Тэргэнцэртэй дэлхийн мисс гурав дахь хүүхдээ төрүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

Тэргэнцэртэй бүсгүйчүүдийн дунд зохиогддог “Дэлхийн мисс” тэмцээнд 2013 онд Ксения Безуглова гэх бүсгүй ялсан билээ. Тэрбээр өнөөдөр гурав дахь хүүхдээ төрүүлсэн байна. Энэ талаараа 34 настай Ксения “Өчигдөр л бид дөрвүүлээ байлаа. Эмэгтэй хүүхдийн эд зүйлс, хүүхэлдэйнүүд хөглөрсөн гэрт минь аавынх нь боксын бээлийтэй цүнх шоовдорлогдсон мэт буланд байдаг байсан. Харин өнөөдрөөс эхлэн бүх зүйл өөр боллоо. Жинхэнэ эр хүн, аавынхаа туслах нь хорвоод мэндэллээ. Хүчтэй, гайхалтай хөөрхөн, удаан хүлээлгэсэн хүү минь 3170 гр жинтэй, 51 см өндөр төрсөн” гэж цахим хуудсандаа бичжээ.

Түүнчлэн мисс бүсгүй үргэлж дэргэд нь байж, тусалж дэмждэг, гэр бүлийнхээ төлөө ажилладаг нөхөртөө талархал илэрхийлсэн байлаа. Ксенияг дэмжигчид түүнд баяр хүргэж, аз жаргал хүссэн комментууд хөвөрсөөр байна. Бүсгүй 2009 онд жирэмсэн байхдаа осолд орж, явж чадахаа больжээ. Ксения гэмтэл авсан ч охиноо эсэн мэнд төрүүлж чадсан байна. Хоёр жилийн өмнө хоёр дахь охин нь төржээ.

Ксения Безуглова Оростоо тахир дутуу хүмүүсийн төлөө ажилладаг юм. Тэрбээр тэргэнцэртэй бүсгүйчүүдийн дунд сайхан бүсгүйн тэмцээнийг зохион явуулж, спортын болон олон нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхийлэн оролцдог билээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мино(202.9.41.50) 2017 оны 10 сарын 04

Нөхөр нь ч мундаг бн.

0  |  0
Top