1980-аад оны төлөөллөөс МАН-ын бага хурлын гишүүдэд захидал илгээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

Фэйсбүүкт маш олон төрлийн группүүд байх ба гишүүдийнхээ тооноос хамаараад том жижгээрээ ялгардаг юм. Тэгвэл “80-ААД ОНЫХОН” хэмээх нэгэн группд 10 мянга гаруй хүн байдаг аж. Тус группийн гишүүд болох 1980-аад оны төлөөлөл болсон хүмүүс МАН-ын бага хурлын 310 гишүүнд захидал илгээжээ. Захидал илгээх болсон шалтгаан нь тун удахгүй  МАН-ын бага хурал хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдыг сонгох гэж байгаатай холбоотой аж. Захидалд “Үйлчлэгч, цэвэрлэгчээр ажилд авах хүнийг ч тухайн ажлыг бүтээмжтэй хийж чадах эсэхэд нь шаардлага тавьж сонгодог. Үүнтэй адил улс төр, эдийн засаг гүн хямарсан, зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай эгзэгтэй чухал цаг үед Монгол улсын засгийн газрын тэргүүнээр ажиллах хүнийг сонгохдоо дараах таван шаардлагатай нийцүүлж үзэхийг хүсч байна” гэжээ. Ингээд дараах таван шаардлагыг танилцуулъя.


1. ХЯМРАЛААС ГАРГАЖ ЧАДАХ
Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлэх улсын 800-хан мянган айл өрхийг хангалуун сайхан амьдруулж, улс орноо хөгжүүлэх үүднээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлж, экспортын бүтээгдэхүүний бодлогыг өсгөх шаардлагатай байна. Уул уурхайн түүхий эдээ түүхийгээр нь хамгийн хямд үнээр зөөж дуусгахаас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгож өндөр үнээр экспортод гаргах шаардлага тулгарч байна. Үүнийг хийхэд бүхий л боломж нь нээлттэй бөгөөд зөвхөн сэтгэл дутсанаар өнөөдрийг хүрлээ. Монгол хүний чадамжийг ашиглан уул уурхайгаар биш, оюун ухааны хүчээр эдийн засгийг хөгжүүлэх боломжийг бий болгон Залуусыг хөхүүлэн дэмжиж, дэлхийн хөгжил, жишгийг даган оюуны экспорттой болох бодлогыг баримтлах.
Хөгжиж буй орнуудын түвшинд амбицтай сэтгэж том төслүүдийг эхлүүлж доройтсон улс орноо ХҮЧТЭЙ МОНГОЛ болгохын тулд шинээр сонгогдох Ерөнхий сайд “ЗОРИГТОЙ ШИНЭЧЛЭГЧ” хүн байх ёстой

2. ТӨРИЙН АЛБА НАЙМААЛЦДАГИЙГ ТАСЛАН ЗОГСООХ
Албан тушаалын наймааны уршгаар төрийн албаны ямар ч хүн харь элгийн мэт цэвдэг сэтгэлтэн болчихдог гаж хандлагатай болсон. Танилтай, мөнгөтэйг нь биш чадвартай, сэтгэлтэйг нь сонгож ажиллуулдаг болчихвол энэ төрд харь гаригийн хүн орсон ч Монгол хүний төлөө, Монголын төлөө тангарагтай ажиллах зөв тогтолцоотой байх юм. Харин албан тушаал мөнгөөр үнэлэгддэгээс болж хууль эрх мэдэлтний өмнө мохож, энгийн иргэдийн өмнө ирээ гаргадаг илд болсныг танай намын “60 ТЭРБУМ” бүлэглэл нотоллоо. Тэд төрийн албыг хууль бусаар эзэгнэж авахыг завдсан бичлэгээ эвлүүлэг хэмээн хуулийн байгууллагуудаар тайлбарлуулж хэргийг хаалаа. Эвлүүлэг нь үнэн бол төрийн өндөр албан тушаалтны нэр төрд халдсан, цаашлаад танай намын үнэ цэнэ, үзэл баримтлалд харшилсан Доржзодовыг гүтгэгчээр нь хариуцлага тооцох нь зүйтэй. Эвлүүлэг биш юм бол хууль иргэн бүрт ижил тэгш үйлчлэх ёстойг тунхаглаж төрийн албыг талх шиг зарсан эрхмүүдтэйгээ хариуцлага тооц. Энэ бүгдийг өөрчлөхийн тулд дараагийн Ерөнхий сайд “60 тэрбум” бүлэглэлийн хүүхэлдэй биш эх орон, ард түмнийхээ эрх ашгийг ямагт тэргүүнд тавих “ШУДАРГА” нэгэн байх ёстой. 

3. НАМАА ШИНЭЧИЛЖ ЧАДАХ
Төр удирдаж байгаа л бол танай намын дотоод асуудал бидэнд ч хамаатай! МАН-ыг олон жил ашиг сонирхол давамгайлсан бодлогоор удирдсан хүмүүс намаа мөнгөний хэрэгсэл болгодгийг нотолсон ноцтой баримтуудыг бид үзлээ. Өнөөдөр харцандаа шунал эргэлдүүлсэн тоглоомчдын читоон дүүрэн ширээ боллоо нам чинь. Халаасандаа нүгэл имэрсэн долоогчдын шүлс үсчсэн талбар боллоо энэ нам чинь. Тиймээс залуу нас, халуун амиа золин байж эх орон тусгаар тогтнолын төлөө асч үхсэн өвөг дээдсийнхээ өмнө очихдоо үнэний нүүртэй байхаа бодож шинэ Ерөнхий сайд энэ цаг үед бусад улс төрийн хүчнүүдэд үлгэр жишээ болж МОНГОЛ АРДЫН НАМ-аа зайлшгүй шинэчлэх “ЗАНГАРГА”-тай байх ёстой.

4. МАНАН-Г АРИЛГАЖ ЧАДАХ
Нам харгалзахгүй бүлэглэж, эрх ашгийнхаа төлөө ил далд хуйвалдсаар ирсэн хар хүчин, МАНАН бүлэглэлтэй тэмцэж чадах эр зоригтой нэгнийг бид хүсч байна. Тийм зоригтой хүн энэ зорилгынх нь өмнө хөндөлсөх бурхан чөтгөр хэн байсан ч хамаагүй шаардлагатай бол шанаа өгч чаддаг байх ёстой. Төрийн хоймор, түшмэлийн сэнтийд сандайлчхаад МАНАН-д хутгалдаж, өөрийн толгойгоор биш бүлэглэлийн эрх ашгаар асуудалд ханддаг утсан хүүхэлдэйг дахиж битгий сонгоорой. МАНАН хэмээх хар хүчний бүлэглэлийг ялж чадах “ТЭМЦЭГЧ”- ийг энэ цаг үеийн Ерөнхий сайдаар сонгоорой. 

5. ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ
Нийгмийн баялгийг хэдхэн гэр бүл монополдож, баялгийн тэгш хуваарилалт алдагдаж, эдийн засгийн хэвийн байдлыг алдагдуулсан билээ. Конценс нэрээр төрөөс мөнгө олборлож, тендер хэмээн төсвийн хөрөнгө уудалж, хөгжлийн банкийг цөлмөж, лиценз хураан наймаалцаж, офшорт мөнгө нуудаг эрх мэдэлтнүүдийн араас нэхэн бүгдийг нь ил болгож нам харгалзахгүйгээр хатуу хариуцлагын торонд аваачих нь зөв. Төр тоногсод хэт даварч ард түмнийг боол мэт үзэж, засгийн эрхийг урт хугацаагаар барих шуналдаа автан төрт улсаа ашиг сонирхлын угсаа залгамжилсан хуйвалдааны хэрэгсэл болгосноор ардчиллын түүхэнд анх удаа Монгол улс “Феодаль” давхаргатай боллоо. Дараагийн Ерөнхий сайдыг сонгохдоо Монголын жирийн ард түмний эрх ашгийг илүүд тавьж чинээлэг дундаж давхаргынхныг олон болгохын төлөө шийдэмгий ажиллах “ЭР ЗОРИГТОЙ, ЭХ ОРОНЧ” нэгнийг сонгоно гэдэгт гүнээ итгэж байна та нарт.

ТӨГСГӨЛ
Цөөхнөөс, цөөхөн Монголчууд сахилга батаа алдаж өдөр бүр, цаг тутам, хором мөч бүхэнд талцан цэцэрхэж суух зуур бидний ирээдүй ийм болон хүмүүжиж байна. Монгол хүний мөн чанар дор эвлэлдэж, нэгнээ хүндлэн хайрладаг болох сайхан цаг үеийг бид хүлээж байна. Нам харгалзахгүй эрх ашгаар сүлжилдсэн МАНАН бүлэглэлийн гар хөл дахин төр удирдахаас бид айж байна. Холыг харсан биш хоноцын сэтгэлээр ханддаг хүн дахиж засаг удирдахаас айж байна. Тийм учраас конценсдох, бонд босгож тараах, байгалийн баялаг ухах бодлогоос илүүтэй Монгол хүний хөгжилд ур ухаанаа зориулж ард түмнийхээ дунд нэвтэрч амьдралд ойр шийдлүүдийг гаргаж ажиллах “ЗОРИГТОЙ УДИРДАГЧ”-ийг энэ цаг үе хүлээж байна. 
Дараагийн Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар яригдаж байгаа юм байна. Тэдний хэн нь ийм шийдэмгий байж чадах вэ? Эс бөгөөс үүнд хэн нь ч тэнцэхгүй бол 100 жилийн түүхтэй хамгийн том улс төрийн хүчин болох танай намд шаардлага хангахуйц боловсон хүчин өөр байгаа гэдэгт итгэж байна. Улс төр, эдийн засаг гүн хямарсан чухал эгзэгтэй энэ цаг үед шинээр томилох Ерөнхий сайдыг сонгохын өмнө дээрх 5 шаардлагыг хангаж чадах “ЛИДЕР” мөн эсэх дээр та бүгд тунгаан бодно уу.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
50-иад оны төлөөлөл.(135.23.229.11) 2017 оны 09 сарын 21

90 онд төр төвтэй улс төрийн системийг тунхаглаад хэрэгжүүлж эхэлсэн. Түүнд нь итгээд зүтгэж явлаа. Нам зөв бодлого барьж чадаагүйгээс өнөөгийн байдалд хүрсэн. Намд мөнгөний томилгоо, сонгууль нэвтэрснээс энэ байдал үүссэн. Намын дүрэмд хүртэл намын сонгууль хүлээхэд хахууль өгдөг болгосон. Энэ бүхнийг үндсээр нь өөрчлөх шаардлагатай.

0  |  0
Хуучин хүү(135.23.229.11) 2017 оны 09 сарын 21

Зөв зүйтэй шаардлага байна. Намын шинэчлэл хийнэ гэж гарч ирсэн дарга нар хуйвалдаанаас тойрч чадаагүй. Урьд нь уг нь би болоё гэж биш, чи бол гэж намаас даалгаж намын зарчмаа барьж ажилладаг байсан юмсан. Намын дүрэм, төрийн хууль зөрчигчдөд хариуцлага тооцохгүй бол юм өөрчлөгдөхөд хэцүү л байх.

0  |  0
Top