Төрсөн өдрөө ч тэмдэглэх завгүй Путин

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 07

Өнөөдөр дэлхийн нөлөө бүхий удирдагчдын нэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний төрсөн өдөр. Гэвч түүнд хорвоод мэндэлсэн өдрөө тэмдэглэх чөлөө гарахгүй байгаа бололтой. Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Баяр тэмдэглэх төлөвлөгөө Ерөнхийлөгчид байхгүй. Түүнийг олон ажил хүлээж байгаа. Утсаар ярьж хэлэлцэх асуудлууд, Аюулгүйн зөвлөлийн хуралдаан зэрэгт л өнөөдөр анхаарлаа хандуулах болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Путин төрсөн өдрөө төрөл төрөгсөд, ойр дотныхоо хүмүүстэй тэмдэглэдэг уламжлалтай. Харин өнөөдөр 65 нас хүрч байгаа тэрбээр төрсөн өдөртөө зориулж ямар нэгэн онцгой арга хэмжээг төлөвлөөгүйгээ хэлсэн байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Ерөнхийлөгч төрсөн өдрөө тэмдэглэх нь мэдээж хэрэг. Тэрбээр энэ өдрийг ойр дотныхонтойгоо өнгөрүүлдэг юм. Заримдаа хамтран ажиллагсадтайгаа тэмдэглэх нь ч бий” гэжээ. Гэхдээ Песковын хэлснээр Путин Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй өнөөдөр үд дундуур хийх зөвлөгөөндөө чухал ач холбогдол өгч байгаа аж.

Мөн өнөөдөр Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярина гэсэн мэдээлэл байсныг хэвлэлийн төлөөлөгч нь үгүйсгэжээ. “Трамптай утсаар ярих төлөвлөгөө өнөөдөр байхгүй” гэж Песков хэлсэн байна.

Саяхан Ерөнхийлөгчийнхөө төрсөн өдрийн талаар сөрөг хүчний нөлөө бүхий хүн, Хээл хахуультай тэмцэх санг үүсгэн байгуулагч Алексей Навальный ярьж байсан юм. Шүүхээс түүнийг 20 хоног баривчлах шийдвэр гаргасныг Навальный “Ерөнхийлөгчийн төрсөн өдрийн бэлэг” гэсэн билээ. “Биднийг энэ өдөр жагсаал хийнэ гэж Путин айсан. Тэрбээр 65 насныхаа төрсөн өдөрт зориулж өөртөө бэлэг барьж намайг баривчлуулсан” гэж Алексей Навальный хэлсэн юм. Сөрөг хүчнийхэн энэ сарын 7-ны өдөр жагсаал хийж магадгүй байсныг хориглосон асуудлаар Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков “Энэ нь Ерөнхийлөгчийн төрсөн өдөртэй огтхон ч холбоогүй. Жагсаал цуглаан хийх гэж байсныг хуулийн дагуу хориглосон” гэжээ.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч өмнө нь төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэж байсан бол. Тэрбээр төрсөн өдөртөө нэг их ач холбогдол өгдөггүй бололтой. Тухайлбал, 2015 онд 63 насныхаа төрсөн өдрөөр Путин хоккей тоглож байжээ. Түүнтэй хамт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу байсан гэнэ. Харин 2014 онд их ажлын дараа тэрбээр амралт авч, төрсөн өдрөөрөө Сибирийн тайгад олны хөлөөс хол байжээ.

Эгэл жирийн гэр бүлээс гаралтай удирдагч


Владимир Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд Ленинград хотод төржээ. “Би эгэл жирийн гэр бүлээс гаралтай. Энэ байдлаараа олон жил амьдарсан. Би энгийн хүний байдлаа үргэлж хадгалдаг” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч ярьсан удаатай.

Путиний ээж Мария Ивановна Шеломова их зөөлөн, сайхан сэтгэлтэй хүн байжээ. Ерөнхийлөгч ярихдаа “Бид даруухан амьдардаг байсан. Ногоотой шөл хийж, гамбир хайрдаг эгэл нэгэн гэр бүл байлаа. Бүтэн сайн өдөр болон баярын өдрүүдээр ээж пирошки хийдэг байв. Ээжийн хийсэн байцаа, мах, будаатай пирошки маш амттай байдаг байсан” гэсэн юм.

Путинийг жүдогоор хичээллэхэд ээж нь дургүй байжээ. “Бэлтгэлдээ явах болгонд ээж маань “Дахиад л нөгөө зодоондоо явж байна уу” гэдэг байсан” гэж Путин дурссан байдаг. Түүний дасгалжуулагч нь уг байдлыг өөрчилжээ. Тэрбээр шавийнхаа гэрт нь ирж, эцэг эхэд нь Путиний хичээллэж байгаа спорт юу болох, хүү нь ямар амжилтад хүрч байгааг хэлснээр гэр бүлийнхнийх нь жүдод хандах хандлага өөр болжээ.

Аав Владимир Спиридонович Путин нь дайнд оролцож явсан, 1950-иад онд машины үйлдвэрийн хамгаалалтад ажилладаг байжээ. Дараа нь тэрбээр үйлдвэртээ мастер хийж байсан аж. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Питерт амьдрахад хүнд болж, өлсгөлөн газар авч, Путиний гэр бүл Тверийн Поминово тосгон руу нүүсэн байна. Путиний эмээгийнх нь төрсөн нутаг болох Поминово дахь тэдний амьдардаг байсан байшин одоо ч бий гэнэ. Ах дүүс нь амрахаар очдог байна. Поминовод Путиний аав, ээж хоёр танилцаж, 17 настай байхдаа гэр бүл болжээ.

Дайны дараа Путиний гэр бүл Питерийн энгийн нэгэн нийтийн байрны өрөөнд нүүж оржээ. “Хашаа, худаг, таван давхар лифтгүй байшинг үргэлж санадаг” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч дурсдаг.

Пионер биш хулигаан байжээ


Путиний сургуулийн он жилүүд нэлээд адармаатай. Тэрбээр 1960-1968 онд Ленинградын найман жилийн дунд сургуульд сурчээ. Хичээлдээ байнга хоцорч очдог Путин пионер биш хулигаан байснаа ярьдаг. Түүний багш Вера Дмитриевна Гуревич “Путин тавдугаар анги хүртлээ өөрийгөө төдийлөн харуулж чадаагүй. Гэхдээ би түүнд оюуны хүч чадал байгааг мэддэг байсан. Тэр гадаад хэлд их дуртай, аливааг цээжлэхдээ маш сайн байлаа. Би түүнийг хулигаануудтай найзлахыг нь хорьж, анхаарал хандуулахаар шийдсэн” гэж ярьжээ. Багш нь аавтай нь хүртэл уулзаж хүүдээ нөлөөлөхийг ятгасан байна. Гэвч энэ нь тус болоогүй гэдэг. Харин Владимир Путин зургадугаар ангиасаа эхлэн өөрөө хичээл номдоо анхаарч, онц сурч эхэлсэн байна.

Зургадугаар ангид байхдаа Путин амьдралдаа ямар нэгэн зүйлд хүрнэ гэсэн зорилт тавьжээ. Тэрбээр 3 авахаа больж, пионерт түүнийг хүлээж авснаар залуу Путин огт өөр болж, удалгүй пионерийн зөвлөлийнхөө дарга нь болжээ. Тийнхүү гадуур атамандаж, тэнэж явах нь хангалтгүй санагдсанаар Путин спортоор хичээллэж эхэлсэн байна. “Бас онц сурах хэрэгтэй байлаа” гэж Путин дурссан байдаг.

Далайчин уу, нисгэгч үү, тагнуулч уу


1970 онд Владимир Путин Ленинградын их сургуулийн хуулийн факультетэд элсэв. 1975 онд их сургуулиа төгсчээ. Дараа нь 1980 оны эхээр Москвагийн Улсыг аюулаас хамгаалах хороо (КГБ)-ны дээд сургуулийг төгссөн байна. Путин 1975-1990 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны гадаад тагнуулын ажил хариуцсан нэгдүгээр хэлтэст ажиллажээ. Дараа нь сөрөг тагнуулын ажилд шилжүүлсэн байна. Сөрөг тагнуулын албанд тэрбээр таван сар ажиллажээ. Энэ үеэрээ тагнуулын томчуудад таалагдах болж, гадаад тагнуулын академид сурсан гэдэг.

Дунд сургуулиа төгсөхөөсөө өмнө л түүнд тагнуулчаар ажиллах хүсэл төржээ. Мөн далайчин болох уу, нисгэгч болох уу гэж эргэлзэж байснаа ОХУ-ын Ерөнхийлөгч ярьсан байдаг.

Гэрлэлт ба Германд амьдарсан он жилүүд


Путинийг Герман руу томилж, 1985-1990 он хүртэл Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Дрезден хотод ажиллаж амьдарчээ. ЗХУ-АГУ-ын “Найрамдлын ордон”-ы захирал гэх албан тушаалын дор тэрбээр тагнуул байсан гэгддэг. Ардчилсан Германы нам, улс төрийн дотоод чиг хандлага, тэргүүнүүдийнх нь тухай зэрэг олон чухал мэдээллийг цуглуулдаг байжээ. Путиний Дрезденд байсан он жилүүдийнх нь тухай мэдээлэл маш бага байдаг. Тэрбээр аж үйлдвэрийн тагнуул хийж, одон медаль хүрттэлээ гарамгай ажилласан тагнуул гэж Германы хэвлэлүүд бичдэг.


Герман руу явахаас нь өмнө Путиний амьдралд нэгэн чухал үйл явдал тохиосон нь эхнэр Людмила Шкребневатайгаа танилцсан нь юм. Найз нар нь тэднийг танилцуулжээ. Людмила дотоодын нислэгт онгоцны үйлчлэгч хийдэг байсан аж. Түүнийг найзтайгаа Ленинградад гурван өдөр ирээд байхад нь Путиний найз театрт урьж, Володяг дагуулан очжээ. Путин Людмилатай уулзах гэж дараа өдөр нь мөн найзтай нь театрт урьсан байна. Үүний дараах өдөр нь ч мөн Путин тасалбар худалдан авч Людаг театрт урьсан гэдэг. Тийнхүү Владимир, Людмила хоёр найзлах болж, удалгүй тэдний дунд хайр сэтгэлийн харилцаа үүсчээ. “Гурав, дөрвөн сарын дараа би Путинийг энэ хүн л надад хэрэгтэй гэдгийг мэдсэн” гэж Людмила ярьсан байдаг. Гурван жилийн дараа тэд гэрлэжээ. Путиний ганцаардмал амьдралыг Людмила өөрчилсөн гэдэг.

1985 онд Герман руу явахынх нь өмнө охин Мария нь төржээ. Бага охин Катерина нь 1986 онд Дрезденд төрсөн байна. Путин, Людмила хоёр охиддоо эмээгийнх нь дурсгалыг хүндэтгэн Мария (Путиний эмээ), Екатерина (Людмилагийн эмээ) гэх нэр өгсөн гэдэг. Путин охиддоо маш их хайртай талаар эхнэр нь ярьсан байдаг. “Бүх аав хүүхдүүддээ түүн шиг ханддаг бол сайхан байхсан” гэж Люда ярьсан билээ. Путин охидоо их эрхлүүлдэг байсан болохоор хүмүүжлийнх нь тал дээр эхнэр нь л анхаарахаас өөр аргагүй болжээ. Оросын Ерөнхийлөгчийн охидын талаарх мэдээлэл маш бага байдаг юм. Путин, Людмила нар 2013 онд хоёулаа шийдсэний үндсэн дээр салж байгаагаа мэдэгдсэн билээ.


О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tumur(202.9.41.169) 2017 оны 10 сарын 08

Saihan yumaa mundag udirdagch

0  |  0
Ard(202.9.41.169) 2017 оны 10 сарын 08

Manaid iim udirdagch turduggvi yum baihdaa oroc ahii. Kolon bol oor yumdaa hyatadad ochihoosoo umnu ebgvil bna shvv manaih

0  |  0
иргэн(27.123.212.138) 2017 оны 10 сарын 08

олон хүнтэй орос орныг олон жил удирдаж улс орноо авилгал.гэмт хэрэгээс салгаж чадаж том гүрнийг авч.явна гэдэг нь агуу хүн дэ.гэтэл манай улс 3 сая хүнээ ядуурал өвчингүй аваад явж чадахгүй өөрсдөө баяжаад албан тушаалд үхчихгээд дайраад байх юм да.хэзээ ийм ёрөнхийлөгч гарч айх аюулгүй ядууралгүй үр хүүхдүүд өвчингүй улс шиг болохыг мань мэт үзэхгүй биз.үлдэх үр хүүхэдэд зовох юм.

0  |  0
ссср(103.26.194.146) 2017 оны 10 сарын 08

агуу суутан

0  |  0
Хангай(202.70.46.220) 2017 оны 10 сарын 07

Мундаг хүн.

0  |  0
Top