Ойн нөхөрлөлийн гишүүд хилийн цэрэг мэт ажилладаг

2017 оны 10 сарын 04

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах, түймэртэй тэмцэх талаар ойн нөхөрлөлүүдийг чадавхижуулах сургалт /2017.10.03/ боллоо. Тус сургалтыг аймгийн БОАЖГ, ОБГ, “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ой менежмент” төсөл, Дархан ойн нөхөрлөлийн холбоо ТББ  хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтыг танхимын болон хээрийн нөхцөлд явуулж байгаа ажээ.

Манай аймгийн хэмжээнд өөрсдийн хүсэл зорилгоор нэгдсэн 58 ойн нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэд өнөөдрийн танхимын сургалтаар Ойн нөхөрлөлийн өнөөгийн байдал, хамтын ажиллагаа, Нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөлт, Ойн тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл авч ярилцан, санал бодлоо хуваалцлаа. 

Дээрх ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, тэднийг чадавхижуулах сургалт, туршлага судлах зэргийг зохион байгуулах ажилд аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс анхааран ажилладаг талаар сургалтыг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Өнөөдрийн сургалтын хоёрдугаар хэсэг буюу Хээрийн өртөөчилсөн дадлага сургалтаар аймгийн ОБГ-аас бэлтгэсэн дадлага сургалтын бүсэд ой хээрийн түймэр унтраах гар багаж хэрэгсэл, үлээгч, ус шүршигч аппаратуудын ажиллах зарчимтай танилцаж дадлага хийлээ. Энэ үеэр ойн нөхөрлөлийн гишүүдэд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх арга ажиллагааг заасан юм.

Мөн өнөөдрийн сургалтыг зохион байгуулагчдын нэг болох НҮБ-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ой менежмент” төслөөс гал унтраагуур,  үлээгч, ус шүршэгч зэргийг Ойн ангид бэлэглэлээ.

Ойн нөхөрлөлүүдийн гишүүд уул ус байгаль болоод эх орныхоо төлөө сайн дурын хүсэл эрэмзэлэлээр хилийн цэрэг мэт ажиллаж байдаг гэдгийг энд дурдах ёстой. Тиймээс иргэн бүр ил түлсэн гал, татсан тамхи, асаасан шүдэнзнийхээ галыг бүрэн унтраах машин техникийнхээ утааны янданг оч баригчтай болгох зэрэг зөв хэвшил, дадалтай байхыг уриалж байна. 

М.ГҮНЖИЛХАМ

Дархан-Уул аймаг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top