, ёс суртахуунгүй нэгэнд хууль батлах эрх өвөртлүүлнэ гэдэг байж боломгүй явдал юм. Энэ бол Үндсэн хуульд тусгах өөрчлөлтийн нэг санаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар тусгасан. Энэхүү зургаан жилээр сонгодог тогтолцоог УИХ, Засгийн газрын түвшинд ч нэвтрүүлэх хэрэгтэй билээ. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрыг зургаан жилээр томилсноор төрийн ажил илүү тогтвортой байх давуу тал ажиглагдаж байна. Одоогийн тогтолцоогоор Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ, орон нутгийн сонгуулиуд гээд монголчууд хоёр жил дараалан улс төрийн сонгуулиар амьсгалж байна. Иймд зургаан жилээр парламентыг ч, ерөнхийлөгчийг ч сонгодог байх юм бол ойр ойрхон сонгуульдаж улс төрждөг үзэгдэл багасна.

Төрийн бодлого одоогоосоо илүүтэй тогтвортой хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Нөгөө талдаа урт хугацаанд томилогдсон УИХ-ын гишүүнийг хариуцлага алдсан тохиолдолд эргүүлэн татдаг байх хэрэгтэй билээ. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай яригддаг ч дорвитой шийдэлд хүрч хуульд тусгасан юм алга. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг тодорхой үндэслэлүүдээр эргүүлэн татдаг байхаар хуульчилж болж байна. Энэ мэт Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах санал, ард түмний санал санаачлага олон байж таарна. Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлсэн Үндсэн хуультай байхын тулд тэдний саналыг заавал тусгах ёстой билээ. 

Т.Амартүвшин

2017.06 сар. Зиндаа сэтгүүл №5/505


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.67) 2017 оны 09 сарын 21

ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТДАГ ЗААЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА .

0  |  0
Top