Дэлхийн стандартад нийцсэн МУИС-ийн номын сангийн нээлт боллоо

2017 оны 10 сарын 05

Шинэ хичээлийн жил эхэлсэн даруйд оюутан , залуусын дунд хүлээлт үүсгээд байсан МУИС-ийн номын сан өнөөдөр ёслол төгөлдөр үүд хаалгаа нээлээ. Тус номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Боловсрол соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч  Я.Төмөрбаатар, МУИС-ийн номын сангийн захирал Г.Цэрэн нар оролцсон юм.

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч  Я.Төмөрбаатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ  “Шинэ байрны нээлтээ хийж буй номын сан маань тэртээ 1942 онд МУИС-ийн анхны хичээлийн байр болох “Холбооны сургууль”-ийн нэгдүгээр давхрын жижигхэн өрөөнд 100 гаруй боть номтойгоор байгуулагдаж, анхны уншигчдадаа үйлчилж байсан түүхтэй. Тэгвэл өдгөө 360 мянга гаруй хэвлэмэл болон цахим номын сан хөмрөгтэй, мөн олон улсын онлайн сангуудыг ашиглах боломжтой, МУ-ын Үндэсний номын сангийн дараа орохуйц томоохон  номын сан болж өргөжлөө.

Цаашид бид номын сангийнхаа гадаад харилцааг өргөжүүлэх, бүрэн автоматжуулалтын RFID технологийг нэвтрүүлж,  үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын номын сантай холбоо тогтоох, хамтран ажиллах, ном хэвлэл солилцох, номын санчдыг сургах, туршлага судлахад МУИС-ийн удирдлагын зүгээс анхаарч, дэмжин ажиллах болно” гэв.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Өнөөдөр сайхан өдөр байна. Би их баяртай байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болоод нэг сайхан номын сан байгуулж нээх юмсан гэж бодож байсан. Тэгвэл өнөөдөр МУИС 75 жилийн ойгоороо ийм сайхан номын сан нээж байгаад би их баяртай байна.

МУИС-ийн үе үеийн эрдэмтэн мэргэд, багш нарт сургуулийн 75 жилийн ой, номын сангийн нээлтийг тохиолдуулан баяр хүргэе. Бид дандаа гаднынхны хийсэн зураг төслөөр ажил хийж, ийм болох юмсан гэж боддог байсан үе саяхан. Тэгвэл МУИС-ийн шинэ номын сангийн интерьер дизайнаас эхлээд барилга байгууламж, тавилга, бүх зүйлийг Монголын компаниуд хийсэн тухай танилцуулж байгаа нь бахархалтай байна. Баяр хүргэе. Энэ жишгээр МУИС-иас салбарлаж гарсан олон сайхан их, дээд сургуулиуд, цаашлаад 21  аймгууд  стандартад нийцсэн ийм номын сантай болох болтугай гэж ерөөе”.


 БСШУСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч  Г.Чулуунбаатар: 

Монгол Улсын ууган их сургууль үүсгэн байгуулагдаж, дээд боловсролын тогтолцоо бий болсны түүхт 75 жилийн ойн баярын мэндийг МУИС-ийн эрдмийн хамт олон болон эрхэм зочид, төлөөлөгчид та бүхэнд БСШУСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж, эрдэм номынх нь их үйлсэд нь арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Номын сан бол их сургуулийн сургалт,судалгааны амин чухал материаллаг бааз мөн. Иймээс орчин цагийн уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн номын сан шинээр нээгдэж байгаа нь их сургуулийн цаашдын сургалт эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дорвитой ахиц дэвшил авчирна гэдэгт найдаж байна.

МУИС-ийн номын сан нь Монголын төдийгүй гадаадын олон улс орны үе үеийн сэхээтэн, оюуны элитүүд нарын тухлан саатах дуртай номын өргөө байсныг онцлон дурдъя.  Мөн дээд боловсролын салбарын ууган номын сан болохын хувьд манай үндэсний томоохон их сургууль ХААИС, МУБИС, АШУИС, ШУТИС, ХИС-ийн номын санг байгуулах, сан хөмрөгийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяаг энэ өдөр бахархан дурсах нь зүйтэй” гэсэн юм.  


Сонирхуулахад, МУИС-ийн  тус номын сангийн В1 давхарт номын фонд, архив, 1-р давхарт нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, сонин сэтгүүлийн уншлагын танхим болон музей, номын дэлгүүр Brandshop, Coffeshop, 2-4 давхарт уншлагын танхим, номзүй, ном бүрдүүлэлт, каталогийн өрөө, лекцийн танхим,  5-6 давхарт судалгааны лабораториуд, хурлын танхим тус тус  байрлажээ.

Мөн 360 мянга гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчий нэрхтэй 20 гаруй цахим ном, 2 мянга орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай аж. Түүнчлэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажиллах юм байна.

Тус номын сангийн захирал  Г.Цэрэн хэлэхдээ “Бид МУИС-ийн номын сангаас өөрийн харьяаллын бус уншигчдад  үйлчлэх боломжийг судалж байна. Бидэнд урд нь гаднын хүмүүст үйлчлэх боломж байгаагүй бөгөөд манай номын сангаар үйлчлүүлэх сонирхолтой хүмүүс багагүй байдаг. Иймд номын сангийн ачааллаас хамааран хэрэв боломж олдвол биднийг зориод ирсэн гаднын хүмүүст тодорхой нөхцөлтэйгөөр үйлчлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг зорино” гэв.

 МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд СиСи-д бүртгэлтэй үнэмлэхээр номын санд үйлчлүүлэх буюу цахим ном унших боломжтой.
Цаашид номын сангийн үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулахын тулд  технологийн шинэчлэл хийх, бүрэн автоматжуулалтын RFID технологийг нэвтрүүлж, үйлчилгээг улам боловсронгуй болгох, зорилт тавин ажиллаж байгааг энэ үеэр онцолсон юм.

 



Д.Атарцэцэг

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(122.201.24.140) 2017 оны 10 сарын 05

НОМЫН САНГИЙН НЭЭЛТЭН ДЭЭР ” НОМ ” - ГЭХЭЭР НОЙР НЬ ХҮРДЭГ Х. БАТТУЛГА ГУАЙ ЗҮҮРМЭГЛЭЖ БАЙГААД ЗУРГАА ДАРУУЛЖЭЭ , ХУДАЛДААНЫ БИРЖ ГЭСЭН БОЛ ЯАСАН СЭРГЭХ БОЛ .., ЯДАРЧДЭЭ ХӨӨРХИЙ . . ,

0  |  0
Top