Үр хөндөлтийн 160 шахам тохиодол бүртгэгджээ

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын статистик мэдээгээр 2015 оноос хойш энэ оны наймдугаар сар хүртэлх хугацаанд үр хөндөлтийн 160 шахам тохиолдол бүртгэгдсэн байна. Гэхдээ үүн дотор хууль бус үр хөндөлтийн тохиолдол гараагүй байна гэж МХГ- ын байцаагч Б. Үнэнцэцэг хэллээ.

Үр хөндөлтийн хууль бус тохиолдол гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо” хэмээх аян зохион байгуулж, энэ хугацаанд Үр хөндөлтийн тусламж үйлчилгээний стандарт, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан үр хөндөлтийг зохицуулах журмын хэрэгжилтэд хяналт хийсэн байна.
Урьдчилан сэргийлэх хяналтаар зөрчил илрээгүй. Өөрөөр хэлбэл, үр хөндөлтийн ажилбартай холбоотой заавар журмыг зөрчсөн ноцтой тохиолдол болон үр хөндөх ажилбарын явцад гарсан хүндрэл, хууль бус үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдээгүй. Мөн үр хөндөлтөд нөлөөлөх Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэгдээгүй болон хугацаа дууссан эм бэлдмэл эмийн сангуудад худалдаалагдсан тохиолдол илрээгүй байна.

Тоон мэдээнээс харахад, 2015 онд үр хөндөлтийн 100 гаруй тохиолдол Дундговь аймагт бүртгэгдсэн бол 2016 онд 120 гаруй болж өссөн. Энэ оны эхний найман сарын байдлаар 40 шахам тохиолдол байгаа бөгөөд үр хөндөлтийн нийт тохиолдлын 8.1 хувийг 17- 19 насны охидын үр хөндөлт эзэлж байна. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 81.7 хувь нь өөрөө ингэж хүссэн, 12 хувь нь ураг зулбасны улмаас, зургаан хувь нь эмч нарын зөвлөгөөний хурлаас шийдвэрлэж, эмнэлэгийн заалттайгаар үр хөндүүлжээ.  

Хяналтын явцад хэдийгээр зөрчил илрээгүй ч цаашид үр хөндөх ажилбарын эрүүл ахуйн шаардлагыг чангатгах хэрэгтэй гэж үзсэн байна. Хамгийн гол нь үр хөндөлтийг бууруулах, үүний тулд өсвөр насныхны хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж, тэдэнд эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох тал дээр хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Түүнчлэн эмэгтэйчүүдэд үр хөндөлтийн хор уршгийг ойлгуулж, аль болох үр хөндөлтөөс  татгалзах тал дээр  мэдлэг олгох хэрэгтэй байгааг МХГ- аас сануулжээ.

Энэ үүднээс тус байгууллагын эрүүл мэндийн улсын байцаагч нар өсвөр насны охидод үр хөндөлтийн хор уршгийг таниулах, хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замын өвчнөөс сэргийлэх талаар эрүүл мэндийн сургалт зохион байгуулж байна. Одоогоор 300 гаруй охид сургалтад хамрагджээ.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )