“TOURISM EXPO JAPAN 2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болов

2017 оны 09 сарын 30

Япон улсын Токио хотноо жил бүр зохион байгуулагддаг “TOURISM EXPO JAPAN 2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2017 оны 9-р сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Дэлхийд томоохонд тооцогдох тус үзэсгэлэнд энэ жил Япон улсын 47 муж, дэлхийн 130 гаруй улс орны төлөөлөл, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 1,310 байгууллага, компани оролцож, нийт 191,500 гаруй хүн үзэж сонирхсон байна. Үзэсгэлэнгийн үеэр нийт 6,886 гэрээ, контракт хийгдсэн бөгөөд өнгөрсөн оноос 2.5 дахин нэмэгдсэн дүн гарчээ.

Япон жуулчдын Монгол улсад аялах сонирхлыг нэмэгдүүлэх, зорчих тоог өсгөх, эдийн засагт үзүүлэх нөлөөг бий болгох зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ ХК, Бирга Тур ХХК, Цэцэг зочид буудал, Говь Тур ХХК, Айрис Турс ХХК, Жигүүр ХХК, Жуулчин ХХК, Летс Трэвел ХХК, Номадик Туризм аялал жуулчлалын агентлаг, Ялгуун брэнд хамтран энэ удаагийн үзэсгэлэнд эх орноо сурталчлан оролцов. Токио дахь Монголын ЭСЯ-наас үзэсгэлэнд оролцох бэлтгэл хангах, үзэсгэлэнгийн агуулгыг баяжуулах, япон иргэдэд сурталчлах, үзэсгэлэнгийн үеэрх ложистик ажлыг гүйцэтгэн дэмжиж ажиллав.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас /UNWTO/ 2017 оныг “Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан энэ жилийн олон улсын аялал жуулчлалын форумыг “Тогтвортой аялал жуулчлал” уриан дор зохион байгуулаж байна. БОАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэл тэргүүтэй монголын төлөөлөгчид олон улсын аялал жуулчлалын Экспогийн симпозиум, “Global Tourism” форумд оролцож, монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар японы аялал жуулчлалын төрийн байгууллага болон холбоо, нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж санал солилцов.

ТНБД Ц.Цэнгэл симпозиум, форумын үеэр Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд К.Иши, Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагын ерөнхийлөгч Р.Мацуяма /Japan National Tourism Organization-JNTO/, Японы аялал жуулчлалын нийгэмлэгийн тэргүүн Х.Тагава /Japan Association of Travel Agents-JATA/, Японы аялал жуулчлалыг хөгжүүлэх нийгэмлэгийн тэргүүн, гүйцэтгэх захирал Н.Ямагучи /Japan Travel and Tourism Association-JTTA/ нартай тус тус уулзаж, Японы Аялал жуулчлалын газрын дэд дарга Я.Каварабаяши-тай ажлын уулзалт хийв.

Хоёр орны холбогдох яамдын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар судлахаар тогтов.

Монгол улсын үзэсгэлэнгийн танхимын дизайныг монгол уламжлал, ёс заншил, нүүдэлчин ахуй, үндэсний хэв маягийг орчин үеийн өвөрмөц шийдэлтэй хослуулсан загвараар тохижуулж, үзэсгэлэнгийн үеэр Улаанбаатар чуулгын уран бүтээлчид монголын түүх, соёл, угсаатны өв уламжлалаа сурталчлан үндэсний урлагийн концертыг хүрэлцэн ирсэн зочдод толилуулав.

Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол улс өөрийн байр сууриа эзлэх, сурталчлан таниулах арга барил эзэмших, өрсөлдөх чадвараа сайжруулах, улмаар бодит үр дүнд хүрэх өндөр ач холбогдолтой юм.

Сүүлийн 10 жилийн байдлаар японы жуулчдын тоог хүснэгтээр харуулбал:

Япон улсаас Монгол улсад зочилсон жуулчдын тоо

Улс 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016
Япон 17.238 14.939 11.399 14.140 14.988 17.119 18.178 18.282 19.277 19.985

Токио дахь ЭСЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top