”Хөмүүлийн сорс” шилдгүүдийг түүчээлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25


Өмнөговь аймагт 13 дахь жилдээ зохион байгуулж буй "Малчны өдөр", "Говь фестиваль"-д энэ жил 13 сумын 200 орчим аж ахуй нэгж, малчин, иргэд оролцож, 80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Төрөл бүрийн цагаан идээ, жимс хүнсний ногоо, гар урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргахаас гадна цахилгаан бага зарцуулдаг, дулаан сайн барьдаг, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдол бүхий шинэлэг технологи-цахилгаан халаагуурын танилцуулга, мөн малчид иргэдэд нэн хэрэгцээтэй зөвлөмжүүдийг өгч байснаараа илүү үр өгөөж онцлогтой үйл ажиллагаа болжээ. 

Оролцогчдыг 12 номинацид шалгаруулсан бөгөөд Шилдгийн шилдэг гран при эзнээр,  "Хөмүүлийн сорс" шинэ брэнд бүтээгдэхүүнээрээ оролцсон Даланзадгад сумын "Өнөд өвлөх урлахуй" ХХК шалгарчээ. Хамгийн зохион байгуулалттай оролцсон нэгжээр Баяндалай сумын Гурван сайхан бүлэг, шилдэг оёдолчиноор Гурвантэс сумын Б.Мядагсүрэн, шилдэг гар урлалын бүтээлээр Баян-Овоо сумын Ц.Цолмон, шилдэг гэр ахуйн бүтээгдэхүүнээр Цогтцэций сумын С.Жаргал, хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Сэврэй сумын Сайншанд малчдын бүлгийн ээзгий олны талархал хүлээн шалгарсан байна.

 Мөн шилдэг хоршоо, бүлэг, нөхөрлөлөөр Манлай сумын "Мандах нар" бүлэг, хүнсний шилдэг сав баглаа боодлоор Даланзадгад сумын "Ганган арвай" талх нарийн боовны цех, шилдэг өрхийн үйлдвэрлэгч цагаан идээгээр Хүрмэн сумын И.Ургамал, шилдэг газар тариалан эрхлэгчээр Даланзадгад сумын А.Оюунтуяа, хамгийн зохион байгуулалттай оролцсон сумаар Даланзадгад сум, шилдэг маркетингтай нэгжээр Булган сумын "Анх сан" хоршоо тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top