Хэнтийнхэн зээлийн эргэн төлөлтөд хангалтгүй дүн авчээ

Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид  энэ сарын 21-ний өдөр хуралдан, дөрвөн асуудал хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Тодруулбал ирэх оны есдүгээр сард “Хан Хэнтий чуулгын 35 жил, Мэргэжлийн урлагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Ардын дуу бүжгийн "Хан Хэнтий" чуулга нь Хэнтий аймгийн Соёлын ордон нэртэйгээр 1958 онд байгуулагдсан аж. Улмаар 1983 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилласаар ирэх жил ийнхүү 35 жилийн ойтойгоо золгож байгаа юм.

Төлөөлөгчдийн дараагийн хэлэлцсэн асуудал бол тус аймгийн Галшар, Өмнөдэлгэр сумдын Эрүүл мэндийн төв, Өлзийт тосгоны эмнэлгийн УАЗ-469 автомашинуудыг 4-5 сая төгрөгийн анхны үнээр нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулахыг ОНӨГ-т даалгаж, шийдвэрлэжээ.

Мөн нэр бүхий 23 иргэнийг төрийн дээд одон, медальд шагнуулахаар холбогдох журмын хүрээнд мэдүүлснийг хэлэлцэн, материал, тодорхойлолтыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэхээр тогтлоо.

Харин хамгийн сүүлд Улсын болон орон нутгийн төсвөөс зээл олгодог, эргэн төлөгддөг сумдын сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих сангийн 2014-2016 оны үйл ажиллагаанд хийсэн Төрийн аудитын газрын дүгнэлтийг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд, сумдад байгаа Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаагаас зээл олголт буурч найдваргүй авлага ихээр бий болсонд дүгнэлт хийж ажиллахыг санууллаа.

Ингэхдээ сумдын зээлийн зөвлөл тухайн төсөл, арга хэмжээний үнэлгээг үнэн бодит байдалд тулгуурлан, журмаар тогтоосон хэмжээнд нь олгох, журамд тусгагдсанаас бусад зардал, зориулалт бусаар зарцуулахгүй байхад анхаарах, сангаас олгосон зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн явцын мэдээ тайланд тогтмол хяналт тавьж, хяналтын ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ёстой гэв.

Мөн  холбогдох албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрээний хугацаа дууссан зээлийн авлагын үлдэгдлийг яаралтай хуулийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, цаашид иргэдэд ил тод нээлттэй байх, зайлшгүй шаардлагатай төсөлд зээл олгож байхыг аймаг, сумдын Засаг дарга болон сумдын зээлийн сангийн зөвлөлд тогтоолоор үүрэгжүүлсэн байна.
Л.Зул
www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )