Б.Сарандаваа: Хүний буян хишиг, худгийн ус хэмжээтэй шүү. Шуналаа хазаарла

Монголын Бясалгал, Зурхай, Сүнс, Сэтгэл судлалын академийн ерөнхийлөгч, “Монгол Аура төв”-ийн тэргүүн доктор, профессор Б.Сарандаваатай ярилцлаа.



 

- Таныг тоон зурхайгаар хүний төөргийг үзэхдээ маш сайн гэдэг. Яаж үздэг вэ?

- Хүнийг төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гаригаар нь шинжихээр яаж амьдрах, юу хийх нь гараад ирдэг. Энэ тухай манай төв хичээл сургалт явуулдаг. 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл олон хүн үзэж, 13 төрлийн судалгааны ажил хийсэн. Эдгээр хүмүүсээс сэтгэл санааны судалгааг тестээр авч байсан. Тест үндсэн зургаан асуулттай. Тухайлбал, хүсэл, уур, хөөр баяр, гуниг, эргэцүүлэл, айдас гэсэн. Монгол Аура төвд 1993 оноос хойш хандсан 2500 хүнд дээрх асуултын дагуу судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд 2000 онд манай төвд хандагсдын сэтгэл хөдлөл нь 243, уур 214, баяр 217, гуниг 20, эргэцүүлсэн 249, айсан 224 хүн байна гэсэн үзүүлэлт гарсан. Энэ онд хүн болгон хувьчлал гэх мэт зүйлст санаа зовж байсан юм. Харин 2001 онд хүсэл 295 болж хүмүүсийн бухимдал, айдас гуниг нь нэмэгдсэн байдалтай байсан. Улмаар тус судалгааны дүгнэлтээр он оны нийгэм эдийн засгийн байдлыг гаргаж ирсэн. Миний хийсэн эдгээр судалгааг манай оронд үнэлдэггүй. Харин гаднын оронд илүү сайн үнэлдэг. Судалгаагаар хүмүүс үзмэрчид ажлаа бүтээхийн тулд хамгийн их ханддаг гэсэн дүгнэлт гарсан


- Ямар ямар судалгаа хийсэн бэ?

- Ханийн тэнгэр, үрийн заяа дуудах, энергийн эмчилгээ, сэтгэл судлал, засал, дарь эхийн хийд, нас барсан хүмүүс, гадаад явсан хүмүүсийн товчооны судалгаа гэх мэт. Тухайлбал, нас барсан хүн дээр хийсэн судалгааны ажил нь хүн зүгээр байж байгаад аваар, осол ордоггүй тухай юм. Тухайлбал, 12 жил болоод жил ордог. Есөн жил болоод мэнгэ голлодог. Таван жил болоод хагацлын үүд нээгддэг. Мөн нар сарны давтамж, гүмэг наснууд дээр хэцүү зүйлс тохиодог. Энэ үедээ анхааралтай байх хэрэгтэй. Хүн өрийнхөө хувь төөргийг хэрхэн залахаас амьдрал нь шалтгаалдаг. Бид сэтгэлээрээ сайхан байвал сайхан амьдарч чадна.  

- Хүмүүс таныг доктор, профессорын цол хамгаалсан гэхэд итгэдэггүй?

- 2004 онд Сэтгэл судлалын уламжлалт аргаар Боловсрол судлалын философийн доктор хамгаалсан. 2010 онд Шинжлэх ухааны доктор, энэ онд дэд профессорын зэргийг хамгаалаад байгаа.

- Хэдэн ном бичсэн бэ?

- Нийт 70 гаруй төрлийн ном бичсэн. Үүнээс найм нь л мөнгөний тухай ном байдаг. Үүнд: Мөнгөний  хүчийг мэдрэхүй, Мөнгөний тархи, Таван хишгийн даллага, Буян хишгийн даллага гэх мэт.

- Мөнгийг яаж тогтоох вэ?

- Мөнгө гэдэг тодорхой энерги агуулсан амьд бие. Хэрэв эзэн нь таалагдахгүй бол очдоггүй, очсон ч тогтдоггүй. Энэ тухай олон ном бичсэн. Мөнгөний энергийг өөртөө татахын тулд зөв харьцах хэрэгтэй. Мөнгөний тархи гэдэг номонд л гэхэд орон орны мөнгө тогтоох аргыг судалж бичсэн. Орлогынхоо хоёр хувийг үргэлж цааш нь далд хийж хадгалж байх хэрэгтэй. 100 мянган төгрөг ороод ирэхэд 2000 төгрөгийг нь хадгалж байх юм. Энэ нь бэл бэлээ, энерги энергиэ, мөнгө мөнгөө, хуримтлал хуримтлалаа дагадаг гэдгийг шалтгаан юм.

- Танай энергийн төв санхүүгийн тайлан баланс гаргадаг уу?

- Аудитын шалгалт, татварын шалгалтаар хоёр удаа орсон. Бүх зүйл хэвийн гарсан. Шалгалтаар ирсэн хүмүүс манай хамт олны хийж, бүтээсэн зүйлийг үзээд “танай байгууллага их зүйл бүтээсэн байна вэ” гэж хэлээд явдаг.

- Таныг мөнгө маш их олдог мэтээр ярьж, бичдэг. Гэтэл аудитын шалгалтад хэд хэдэн удаа орсон байна?

- Миний лекц нь хүмүүст зааж сургахын төлөө байдаг. Ашгийн хувьд би бараг л алдагдалтай ажилладаг гэхэд болно. UB palace-ийн түрээс нь маш өндөр. Мөн билетэд дагуулж өгдөг зүйлс нь бараг 10 мянга төгрөгийн үнэтэй. Тухайлбал, зургаан төрлийн сахиус, сахиусны тайлбар ном нь, улаан арван төгрөг, долоон үрэл /Энэтхэгээс авчирдаг/, хийморийн утлага, таван өнгийн будаа, гурван ширхэг сувд, халтар арвай, CD багтана. Мөн ширээ, дэлгэц, тайзны гэрэл, лам, хөтлөгч, дуучин гэх мэт. Энэ бүхэн аудитын шалгалтаар ордог. Хүмүүс энэ тухай мэдэхгүй байж намайг мөнгө иддэг гэж гүтгэдэг. Би 21 дарь эхийг бүтээх гэж банкнаас зээл авсан. Одоо ч зээлээ төлж байна. Хүмүүс өртэй байж лекц уншлаа гэдэг. Өр гэдэг бол өөр ойлголт. Банкнаас зээл аваад төлж байгааг өр гэж хэлэхгүй.  21 дарь эх дээр хүмүүсийг үнэ төлбөргүй оруулдаг. Өнөөдөр хүн бүр сайхан энергитэй байгаасай л гэж хүсдэг.  


- Та 10 жил лекц уншаад болино гэсэн. Үнэхээр ингээд болих уу?   

- Би 21 аймгаар таван удаа тойрч лекц уншиж байсан. UB palaced 17 удаа лекц уншсан. Энэ жил ес дэх жилдээ лекцээ унших гэж байна. Мөн we chat-д групп үүсгэн хүмүүст  voice-оор лекц уншдаг “Энерги эрч хүч” гэсэн зургаан холбоотой. Нийт мянга гаруй хүнд үнэ төлбөргүй хичээл заадаг.


- Таны тухай хүмүүс янз бүрээр ярьдаг. Та энэ байдлыг хэрхэн хүлээн авдаг вэ?

- Би огт үздэггүй. Үзэхийг ч хүсдэггүй. Тиймэрхүү зүйлд зарцуулах цаг зав ч гардаггүй юм. Тэгээд ч намайг муугаар ярьж буй хүмүүст би хэзээ ч мууг хүсч байгаагүй.

- Танай төв болон таны тухай янз бүрийн мэдээлэл гардаг. Улмаар та тухайн байгууллагуудыг шүүхэд өгсөн гэсэн. Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан бэ?

- Хийж бүтээсэн зүйлийг нь үзэж, хараагүй байж элдвээр гүтгэн доромжилж бичдэг. Үүнд би их гайхдаг. Миний өөрийн зарчим бол нүдээр үзэж, гараар барьж, чихээр сонссон зүйлдээ итгэдэг. Гэтэл 6,7 хүн намайг гүжирдэж, нэр төрийг минь гутаасан. Би өөрийнхөө нэр төрийг цэвэрлэхийг тулд шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр бүгд миний талд гарсан. Тухайлбал эрэн сурвалжлахын сэтгүүлч Мөнхзаяа “Мухар сүсэг” нэвтрүүлгээрээ болон хэсэг бүлэг долоон хүмүүстэй нийлж миний нэр төрд халдсан. Улмаар тус хүмүүсийг шүүхэд өгөхөд анхан шатны шүүхийн шийдвэр бүрэн миний талд гарсан. Би 2004 онд доктор хамгаалахдаа дэвшүүлсэн “хүн тарнийг Санскрит, Төвд, Монголоор уншина уу хамаагүй. Гагцхүү ямар тарни уншиж байгаагаа ойлгож, мэдэж уншвал тэр тарнийн хүч тухайн хүнд үйлчилдэг гэсэн тодорхойлолт нь зөв байсан.  

- Хийж буй засал номоо таныг өөрөө зохиосон мэтээр ярьдаг. Энэ тухайд?

- Миний хийж буй бүх засал ном өвөг дээдсээс уламжлагдан ирсэн.  Миний авдаг таван хишгийн даллагыг бий зохиогоогүй. Намсрай, Гонгор, Өлзий хутгийн даллага нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн. Түүнээс биш би мөнгө дуудах аргыг зохиосон юм биш. Энэ мэт туйлшрах нь үнэхээр миний сэтгэлийг гонсойлгодог. Уламжлал ёс заншлынхаа дагуу л өвлөгдөж ирсэн тарнийн хүчээр зан үйлээ хийдэг. 25-ны жил ороход тийм ном уншуулах ёстой гэж зааж өгсөн байдаг. Хэрэв ажил төрөл бүтэхгүй бол тэгж энергийн засал хийлгэх хэрэгтэй. 49-ны жил ороход анхааралтай байж засал номоо хийлгэ, 73-ны жил ороход мэнгэ голлодог учир сансар огторгуйгаас хүнд долгионууд ирдэг. Хэрэв ажил чинь бүтэхгүй байвал битгий гутраарай. Ажил чинь бүтнээ гэж хэлдэг.  

- Энерги гэж юу вэ?

- Хүнийг гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй бүх зүйлийг энерги гэнэ. Америкийн дэлхийн энергийн төвд 2004 онд хамгийн их энергитэй хүнээр тодорч, гэрчилгээ, цол тэмдгийг гардан авч байлаа. 2010 Малайзад болсон энергийн их хурлаар “энергийн их мастер” цолыг авсан. Монголчууд эртнээс сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэдэг. Үүний адил аливаа зүйлийг эерэгээр харж байвал амьдрал аяндаа тэгширнэ. Хэрэв ямар нэгэн зүйлийг болохгүй гэж хараад байвал болохгүй л байдаг. Эсрэгээрээ бодсон болгоноо бодит болгож, үгээ амилуулж, бодлоо биелүүлэн, хүссэнээрээ амьдарцгаая. Болноо, бүтнээ, хийнээитгэнээялнаадийлнээчаднаа гэсэн манай энергийн тарни юм. Буян хишиг нь бүтэн дүүрэн байж санаснаараа амьдарч, хүссэнээрээ жаргах хэрэгтэй. Хүний энерги, сүнс мөнх юм.


- Энергийн заслын утга учир?

- Аливаа муу, сөрөг бодлыг өөр муу бодлоор ямар нэгэн бодит юманд шингээж биенээсээ гаргахыг засал гэнэ. Бид шинийн 15-ндаа багтааж засал номоо хийлгэдэг нь сарны таталцлын татах хүчтэй холбоотойг Монголчууд эрт дээр үеэс мэддэг байсан.

- Энерги нөхөгддөг үү?

- Нөхөгддөг. Манайх энергийн засал хийдэг. Бид эмээр биш энергиэр эмчилдэг ба бодлоороо махан биеэ удирдаж сурах эмчилгээний 108 аргыг заадаг.

- Энерги буюу гэрлэн бүрхүүл яагаад гэмтдэг вэ?

- Сөрөг муу бүх мэдээллээс гэмтдэг. Жишээ нь хүнийг муу хэлэх, атаархах, хулгай хийх, худлаа ярих зэрэгт гэрлэн бие буюу долоон хүрд гэмтдэг. Зарим нэг хүн зурагтаар гарч байгаа хүнийг хараад муулаад л байдаг. Хүнийг муу хэлэхэд сөрөг муу энергиүд хуримтлагдсаар өвчин болдог. Харин муу хэлүүлж байгаа хүнд ямар ч сөрөг нөлөөгүй. Эмчид үзүүлэхээр онош нь тодорхойгүй тэгсэн хэрнээ өвдөөд байдаг нь үүнтэй холбоотой. Тухайн хүний муу хэлж байгааг тоохгүй байж чадвал чамд сөрөг муу энерги ирэхгүй. Үүнийг л Монголчууд маань 10 хар нүгэл гэдэг юм шүү дээ. Хүн чамд муу юм өгөхөд авахгүй бол ямар ч аюулгүй. Үүнтэй л адил чи хүний муу муухай хэл ам, хэрүүл, хараалыг тоохгүй л байвал чамд халдахгүй. ХАрин муу хэлж хүнд өөрт нь маш их халтай

- Зөн билэг, зөн совин хүн бүрт байдаг уу?

- Хүн болгон зөн билэг, зөн совинтой боловч өөр өөр байдаг. Түүнийгээ хөгжүүлж, энергиэ хуримтлуулах хэрэгтэй. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой, цаг орон зай, ааш зан, бодолтой байдаг. Өөрийнхөө тухай байнга сурч мэдэж, өөрийгөө дээшлүүлэх хэрэгтэй юм. Энэ талаар манайх сургалт явуулдаг. Энэ оны наймдугаар сарын 8-нд “Усан ертөнцөд ухаалаг амьдарцгаая” бясалгалыг Хөвсгөл далайн эрэг дээр зохион байгуулсан. Мөн Дэмчигийн хийд дээр есдүгээр сарын 9-нд “Газрын диваажин” гэсэн бясалгалуудыг ес дэх жилдээ зохион байгуулсан. Үүнд: 108 төрлийн бясалгалыг заадаг. 2010 онд анх лекц уншиж эхлэхдээ  10 жилийн турш 10 мянган төгрөгөөр уншина гэж хэлж байсан. Хэлсэн ёсоороо л уншиж байна.

- Хүний хувь тавиланг залж, засч болох уу?

- Болохгүй. Хүн өөрөө өөрийнхөө хувь тавилангаараа л явна. Хүний төөрөг хувь заяанд муу явна гэсэн зүйл байдаггүй. Гагцхүү жилийн давтамж дээрээ л анхаарах хэрэгтэй. Энэ тухай “алганы хээ арилдаггүй, өндөгний өөрчлөгддөггүй, хурууны хээ хувирдаггүй” номын нэг, хоёрдугаар ботыг туурвиж байсан. Хүний гаран дээр бүх хувь тавилан нь бичигдсэн байдаг.

- Та хэр их сайн үйлс хийдэг вэ?

- Хоёр жилд нэг удаа зургаан дүүргийн 60 ахмад, жил болгон өөрийн дүүргийн ахмадуудыг ахмадын баяраар хүлээн авдаг. Мөн өнчин хүүхдийг дээд сургуульд оруулж төлбөрийг нь даадаг. Жил бүр нэг айлд гэр бэлэглэдэг. Гэх мэтчилэн олон хүмүүст туслахыг хүсдэг. Монголынхоо бүх хорих ангиудад бодол биелж үг амилдаг, эзэн хичээвэл заяа хичээдэг лекцүүдийг 2010 оноос хойш уншиж хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө өгч байгаа.

- Олны танил хүмүүс танд үзүүлэх юм уу?

- Ирэлгүй яахав. Бүгд л мах цуснаас бүтсэн. Тэд ч гэсэн хүн шүү дээ.

- Та бүх төрлийн өвчинг эдгээж чадах уу?

- Нийт 404 төрлийн өвчин байдаг. Үүнээс 101 анагаах ухаанаар эдгээдэг өвчин буюу мэс заслын өвчин. 303 нь хий шар бадганын өвчин юм. Энэ нь дотроо биеэр үйлдсэн үйлийн үрийн өвчин, сэтгэл, хэлээр үйлдсэн үйлийн үрийн өвчин юм. Манай энергийн төв 100 гаруй төрлийн заслыг хийдэг. Миний хийдэг заслууд гадаадад нэлээн нэр хүндтэй. Тухайлбал, хамгийн хүнд нь золигт гаргах засал юм. Энэ засал нь хүний бүх муу зүйлийг нь зайлуулж өгдөг. Заслуудаа нэгтгэн 2004 онд ном гаргаж байсан. Тус номонд хараал хариулах засал гэж юу вэ, хар хэл ам зайлуулах, хүүхэд тогтдоггүй, өвчин их эргүүлдэг хүнд 10 сэтрийг яаж хийх ёстой гээд бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарласан.

- Буян хишиг барагдах гэж байх уу?

- Хүний буян хишиг, худгийн ус хэмжээтэй. Бусдаас илүү их шуналтсанаар буян хишгээ барах тохиолдол бий. Хүн таарсан зүйлээ хэрэглээд л байж байх хэрэгтэй. Хүнд жаргал зовлон ээлжилж ирдэг. Дэлгүүрт ороод олон хувцас ээлжлэн сольж өмсөхөд хүртэл хувцасны тоо гүйцнэ хэмээн эрт дээр үеэс ярьдаг байсан

- Хойд төрөл гэж бий юу?

- Байлгүй яахав. Их үйлийн үр хийгээд байвал хорхой шавьжны төрөлд төрнө. Сайн, муу төрөлд төрөх нь биднээс л шалтгаална. Тиймээс битгий хулгай хий, худлаа ярь, хормой султай бай гэдэг.

- Муу үйл хийж, худлаа хэлэн, хүнийг гүтгэдэг хүмүүсийн ажил нь бүтэх тохиолдол олонтаа. Яагаад муу үйл хийсэн хүмүүсийн ажил үйлс бүтдэг вэ?

- Хүмүүс ихэвчлэн энэ тухай асуудаг. Үнэн хэрэгтээ бүтэхгүй л байгаа. Яахав хулгай хийсэн зүйлээ зараад нэг хэсэгтээ хангалуун амьдарна. Үүнд үйлийн үр яригдана. Муу үйл хийсэн хүмүүсийн үр хүүхэд нь сайн явна гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар өвчин, зовлон, хагацал тохиолдож байдаг. Энэ тухай ч би судалгаа хийж байсан. Мөн Пүрэвбат гуай үйлийн тухай ном бичсэн байдаг.

 - Сүүлийн үед салалт их байна гэсэн судалгаа гарсан. Энэ тухайд?

- Өөрийнх нь төрсөн он сар өдөрт нь 7-гийн тоо тохиосон байвал гэр бүлийн цоожтой гэсэн үг. Энэ тоо тохиосон хүний амьдрал нь салалт, хэрүүл маргаантай байдаг. Он, сар, өдөрт 7-гийн тоо тохиосноос хамаараад өөр өөр утга учиртай. Мөн гэр бүлийн цоож гэж бий. Гэр бүлийн судалгааг 2500 хүнийг оролцуулан хийсэн. Эхнэр нөхөр салж, удаан тогтвортой амьдрахгүй байгаа шалтгаан нь ээж, аав, өөрийнх нь үүд хаалгаас шалтгаалж байгаа юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!