Хүүхдийн ирээдүй утаан дунд байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 02

 

 

 Нойтон цас хаялаж, өглөөний агаарыг тунгалагшуулсан сайхан өдөр угтав... Хотын гудмаар алхах хүмүүсийн сэтгэл санаа сайхан байгаа нь нүүрэнд нь илт тодорно. Намрын сар дундарч буйн дохио энэ өглөөний цас байлаа. Нийслэлийн иргэн миний сэтгэл амгалан өдрүүд ийнхүү шувтарч байх шиг. Утаа, бухимдлын уршиг хамар, тархинд цутгаж уушиг, цээжинд нэвчүүлэх өвөл гуай ирж яваагаа мэдэгдэж байгаа бололтой. Нийт хүн амын талаас илүү хувь нь нийслэлээ бараадаж, бөөнөөрөө утаа үйлдвэрлэж эхлээд олон оныг үдэв. Жил бүрийн намрын ар дээр утаа ярьж уушиг зүрхээ сагсалзуулаад бас заншчихаж. Өвөл дуусаж, хавар болмогц мартдаг уламжлал ч бас бий.   

 Утааны хор уршиг ихийг дээр доргүй, их багагүй мэдэх болов. Өвөл болоход хамгийн ихээр борлогддог амны хаалтны бизнес цэцэглэх тийшээ хандлаа. Гудамжинд энгийн цагт ч хорт хийн багтай явах нь жирийн үзэгдэл болох нь. Монголчуудын ирээдүй эрүүл мэндийн хувьд асар ихээр хохирч үлдэх дүр зураг бий болоод байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас өдөр бүр шахам анхааруулсаар... Тухайлбал тус байгууллагын тодорхойлсоноор Улаанбаатар хотын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс долоо дахин, Монгол улсын үндэсний стандартаас гурав дахин их байгааг сонссон ч дор бүрнээ бухимдахаас цаашгүй нийслэл хотдоо амьдарсаар байна.

 Утааны эсрэг янз бүрийн арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй хэвээр. Хааяа нэг мэдээлэхдээ "харагдах хэмжээ нь их ч хордуулах чадвар нь буусан" маягийн үлгэрийн үгээр хуурсаар... Агаарын бохирдлын нөлөө нялхаст маш сөрөг үр дагаврыг авчраад байгаа нь нууц биш. 2014 онд шиг санана 130 хүүхэд агаарын бохирдлын нөлөөгөөр нас барсан тухай сэтгэл хэрдхийлгэм тоо гарч байсан. Одоо бол түүнээс бүр өссөн. Өнөөдөр төрх эмнэлгүүд өдөр тутамдаа нэгэн эмгэнэлтэй зүйлтэй тулгараад байгаа нь ил болж байна. Тэр бол нярай хэвлийдээ бойжилтгүй болж өсөлт нь зогсож байгаа явдал юм.  Утааны хор уршиг агаарын бохирдолын үр нөлөө нярайн бойжилтонд сөрөг үр дагавар үзүүлж байгаагаас ийм эндэгдэл гарч байгаа гэнэ. Уушиг муутай, сул дорой, эрүүл мэндийн ямар нэг дутагдалтай хүүхдүүд утаан дунд өлгийдүүлсээр... Энэ бол утаанаас болж Монголын ирээдүй эрсдэх аюултай тулгарсаныг илтгэж буй явдал юм.

 

      Таван тэрбумыг энэ өвлийн утаа “иднэ”

 

2017 онд утааны эсрэг таван тэрбум төгрөг төсвөлсөн. Энэ мөнгө агаарыг бохирдуулагч эх үүсвэрийн төлөөлөгч аж ахуй нэгж, хувь хүний төлдөг албан татварын 20 хувь гэнэ. Тэд улсад 22 тэрбум төгрөгийг татаас өгдөг аж. Дийлэнх буюу бусад мөнгө утааны эсрэг зарцуулагдвал нийслэлийн иргэд хийн баг, маск зүүж ахуйн зарлаасаа хумслахгүй байх боломжтой гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Төсвөөс гаргах таван тэрбум төгрөгийн эхний 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг хөнгөлөхөд,

дараагийн 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад,

Удаах 400 сая төгрөгийг  зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад,

Үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаанд зарцуулахаар тусгажээ.

Хуулийн заалтаар бол агаарыг бохирдуулагч эх үүсвэрийн төлөөлөгч аж ахуй нэгж, хувь хүний албан татвар утааны эсрэг бүрэн зарцуулагдах ёстой аж. Агаар бохирдуулагч эх үүсвэр гэхээр та бүхэн гадарлаж буй биз. Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэд, түүхий нүүрс олборлогч, томоохон эх үүсвэр /Цахилгаан станцууд/, органик болон химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл хүссэн ААН-үүд уг төлбөрийг төлдөг хуультай юм байна. Ямартаа ч утааны уршиг зогсохгүй нь бололтой. Учир нь  утааг бууруулахад, 2017-2024 он хүртэл 9.5 их наяд төгрөг шаардлагатай гэх судалгаа хүртэл гаргажээ. Эндээс харахад утаа арилахгүй зүгээр л бууруулах зорилгыг түрүүчийн Засгийн газар тавьсан байна. Улсын хэмжээнд утааны эсрэг зарцуулах таван тэрбум нийслэлийн хэмжээнд 3.2 тэрбум төгрөгийг салхинд хийсгэхээр төсөвлөсөн  байна.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top