Альшаа, Баянхонгорын хамтын ажиллагаа өргөжинө

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

 Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг ӨМОЗО-ны Альшаа аймаг, Эзнээ хошуунд ажилласан байна. 

Эзнээ хошууны Намын хорооны дэд дарга Б.Мөнхөө болон бусад удирдлага, холбогдох албаныхан Баянхонгор аймгийн Засаг дарга, түүний ажлын хэсгийхнийг албан ёсоор хүлээж авч уулзах үеэрээ Баянхонгор аймагтай хамтын ажиллагаа, найрсаг харилцаагаа илүү өргөжүүлэх талаар ярилцсан байна. 

Энэ үеэр Далайн хөв хот, Баянхонгор сум хооронд 2015 онд байгуулж байсан санамж бичигт тусгагдсан зүйлсийг ажил хэрэг болгох, Цэхээ боомт – Гурван тэс- Баянлиг хооронд тавих хатуу хучилттай авто замын ажлыг яаравчлах, мал мах нийлүүлэх ажлыг идэвхжүүлэхээр болжээ. Мөн хот байгуулалт, ногоон байгууламжийнх нь  талаар туршлага судлах, Цэвэр хот зэрэг зарим ААН-үүдэд машин техник нийлүүлэх,  хулгайн дээрмийн сэдэл бүхий хэргүүдийг таслан зогсоох үүднээс 200.000 саяын өртөг бүхий хяналтын камерыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шийдэж өгөх зэрэг яриа хэлэлцээрүүдийг амжилттай хийсэн байна.

Эзнээ хошуунаас албан ажлаа амжилттай эхлүүлсэн Баянхонгор аймгийн зочид төлөөлөгчдийг Альшаа аймгийн Засаг дарга хүлээн авч уулзан хоёр улс, хоёр аймгийн хамтын ажиллагааг бүх тал дээр дэмжин ажиллаж, олон талын итгэлцэл, найрсаг харилцааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн. Альшаа аймгийн дэд дарга ноён Ван вэй дүн-тэй Баянхонгор аймгийн Засаг дарга албан ёсны уулзалт хэлэлцээр хийсний дараа 6 төрлийн зүйл бүхий албан ёсны санамж бичиг байгуулж, талууд гарын үсэг зурцгаав. 

Санамж бичигт, Баянхонгор аймаг Альшаа аймагтай мал мах болон малын гаралтай түүхий эд нийлүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Цэхэ боомтоос Шинэжинст хүртэл тавих замын ажлыг эхлүүлэх, барилга байгууламж, ногоон байгууламжийн мэргэжилтэн нарыг аймагт авч ажиллуулах зэрэг орон нутагт нэн хэрэгцээтэй байгаа хэд хэдэн ажлууд багтсан ба ХАА, МАА, хот тохижилтын чиглэлээр хийгдэх томоохон ажлын  эхлэл ийнхүү тавигдлаа.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top