Ангараг дээр очсон хүмүүс юу идэх вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 27

Нарны аймгийн гаригуудаас дэлхийтэй хамгийн төстэй нь Марс буюу Ангараг. Хэдий дэлхийтэй хамгийн төстэй, хамгийн ойрхон нь ч гэлээ энэ гариг дээр одоогоор хүний мөр гараагүй байгаа. Гэсэн ч хүн төрөлхтөн ирээдүйд энэ гариг дээр амьдарна хэмээн төлөвлөж, бэлтгэлээ хангаад эхэлжээ. АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (НАСА) мэргэжилтнүүд Улаан нүдэн гариг дээр ургамал тарих нөхцөл, боломжийн талаар судалгаа хийж байна. Тэд хүнсний ургамал, тухайлбал төмсийг Ангараг гаригийн анхны оршин суугчдын хүнс байх боломжтой гэж үзэн, харь гаригийн хатуу ширүүн нөхцлийг дааж ургах чадвартай шинэ соорт гаргаж авахаар ажиллаж байгаа аж. Судалгааны багийн гишүүн Крис Маккей “Хэзээ нэгэн цагт Ангараг дээр хүн очиж таарна. Тэр үед тэдэнд идэх юм хэрэгтэй. Тэр нь төмс байх бүрэн боломжтой юм. Бид маш бага температур, хатуу ширүүн нөхцөлд ургадаг шинэ соорт гаргаж авч чадна гэж найдаж байгаа” хэмээн өгүүлжээ.  NASA дээрх төслийг Перугийн нийслэл Лимад төвтэй Олон улсын төмсний төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм байна. 

Төслийн багийнхан туршилтын талбайгаа Перугийн Пампас де ла Хойа гэдэг газарт байгуулжээ. Эндхийн уур амьсгал нь Ангараг гаригийнхтай хамгийн төстэй гэж үзсэн байна. Тэнд тэсвэр тэвчээр, ургах чадвараараа хамгийн сайн гэгдсэн сортоос сонголт хийж, 65 сортын төмс тариалчихаад ажиглаж байгаа аж. Энэ төслийг анхааралтай ажиглаж байгаа эрдэмтэд олон байхад шүүмжлэх нь нэг бус байна. Тухайлбал, Перугийн эрдэмтэн Уолтер Аморос “Энэ туршилтыг гадаа, задгай талбайд явуулаад амжилт олохгүй ээ. Тусгай бэлдсэн орчинд хийж байж л бодитой үр дүн гарна” хэмээн шүүмжилжээ. Харь гариг дээр очоод идэх боломжтой хүнсний ногоо ганц төмсөөр хязгаарлагдахгүй. NASA өмнө нь Lettuce буюу монголчуудын сайн мэдэх салат навчны тэсвэртэй төрлийг гаргаж авах туршилт явуулсан бөгөөд эдүгээ дэлхийн тойрог зам дахь Олон улсын сансрын баазад амжилттай ургуулан туршиж байгаа билээ.     

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(59.153.115.140) 2017 оны 09 сарын 27

HUVISALIIN ONOL HUDLAA YUM CHIN GADAA TARIH N ALDAA BOLOHGUI

0  |  0
Банзрагч(66.181.160.11) 2017 оны 09 сарын 27

Ангарага дээр очлоо гэхэд уух юм нь идэхээсээ өмнө хэрэгтэй дээ..эрдэмтэдээ..

0  |  0
Top