Сонгуулийн тогтолцоо, намуудын төлөвшилд санаа зовох цаг ирсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 22

  Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгааг үгүйсгэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, Засгийн газрын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах, Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах зэрэг өөрчлөлтүүд хийгдэх бололтой. Гэхдээ шинжлэх ухааны судалгаа, нотолгоотойгоор авч үзэж, засвар хийх нь чухал билээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас гадна улс төрийн соёл, намуудын төлөвшил, сонгуулийн тогтолцоог төгөлдөршүүлэх шаардлага бий. Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийхгүйгээр улс төрийн тогтвортой байдал, хөгжлийн тухай ярих боломжгүй байна.

Нэгэнт нам тогтолцоотой төрийг өөрчлөхгүйгээс хойш, улс төрийн намуудын төлөвшлийг бий болгож чадах хариуцлагатай улс төрийн хүчнийг төрүүлэх хэрэгтэй билээ. Улс төрийн голлох хүчнүүд улс төрийн соёлтой, хариуцлагатай, улсаа хөгжүүлэх тууштай бодлоготой, авлига, албан тушаалын гэмт хэргээс хол хөндий байх шаардлага туйлын их байна. Улс төрийн намууд төлөвшихгүйгээр төрийн хариуцлагатай байдал, улсын хөгжлийн тухай ярих боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой юм. Иймд Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах онцгой шаардлагатай. Улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох, санхүүжилтийн асуудлыг ил тод болгохгүйгээр намуудын төлөвшлийн асуудлыг ярих боломжгүй. Мөн Сонгуулийн тухай хууль боловсронгуй болоод тогтвортой байх ёстой. Парламент дөрвөн жил тутам Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг, тогтворгүй сонгуулийн хуультай явж ирлээ. Энэ нь төрийн бодлогод нөлөөлж байна.

   Сонгуулийн мажоритар, пропорциональ тогтолцоог дөрвөн жилээр ээлжлэн сонгуульдаа ашигладаг, тогтворгүй сонгуулийн хуулийг халах цаг иржээ. Дэлхий нийт сонгуулийн пропорциональ зарчим руу орж байхад, манайх мажоритар, бүр жижиг мажоритар руу ухралт хийж байна. Жижиг мажоритар нь сонгуулийн хамгийн муу хувилбар билээ. Таван сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн, тус тойрогтоо л таалагдах ажлыг дөрвөн жил хийж байна. Сумандаа, цаашлаад аймагтаа л цэцэрлэг сургууль барихын төлөө ажилладаг Монгол Улсын Их хурлын гишүүнтэй байна гэдэг харамсалтай биш гэж үү. Угтаа УИХ-ын гишүүн бол улсын эдийн засгийг өсгөх, уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, зэргээр макро түвшинд сэтгэж ажиллах ёстой. Гэтэл сумын сургуулийн засвар үйлчилгээний асуудалд толгой гашилгаж явна гэдэг үнэхээр инээдэмтэй хэрэг билээ. Тэр бол сумын Засаг даргын л хийх ажил. Сонгуулийн муу хуулиас үүдэж ийм л зарчим руу явж байна.

Сонгуулийн тогтолцоо пропорциональ системд шилжихэд нөгөө талдаа, улс төрчид, улс төрийн намууд төлөвших шаардлагатай билээ. Улс төрийн намууд төлөвшихгүйгээр пропорциональ системд шилжих нь хөрөнгө мөнгөтэй, ашиг сонирхлын зөрчилтэй, оюунлаг бус хүмүүс хууль тогтоох байгууллагад төлөөлөл болон сонгогдсоор байх нөхцөлийг бүрдүүлэх магадлалтай юм. Иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас гадна Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгож, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлэх нь чухал байна.

 

 

 

 

 

 

Т.Амартүвшин

2017.06 сар. Зиндаа сэтгүүл №5/505

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.112) 2017 оны 09 сарын 22

Манайд томсгосон тойрогтой холимог систем нэн зохимжтой, жижиг можаритор бол хэзээ ч улс орны хөгжилд дэм болохгүй

0  |  0
Top