О.Сэлэнгэ: Боловсролд оруулсан хоёр доллар ирээдүйд 200 доллар болдог

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

Багш нар цалин нэмүүлэх хүсэлтээ илэрхийлэн  “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-г байгуулсан юм. Улмаар засгийн газарт цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Тиймээс энэ оны есдүгээр сарын 21, 26-нд багш нар улс орон даяар ажил хаялт зарласан. Гэвч засгийн газраас дорвитой хариу өгөхгүй байсаар байгаа юм. Улмаар багш нар хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ тухай Эцэг эхчүүд болон "сурагчдын холбоо"-ны байр суурийг хүргэе.

 Багш нарын цалин нэмэх асуудлыг дэмжиж байгаа боловч, хугацаагүй ажил хаялтыг хүлээн зөвшөөрөхгүй 

"Сурагчдын холбоо"-ны тэргүүн О.Сэлэнгэ “Багш нарын ажил хаялтын  асуудал нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Бидний хувьд багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлыг дэмжих нь зөв гэж үзэж байгаа. Энэ бол олон жил яригдаж байгаа боловсролын салбарыг үнэлэх үнэлгээний асуудал. Тухайн улс орны боловсрол олгох систем нь хэр өндөр түвшинд байгааг мэдэхийг хүсвэл боловсролынх нь үнэлгээг хар гэдэг.  Анх ажилд орж байгаа багш 400 мянган төгрөгийн цалин авна гэдэг Монголын боловсролын үнэлгээ хэр доогуур байгааг харуулж байна. Нөгөө талаасаа лизингдээ санаа зовсон багш нар хүүхдүүдэд яаж боловсрол олгох вэ. Төр засаг өнөөдөр зоригтой шийдвэр гаргаж, багш нарын цалинг хүссэн хэмжээнд нь нэмдэггүй юмаа гэхэд алхам алхмаар нь нэмэх хэрэгтэй. Бусад улс оронд багш нарыг өндрөөр үнэлдэг. Японд гэхэд бага ангийн багшийн цалин 1500-2000 доллар байдаг. Боломжийн цалин авснаар багш нарын олон улсад өрсөлдөх чадвар өсдөг. Мөн тухайн хүүхэдтэй харьцах багшийн хандлага ч өөрчлөгдөнө. Өнөөдөр багш нарын гэлтгүй нийгмийн ажилтны асуудлыг хөндөх хэрэгтэй. 1990 оноос өмнө сургууль болгонд сургалт хүмүүжлийн эрхлэгч гэж байсан. Хүүхдийн сургалт, хүмүүжил, төлөвшил гээд бүх асуудлыг хариуцсан мэргэжилтэн байсан юм. Одоо энэ асуудлыг хариуцдаг ганцхан хүн нь нийгмийн ажилтан. Өнөөдөр нийгмийн ажилтан багшаас ч бага цалин авдаг. Улсын хэмжээнд мянга гаруй нийгмийн ажилтан бий. Тэдний хангамжийн асуудалд анхаарч, боловсролын салбарыг цогцоор авч үзэх хэрэгтэй болоод байна. Ирээдүйд боловсролд оруулсан хоёр доллар 200 доллар болно. Боловсролын салбараа дэмжиж чадахгүй байгаа болохоор Монголын хөгжил боймлогдож байна. Мөн бидний зүгээс урт хугацааны ажил хаялтыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Багш нар тэмцлийнхээ хүрээнд хоёр хоног ажил хаясан. Сурагчдын холбооноос багш нарын ажил хаях асуудлыг дэмжиж байгаа боловч хүүхдийн эрх ашиг нэгдүгээрт тавигдана. Хэрэв багш нар урт хугацаагаар ажил хаявал хүүхдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөнө. Төр засаг ийм байдалд битгий хүргээсэй гэж бодож байна. Урт хугацааны ажил хаялтаас үүдэн маш том хохирол учирна. Тиймээс багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд хандаж урт хугацааны ажил хаях байдал битгий үүсгээчээ гэсэн хүсэлт тавьсан. Эрх мэдрэлтүүдийн үл ойлголцлоос болоод хүүхдүүд хохирох учиргүй. Нэг хоёр удаагийн ажил хаялтыг бол ойлгож байгаа. Улсын хэмжээнд хагас сая гаруй сурагч бий. Улаанбаатар хотын хэмжээнд 200 мянга гаруй сурагч байна. Тэдний эрх ашгийг нэн тэргүүнд тавих болно" гэв.

 Багш нар өөрсдийн эрх ашгаа бодож цалингаа нэмүүлэх гэж байна гэж харлуулах эрх бидэнд байхгүй 

Эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Б.Алтанжолоо “Эцэг эхчүүд бид чанартай боловсролыг л хүсч байгаа. Хүүхдэдээ чанартай боловсролыг эзэмшүүлж, ирээдүйд нь итгэлтэй баймаар байна. Улс орны хөгжлийн 70 хувь нь хүүхдийн багаасаа авсан суурь хүмүүжлээс ихээхэн шалтгаална. Зөвхөн мэргэжилдээ, шавьдаа анхаарал хандуулсан багш л сайн боловсон хүчин бэлтгэнэ. Харин гэр хороололд, арай ядан хоногийн хоолоо залгуулж байгаа багшаас сайн боловсон хүчин гарахгүй. Тиймээс бид багш нарын цалин нэмэх асуудлыг 100 хувь дэмжиж байна. Сайн боловсролтой боловсон хүчин байж улс орон хөгжил, дэвшилд хүрнэ. Бид 27 жилийн турш уул уурхайг ухаад хоосон нүхтэй л үдсэн. Тиймээс боловсролдоо анхаарч ирээдүйн чанартай боловсон хүчнийг бэлдсэнээр улс орон хөгжинө. Тиймээс Засгийн газраас эх оронч шийдвэр гаргаж бүхий л бололцоогоо ашиглан боловсролын салбартаа нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй байна. Багш нар цалингаа нэмүүлэх гээд ажил хаяж байгаа асуудлыг хөгжлийн шинэ шатанд гарах үйл явц гэж харах нь чухал. Эсрэгээрээ багш нар өөрсдийн эрх ашгаа бодож цалингаа нэмүүлэх гэж байна гэж харлуулах эрх бидэнд байхгүй. Өнөөдөр хүн болгоны амьдрал хүнд байгаа. Гэхдээ багш нарын цалин нэмэгдсэнээр нийгмийн тодорхой нэг давхаргын амьжиргааны түвшин дээшилнэ. Бид нэг Монгол хүний амьдрал дээшилж байна даа л гэж бодох хэрэгтэй" гэлээ. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наранцэцэг багш(203.91.117.8) 2017 оны 10 сарын 11

Б.Алтанжолоо үнэхээр мундаг ярьжээ.Үүнийг л нийгэмд ойлнуулах хэрэгтэй байна.Багшийн цалинг нэмснээр багш баяжихгүй улс хөгжинө.

0  |  0
Top