“Оддын академи” шоуны хөтлөгч хэн бэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 22

Монголчуудын гэр бүлээрээ шимтэн  үзэх дуртай шоу нэвтрүүлгүүдийн тоонд  “Яг түүн шиг”, “Авьяаслаг Монголчууд, “Mongolia”s next top model”, “Зөн билгийн тулаан” зэрэг шоу нэвтрүүлэг зүй ёсоор орно. Эдгээр нэвтрүүлгүүдийг олны танил алдартай эрхмүүд хөтөлж үзэгчдэд хүргэдэг нийтлэг уламжлал тогтоод байна. Дэлхийн хэмжээний, үнэтэй контентуудын хөтлөгчдийг царай зүс, авьяас чадвар, нэр хүнд гээд бүх талыг нь харж сонгодог нь ойлгомжтой. Гэвч зарим нь үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг бол зарим нь арай хийж олж авсан нэр хүндээ шороотой хутгах нь ч бий.

“Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхтэйгээр хүргэсэн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хөтлөгч Э.Цолмонбаяр, Б.Болд

“Яг түүн шиг” шоуг хөгжилтэй, мэдрэмжтэй хөтлөгч Э.Цолмонбаяр, Б.Болд наргүйгээр төсөөлөх аргагүй. Шоу цацагдаж эхэлсэн цагаас хоёр хөтлөгчийг үзэгчид өхөөрдөн “Авгалдай” хүүхэлдэйн киноны дүрүүдтэй зүйрлэх болсон. Аргагүй өндөр, нам, өргөн, нарийн хоёр дэггүй авгалдайнуудтай адилхан харагдаж байгаа биз. Жүжигчин Э.Цолмонбаярын хувьд үзэгчдээс чадварлаг жүжигчин төдийгүй мэдрэмжтэй хөтлөгч гэсэн үнэлгээг авсан бол телевизийн салбарт авьяас чадвараараа тодрон гарсан хөтлөгч Б.Болдын хувьд дэлхийн хамгийн шилдэг лифтчин гэдэг магтаалыг телевиз үзэгчдээс авсан билээ. Тус шоуг хөтөлж эхэлснээс хойш хоёр хөтлөгчийн ханш нилээд өссөн сурагтай байсан шүү.

“Монгол HD” телевиз албан ёсны эрхтэйгээр хүргэсэн “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хөтлөгч Э.Ууганбаяр, Г.Анхбаяр

Бүсгүйчүүдийн харцыг булаасан телевизийн хөтлөгч залуучуудыг нэрлэ гэвэл хамгийн түрүүнд “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хөтлөгч Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар нэрлэгдэх нь ойлгомжтой. Гэвч телевизийн салбарыг өнгөлж яваа чадварлаг хөтлөгч залуус маань хоёулаа гэр бүлтэй болжээ. Э.Ууганбаярын хувьд мэргэжил нэгт Б.Уянга гэх бүсгүйтэй амьдралаа холбож хоёр хөөрхөн хүүгийн эцэг эх болсон. Харин Г.Анхбаяр 30 нас гартлаа ганц бие залуугийн амьдралаар амьдарсан. Сүүлийн үед түүнийг MCS группийн хүргэн болж намба суулаа гэсэн мэдээлэл сайтуудаар цацагдаад байгаа.  

“Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхтэйгээр хүргэсэн “Mongolia”s next top model” шоу нэвтрүүлгийн хөтлөгч Нора Дагва

“Next Top Model” шоу нэвтрүүлгийн хатан хаан, дэлхийн супер модель Тайра Бэнксийг Монголд хэн орлох нь үзэгчдийн сонирхлыг маш их татаж байсан. Мэдээж чадварлаг модель Норагаас өөр хэн түүнийг орлох билээ. Норагийн хувьд 17 наснаасаа эхлэн загварын салбарт хөл тавьсан бөгөөд Chanel, Hermès, Emillio Pucci, Max Mara зэрэг брэндүүдийн нүүр царай болж Сингапур, Токио, Нью-Йорк хотуудад болсон шоу, загварын долоо хоногт алхаж байсан туршлагатай модель юм. Модель хүн хөтлөгч хийж чадахгүй гэсэн хэвшмэл ойлголтыг Нора халж чадсан. Өдий хүртэл ганц бие гунхаж яваа модель бүсгүйг цахим хуудсандаа хэт задгай зургаа нийтэлдэг гэж олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Харин модель бүсгүй өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг гэдгээ илэрхийлсэн.  

NTV телевиз албан ёсны эрхтэйгээр хүргэсэн “Зөн билгийн тулаан” шоу нэвтрүүлгийн хөтлөгч О.Гэрэлсүх

 

NTV телевиз “Зөн билгийн тулаан Монголд” шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр хүргэсэн. Тус шоуны хөтлөгчөөр “Ларьдма” киногоороо олонд танигдсан жүжигчин О.Гэрэлсүх ажилласан билээ.

ОХУ-д хийгдсэн Битва Экстрасенсов” шоугаар бид бүхэн “Зөн билгийн тулаан” шоуг төсөөлдөг. Тэр хэрээр хүлээлттэй байсан нь мэдээж хэрэг. Гэвч энэ шоу төдий л олны анхаарлыг татаж чадалгүй тэгсхийгээд дууссан. Жүжигчин О.Гэрэлсүхийн хувьд харин муугүй хөтлөгч гэдгээ харуулаад авсан. 

Тэгвэл дараагийн дуулиант шоу нэвтрүүлгийг хөтөлж телевизийн салбарт од болон гялалзах хөтлөгч хэн байх вэ?

Монголын урлагийн ертөнц болоод телевизийн салбарт хамгийн их хүлээлттэй байгаа дараагийн шоу төсөл бол “Боловсрол суваг” телевизийн бэлтгэж буй “Оддын академи” шоу нэвтрүүлэг юм.

Тус нэвтрүүлгийг анх 2001 онд Франц, Испани улсууд хийж байсан бол одоогоор дэлхийн 50 орчим оронд албан ёсны эрхтэйгээр хийгдсэн байна. Бидний мэдэх хамгийн ойрын жишээ гэвэл тус шоу нь ОХУ-д “Фабрика звёзд” нэртэйгээр 2002-2011 оны хооронд 8 улирал амжилттай хийгдсэн. 

 

Тэгвэл шоу бизнесийн ертөнцөд шинэхэн одыг төрүүлэх “Оддын академи” шоу нэвтрүүлгийн хөтлөгч хэн байх вэ? гэсэн асуулт хариултаа хүлээж байна. Дээр дурдсан бусад шоу нэвтрүүлгийн жишгээр нэр хүндтэй олны танил нэгэн тус нэвтрүүлгийн хөтлөгч байх уу? эсвэл цоо шинэ телевизийн одыг төрүүлэх үү? гэдэг нь одоогоор нууц хэвээр байна. 

 



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрдэнэ сувд (66.181.181.58) 2017 оны 09 сарын 22

шинэ хүн оруулах хэрэгтэй ш дээ

0  |  0
Top