Үерт нэрвэгдсэн 34 өрх Кувейт хотхонд төвхнөлөө

 

Баян-Өлгий аймагт 2016 оны  долдугаар сарын 10-ны өдөр хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас Өлгий сумын, IX багийн  360 айл үерт автаж орон гэргүй болсон. Үерийн гамшгаас хойш нэг жилийн хугацаанд Засгийн газрын тусламжаар 100 айл гэрт, Казахстан Улсын тусламжаар 50 айл Казахстан хорооллын байшинд орж, олон байгууллагын тусламжтайгаар зарим айл хоол хүнс, эд зүйлсийн туслалцаа авчээ. Өөрийн хөрөнгө мөнгөөр байшин барилгаа засварлаад орчихсон амьжиргааны боломжтой айл өрх ч цөөнгүй. Судалгаагаар 94 айл орон гэргүй үлдэж, хуучин янзаараа дусаал гоожиж, салхи нэвт сийгсэн нурах дөхсөн байшиндаа амьдарсаар байжээ. Монголын Улаан загалмай нийгэмлэг Кувейт Улсын Элчин сайдтай хамтран “Кувейт хотхон” төслийг хэрэгжүүлснээр 34 айл шинэхэн байшинд тав тухтай амьдрах орчин бүрджээ.

 

Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачлан Кувейтийн Элчин сайдын яамтай хамтран Баян-Өлгий аймгийнханд тусламжийн үзүүлэх ажлыг удаа дараа зохион байгуулсан. Сүм, тоглоомын талбай, ариун цэврийн байгууламж, халуун ус, 34 айлын байшин, өрхийн эмнэлэгтэй иж бүрэн хотхоны барилгын ажил дуусчээ. Аймгийн төвөөс зургаан км зайтай тус хотхоныг  өмнө нь хогийн цэг байсныг цэвэрлэж, газрыг нь тэгшитгээд 35 барилга барьсан байна.

Барилгын ажлыг нутгийн таван компани гүйцэтгэсэн. Баян-Өлгий аймгийн Засаг даргын хурлын танхимд Кувейт хотхоны нээлтийн арга хэмжээ болж,   Кувейт хотхонд амьдрах болсон 34 айлын иргэд, мөн нутгийн удирдлага, Монголын улаан загалмайн сайн дурын ажилчид, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд оролцжээ.

 Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Халип Яатийм Аль Фадлид “ 2016 оны долдугаар сард зуны амралтаа Кувейт Улсад өнгөрүүлж байхдаа нэгэн таагүй мэдээ дуулсан. Үерийн улмаас хохирсон айлуудад туслах хүсэлтийг гаргасан. Энэ асуудлын хүрээнд 48 мянган ам.долларын цахилгааны шугам сүлжээ, 12 мянган ам.долларын ундны усны таван гүний худаг барьж байгуулахад зориулж 60 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн.

 Энэ оны хоёрдугаар сард Элчин сайдын яам өвлийн бэлтгэл ажилд зориулж, хүнсний тусламжийг Кувейт Улсын сайн санааны зарим нийгэмлэг нийлж 81 мянган ам.долларын буцалтгүй тусламж хүргүүлсэн. Энэхүү Кувейт хотхоны төслийг 274 ам.доллараар хэрэгжүүлсэн” гэж ярилаа. Энэ үеэр зарим иргэний сэтгэгдлийг сонсов.  

 Өлгий сумын IX багийн оршин суугч Хохымын Сериктес 
-“Манайх ам бүл дөрвүүлээ,  ээж дүү нартайгаа хамт амьдардаг. Өнгөрсөн жил болсон үерээс болж гэр усанд автаж нурсан. Бид үнсэн блокоор барьсан зуны амбаарт амьдарч байсан болохоор үнэхээр хэцүү байсан. Кувейтийн буцалтгүй тусламжаар Монголын Улаан загалмай нийгэмлэгийн төслийн журмаар баригдсан Кувейт хотхоноос 9х5 хэмжээтэй цоо шинэ байшингийн түлхүүр гардан авлаа

Өлгий сумын IX багийн оршин суугч Т.Цэрмаа 
-“Үерийн үед үнэхээр хэцүү байсан. Байшин битүү усаар дүүрч, гадаа гараад гишгэх газар олдохгүй. Гал түлсэн ч гал үзэгдэхгүй, энд тэндээс шавар унаж, чийг үнэртээд, нурсан барилгууд дунд хэд хоносон. Би ихэнх малаа зараад мөнгөөр нь байшингаа засварлах гэсэн боловч засал авахгүй шавар нь эргэж нурж унаад байсан. Би өөрөө саальчин, хөдөө айлын үхэр саадаг, охин минь энэ жил анагаах ухааны сургуульд сурахаар болсон. Охиныгоо эргээд ирэхэд нь шинэ байшиндаа товхиноод галаа түлээд халуун дулаанаар угтах болсондоо баяртай байгаа” гэв.

Энэхүү төслийн хүрээнд бүтэн өнчин таван хүү, Хөдөлмөрийн баатар 90 настай буурал гэр оронгүй нэн ядуу хүмүүс шинэхэн байранд орж баяр хөөрөөр дүүрэн байлаа

Д.Заяа

www.zindaa.mn

Эх сурвалж: Улаанзагалмай нийгэмлэг

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )