“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт хоёр өдөр үргэлжилнэ

2017 оны 09 сарын 22

 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт өнөөдөр (2017.09.22) эхэллээ. Дөрөв дэх удаагийн тус сургалтад өдөр тутмын 8 сонин, үндэсний хэмжээнд эфирээ цацдаг 11 телевиз, 18 сайтын эрэн сурвалжлах, хууль эрх зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр дагнан уран бүтээл туурвидаг 37 сэтгүүлч оролцож байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтыг нээж үг хэлэхдээ сургалтын зорилгыг шүүх ил тод, нээлттэй байх, сэтгүүлчдээр дамжуулж иргэдэд мэдээлэл хүргэх болон сэтгүүлчдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж тодотголоо. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж сургалтын ач холбогдлыг "Үр нөлөө, бүтээмж, хариуцлагыг дэлхий дахинд бүх салбар хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа. Энэ гурвыг бий болгоход мэдлэг чухал нөлөөтэй. Шүүх, хуулийн салбарын мэдээллийг ил тод, нээлттэй өгч байгаа нь та бүхнийг салбартаа үр нөлөө, бүтээмжтэй, хариуцлагатай ажиллахад туслаж байгаа хэлбэр юм” хэмээн дүгнэсэн юм.

Мөн тэрбээр Азийн сангаас хийсэн "Авлигын талаарх олон нийтийн ойлголт тогтоох судалгаа”-ны тайланг онцоллоо.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

Азийн сангаас 2006 оноос хойш авлигын талаарх олон нийтийн ойлголтыг судалж, тайлан гаргадаг. 2006-2014 оныг хүртэл авлигад хамгийн их өртдөг таван байгууллагад иргэд шүүхийг оруулж байсан бол 2015-2017 онуудад шүүх энэ жагсаалтаас гарчээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилд шүүх засаглалыг авлигаас ангижирсан гэж иргэд үзсэн байна. Шүүхийн шинэтгэл хэрэгжсэн 2015, 2016, 2017 онд авлигад автсан салбаруудын жагсаалтаас шүүх гарсан нь баримттай үр дүн гэдгийг ШЕЗ-ийн дарга онцоллоо. 

Тус сургалтад Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага, Шүүхийн тогтолцоо, Үндсэн хуулийн шүүхийн эзлэх байр суурь, онцлог, Шүүгчийн хараат бус байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинэчлэлт, Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, Зөрчлийн тухай хуулийн үндсэн зохицуулалт, Эрүүгийн хуулийн хэрэгжилт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт зэрэг сэдвүүдээр ШЕЗ-ийн дарга, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан, Монгол Улсын Гавьяат хуульч Б.Сарантуяа, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул нар хичээл заах юм.  

Сургалт маргааш үргэлжилнэ.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ 

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top