Отроор өвөлжиж, хаваржих тохиролцоо хийжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 27

 Мал аж ахуйн салбарын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах  зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 186 дугаар тогтоол, ХХААХҮ-ын сайдын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 05 тоот  албан даалгавар гаргаж сумдад хүргүүлжээ. Энэ онд 4137 малчин өрхийн 1.7 сая  орчим  толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөв гарсан байна.

Тус аймагт аймаг дундын отрын бүс нутаг байхгүй бөгөөд цаг хүндэрсэн үед өөр аймгийн нутагт гурван сумын зургаан өрхийн 5.1 мянган толгой мал, өөрийн аймгийн зэргэлдээ сумдын нутагт  найман сумын 84 өрхийн 51.8 мянган толгой мал,  хилийн зурваст таван сумын 93 өрхийн 103.2 мянган  толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нэг сумын 92 өрхийн 28.8 мянган толгой мал нийт 275 өрхийн 188.9 мянган толгой мал отроор  өвөлжиж хаваржих зохион байгуулалтыг сумдын Засаг дарга нар харилцан тохиролцоо хийж гэрээ байгуулсан аж.

 Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд  энэ оны бэлчээрийн төлөв байдал, ургац тодорхойлох ажлыг албаныхан хийснээр  14 сумын 53 багийн нутгийн 24 хувь нь зуншлага хэвийн, 37 хувь нь гандуу, 39 хувь нь гантай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ.
Аймгийн нийт нутгийн 53.1 хувь нь бэлчээрийн даац хүрэлцээтэй бөгөөд нөөцтэй 46.9 хувь нь даац 1-5 дахин хэтэрсэн. Даланжаргалан сумын Бичигт багаас бусад багийн нутаг, Замын-үүд сумдын нутаг бүхэлдээ, Дэлгэрэх сумын Цагаан хад, Аманшанд багийн нутгаар даац олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top