Зулай, зулайгаа гишгэн төрсөн гэдэг шиг ар, араасаа Авлигатай тэмцэх газрын хаалгыг татсан албан тушаалтнуудын хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар албаны эх сурвалжаас тодрууллаа. Тухайлбал,
Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа юм байна.
А.Гантулгын тэрбум төгрөгийн зээл
Төрийн орон сууцны корпорац (ТОСК)- ын захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг хууль хяналтын байгууллагаас өнгөрсөн оноос эхлэн шалгаж эхэлсэн. Эх сурвалжуудын мэдээлснээр А.Гантулга дээрх албан тушаалыг хашиж байхдаа танил талдаа давуу байдал олгож, их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн нь тодорхой болсон гэнэ.
Энэ талаар албаны эх сурвалж “Албан тушаалын байдлаа хэтрүүлж, хувийн компанитай гэрээ байгуулан нэг тэрбум төгрөгийн зээл олгож, ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тус корпорацын ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан нь үнэн” гэж мэдээлж байв.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр, “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Д.Цэндтэй 2013 оны арваннэгдүгээр сард А.Гантулга хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дээрх нэг тэрбум төгрөгийн зээлийг олгосон аж. Харин нөгөө консорциум нь ямар ч ажил гүйцэтгээгүй гэх мэдээлэл байгаа юм.
Түүнчлэн тус консорциум 2013 оны есдүгээр сард Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Гэр хороололд бохир усны шугам, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж шинээр барих (Улаанбаатар)” тендерт шалгарсан бөгөөд уг ажил нь одоо хийгдсэн, эсэх нь тодорхойгүй байдаг.
Гаалийн байцаагчдын балаг буюу Б.Оюундэлгэр даргын хэрэг
ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, н.Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа өнгөрсөн онд явуулж эхэлсэн байдаг. Гаалийн байцаагчдын хээл хахуулийн хэрэгт холбогдсон балаг их бөгөөд өнгөрсөн оны байдлаар гаалийн байцаагчтай холбоотой 75 эрүүгийн хэрэг үүсгэгдэн, хуулийн байгууллагаар шалгагдсан гэсэн мэдээлэл байна.
Хөгжлийн банкны хэрэг
"Чингис” болон "Самурай” бондын зарцуулалтыг АТГ-аас анхааралдаа авч шалгаад удаж байна. Энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарын хүмүүс татагдаж шалгагдаж байсан талаар хэвлэлүүд олонтаа нийтэлж байв. Тэгвэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд хэрэгт холбогдсон Н.Мөнхбатад үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурорын шатанд хянаж байна.
Хөгжлийн банкны хэрэгт хяналт тавин ажилласан албаны эх сурвалж " ... Шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юмуудаа гэж санагдсаныг нуух юун. Өгсөн зээлийг авсан этгээд чухам юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан нь илт байна. Арилжааны банкууд тав арван сая төгрөгийн зээл өгөх гэж ямар өндөр шалгуур нарийн хяналт тавьдаг билээ дээ. Гэтэл хэдэн тэрбумаар нь зээл олгодог Хөгжлийн банк дэндүү хайнга болчимгүй, халаглаж харамсмаар ажиллаж ирсэн нь хачирхалтай.Барьцаа хөрөнгө нь барьцгүй, ханшийн эрсдэл нь харалган, борлуулалтын төлөвлөгөө нь хий хуйтай, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь иш мухаргүй, зээлийн хорооны тэмдэглэл ч байхгүй ийм л байдалтай явж ирж. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн” хэмээн мэдэгдсэн удаатай.
ХОМ-ээ тайлбарлаж чадаагүй Р.Онон
Р.Онон нь Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байх үедээ хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн АТГ-аас Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татан шалгасан байна.
Тэрээр 800 сая төгрөгийн орон сууцанд амьдардаг бөгөөд үүнээс гадна Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэдэг.
Эх сурвалжуудын мэдээлснээр Р.Онон Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан нь илэрчээ. Тухайн үед хяналтын туслан гүйцэтгэгч нэрээр тус компаниас “Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард 2 удаа 200 сая төгрөг шилжүүлээд авчихсан талаар мэдээлэл байна. Мөн үүнээс гадна Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн замыг тавьж эхлэх эхэн үеэс л мөнгө төгрөг идсэн уусан тухай мэдээлэл гарч байв.
Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт зөрүүтэй мэдээлэл өгч, Засгийн газрын тогтоол гаргуулсан ажээ. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр ТЭЗҮ хийхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэсэн ч Халзанбүргэдэй-Солонготын чиглэлийн замын хөрөнгийг баталсан яг тэр өдрийнхөө Засгийн газрын хуралдаанаар давхар оруулж ирээд 33 тэрбумаар хөрөнгийг батлуулж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилт шийдэж өгсөн талаар дуулиан нэлээд дэгдэж байсан удаатай. Ямартай ч Р.Ононг ХОМ /Хөрөнгө орлогын мэдүүлэг/-ээ цалингаас өөр орлогогүй хэмээн мэдүүлсэн нь хууль хяналтынхны анхаарлыг татаж, хэрэг үүсгэн шалгахад хүрчээ.
"Үнэ тогтворжуулах хөтөлбөр" буюу Р.Эрдэнэбүрэнгийн хэрэг
Шинэчлэлийн Засгийн газрын үед БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн нь алдарт "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөс 301 тэрбум төгрөгийн зээл банкуудаас салгах ажилд гар бие оролцсон байдаг.
Тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Засгийн газартай гэрээ байгуулсан барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг, нийт 301.6 тэрбум төгрөгийн зээлийг "Үнэ тотворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд авч байж.
Гэтэл тэрбээр энэхүү 301 тэрбумын төгрөгийн тайлангаа тавиагүй нь ийнхүү АТГ-ын хяналт шалгалтад орох шалтгаан болжээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 12 )
УИХ баталсан хүчин төгөлдөр Монгол улсын хуулийг илт зөрчиж дураараа буруу хэрэглэн бусдад давуу эрх олгож гэмт хэрэг зөрчилд хариуцдага хүлээлгэхгүй давуу эрх олгосон асуудал их гарч байна...шүүгч нарын энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул шалгаачээ...яагаад дураараа дүргэх ёстой юм бол...арай дэндүү юмоо
АТГ ажлаа хийгээд байна ЭЦСИЙН шийдвэрийг ПРОКУРОР л гаргаж байгаа ҮҮНД л анхаарах хэрэгтэй
mongol yalna geed baisanyg ny xaray
odoo l estoi xaray
Ард түмэн, татвар төлөгч бидний мөнгөөр тоглож байгаа хүнийг төр яаж шийтгэдэг билээ өмнөх шийтгэлүүдийг хараад байхад хэдэн жил хорьсон болоод л шоронгийн ойролцоо амралтын өрөөнд амрааж байгаад л өршөгөөд гаргадаг одоо тэр аргаараа аргацаалсан болох юм уу. Шүүх ээ гэж Элбэгдоржийн хэлдэг шудрага байцгаалдаа гэдэг л худлаа болоод байгаа юм даа.
Байгаль орчин,аялал жуулчлалын газрын дарга нарын болон ХААЯ-ны газрын дарга П.Ганхуягийн авилгын хэргүүд юу болсон бэ.Бүгд л МЭ дарга Оюунхорол сайд нарын хүмүүс болохоор хэрэгсгэхгүй болгосон юм байхдаа. Уг нь авилга авснаа өөрсдөө болон гэрчүүд нь гэрчлээд байхад манай хуулийнхан гэж ёстой өргөсөн танагараггүй хүмүүс шүү дээ Ард олон салбарынхан бүгд л харж байгаа.Хэн хайцаалаад байгааг ч мэдэж байгаа шүү дээ Энхжаргал даргааа
tsaazin yliig sergeej ene hulgaichuudiig hashraahgui ene hulgaichuudaasaa salahgui ene maygaaraa bah um bol mongol uls hezee ch uudluhgui odoo hatuu gar heregtei buud buud bas dahin buud
Яг шийдэж харагдаарай. Дээрээс нь томчууд нь татаад авчихнаа. АТГ ын ажилд хөндлөнгөөс маш их дарамт шахалт ирдэг. .форм өмссөн жирийн иргэнийг том улс төрөөс төрсөн тэрбумтнууд ажилд томилдог болохоор АТГ яаж ч чадахгүй. ҮЛГЭР.
ТӨРИЙН ХУУЛЬ ХАТУУ ,ЦААЗЫН ЯЛ ӨГ..БУСДАД НЬ СУРГАМЖ БОЛОГ.
Эдгээр албан тушаалтнуудын хэргийг нээттэй хийх хэрэгтэй бөгөөд энэ нь шударга болох ба хуулийнхан .шүүгч нар хэр шудага вэ? гэдэг нь харагдана Наадуул чинь жараанууд шүү дээ АТГазар том тулыг барьж чадвал ард түмэн та нарын талд байх болно
Одоо тэр шилэнг сайн шалгах хэрэгтэй
Хэргийг тас няс хийтэл нь шийдээд өгвөл дараагийн албан тушаалтанд сургамж болно доо уул нь. Батган суусан газар балагт ай гэж