Шилдэг багшаар найман удаа шалгараад орон сууцтай болно

Орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа бүтээлч багш нараа Дундговь аймгийн удирдлага хамт олон дүгнэж шалгарууллжээ. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас баталсан журмын дагуу шилдэг багшийн болзол хангасан 10 багш тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал гардан авав. 

Багшийн ёс зүйг сахиж, багшлах ур чадвар, арга зүй, хүүхдэд олгож буй хүмүүжлийн эерэг нөлөө, хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлж буй арга барил, түүнчлэн эцэг эхтэй хамтран ажиллах чадвараараа бусдыгаа манлайлсан, үүнийгээ  тусгай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлүүлж, 70- аас дээш оноо авсан, орон нутагтаа гурваас доошгүй жил ажилласан багш нарыг шилдэг багшийн болзол хангасан гэж үзэх юм. Жил тутамд 21  хүртэлх багшийг шалгаруулж, тус бүрт нэг сая төгрөгийн урамшуулалыг олгохоор журамд тусгасан бөгөөд энэ удаад 10 багш  ийнхүү шалгарчээ.

Шилдэг багшийн шагналыг Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн бага ангийн багш С.Даваажав, Х. Даариймаа, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн нийгмийн ухааны багш Т.Мөнхбат, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн бага ангийн багш Ж.Туяацэцэг, физикийн багш А.Уранчимэг, “Говийн ирээдүй” сургуулийн бага ангийн багш Н.Эрдэнэчимэг, “Хүмүүнлэг” сургуулийн бага ангийн багш Г.Цэцэгмаа, Дэрэн сумын дунд сургуулийн монголхэл, уранзохиолын багш Ч. Уянга, Сайнцагаан сумын 5- р цэцэрлэгийн багш Д.Цэцэг- Өлзий, МСҮТ- ийн биеийн тамирын багш Ц.Эрхэмбаатар нар хүлээн авсан юм.
Аймгийн шилдэг багш нарыг улсын тэргүүний багшийн шалгаруулалтад оролцуулах бөгөөд найман удаа аймгийнхаа шилдэг багшаар шалгарсан бол орон сууцаар хангах гэнэ.

Санаачилгатай бүтээлч багш нараа шалгаруулж, шилдэг арга туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх, дэмжин урамшуулах зорилгоор Дундговь аймгийн Засаг дарга 2009 оноос эхлэн жил бүр шилдэг багш нараа тодруулж, шагнадаг болсон байна. Энэ уламжлал 2014 оноос эхлэн алдагдаж, шилдэг багш нарыг шалгаруулах журам хүчингүй болоод байсан юм. Харин энэ оноос  эхлэн уламжлалыг сэргээж, шалгаруулалтын журмыг нь шинэчилснээр Дундговийн шилдэг багш нар жил тутамд шалгардаг болж бүрдэж байгаа юм.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )