Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн өсөлтийг дэмжих төсөл Клин Энержи Ази ХХК болон mүүний хувьцаа эзэмшигчид болох Ньюком ХХК, СофтБанк Энержи Корпораци нь Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (цаашид “ЖАЙКА” гэх) болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (цаашид “ЕСБХБ” гэх)-тай хамтран Монгол Улсын өмнөд бүсэд 50 Мегаваттын чадалтай Салхин цахилгаан станцыг барьж байгуулах төслийн ажлыг амжилттай дуусган 2017 оны 10-р сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ.
Монгол Улс нь дэлхийд хүн амын нягтаршлаараа хамгийн багад тооцогддог улсуудын нэг бөгөөд хахир хатуу өвлийн улиралтай тул хүн ардаа, нэн ялангуяа хөдөө орон нутагт амьдарч буй оршин суугчдыг цахилгаан, дулаанаар хангахад ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байдаг. Хэдий тийм боловч Монгол Улс нь салхины эрчим хүчээр цахилгаан гаргах томоохон үйлдвэрлэгч болох боломжтой бөгөөд 1,100 Гегаватт гаруй чадлыг суурилуулах (эх сурвалж: Эрчим Хүчний Яам, Монгол Улс, 2016) бололцоотой бөгөөд Монгол орны өмнөд болон зүүн бүс нутагт салхины эрчим хүчний нөөц ихтэй.
Тухайлбал, 13 аймгийн нутагт дэвсгэрт 20,000 Мегаваттаас дээш мөн 9 аймгийн нутаг дэвсгэрт 50,000 Мегаваттаас дээш салхины эрчим хүчний нөөцтэй байдаг бол Өмнөговь аймгийн нутагт дэвсгэр дангаараа 300,000 Мегаваттын салхин эрчим хүчний нөөцтэй. Цэций Салхин Цахилгаан Станц нь Монгол Улсын хувийн хөрөнгө оруулалттай 2 дахь Салхин Цахилгаан Станц болж байгаа бөгөөд Монгол Улс дахь цахилгааны эрэлт хэрэгцээг Монгол орны байгаль экологит ээлтэй, шавхагдашгүй, цэвэр эрчим хүчний нөөцөөр хангахад хувь нэмрээ оруулах юм. 50 Мегаваттын чадалтай Цэций Салхин цахилгаан станцын төслийг ЖАЙКА болон ЕСБХБ- ын зээлээр санхүүжүүлсэн.Энэхүү төсөл нь ЖАЙКА-гийн хувьд хилийн чанадад хувийн хэвшилд зээл олгон хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний анхны төсөл нь болж байгаагаараа онцлогтой юм.
Клин Энержи Ази ХХК нь 2014 онд Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ (ЦДҮС)-тэй хамтран цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээ болон Монгол Улсын Их Хурлаас 2007 онд баталсан Сэргээгдэх Эрчим Хүчний тухай хууль, 2015 онд баталсан Төрөөс Эрчим Хүчний Талаар Баримтлах Бодлого нь Клин Энержи Ази ХХК-н хувьд Цэций Салхин Цахилгаан Станцын төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах гол хүчин зүйл болсон юм.
Цэций Салхин цахилгаан станц нь импортоор авч буй цахилгааны хэмжээг бууруулах төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй нөлөөллийг бууруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх болно. Тухайлбал, тус Салхин Цахилгаан Станцын төслийг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг жилд ойролцоогоор 230,000 тонноор бууруулж, жилд 180,000 тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэх болохыг тооцож тогтоосон байна. Монгол Улсын өмнөд бүс нутагт орших Цэций Салхин Цахилгаан Станц ашиглалтад орсноор мөн улсын болон орон нутгийн чанартай авто зам, төмөр зам, эрчим хүчний дэд бүтцийг цаашид хөгжүүлэх ажилд тодорхой хувь нэмэр оруулах юм.
Байршил Монгол Улс, Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Хүчин чадал 50 Мегаватт: тус бүр нь 2.0 Мегаваттын чадалтай 25ш салхин турбин генератор
Дэлгэрэнгүй мэдээллийг www.cea.mn, www.newcom.mn веб сайтаас авна уу.
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
mongoldoo nuurs uneguidne
Төр оролцож саад болохгүй бол их бүтээн байгуулалт хийх боломж хувийн хэвшлийнхэнд байгаа шүү....