Монгол Улсын алдарт уяач Ц.Цэрэнбал: Хурдлах морины зоон дээрээс туяа цацардаг

2017 оны 10 сарын 11

"Зиндаа” сэтгүүлийн хоёр дахь дугаарын “Тод магнай”-н хойморт МУ-ын Алдарт уяач Ц.Цэрэнбалыг урьж оролцуулсныг уншигч та нартаа хүргэж байна.

Идэр есийн хүйтэн эхэлсэн хэдий ч нар ээж налайсан сайхан өдөр Айдасын давааны өвөрт Бурхант уулын урд дэнж дээр байрлах Өлзийт хороонд өвөлжиж байгаа МУ-ын Алдарт уяач Ц.Цэрэнбал гуайнхыг зорилоо. Наадамчин олны сайн танил агсан, МУ-ын алдарт уяач Б.Цэрэндагва гуайн дөрөв дэх хүү тэрбээр удам дамжсан уяач. Алдартын гадаа хүрч очиход хашаан дотроо дүнхийтэл их өвс нуруулдаад хураачихсан, 20-иод морьд хэц уяан дээр тавтайяа идээшлэн, өнтэй сайхан өвөлжиж байгаа нь харваас илт байв.

- Сайн байна уу. Мал сүрэг нь тарган тавтай сайхан өвөлжиж байна уу?

- Сайхаан, та бүгд сайхан өвөлжиж байна уу?

- Монголын хурдан морины түүхэнд “Аав хүү, ах дүү Алдартууд” хэмээн нэрлэгдсэн нэгэн сайхан гэр бүлийн удам дамжсан уяачтай уулзаж байгаадаа ихэд билэгшээж байна. Та гэр бүлийнхээ сайхан уламжлал, түүхийн талаар манай уншигчдад сонирхуулна уу.

- Би Дундговийн Дэлгэрцогтын уугуул. Миний аав Б.Цэрэндагва Улсын алдарт уяач, ах Ц.Хүүхэнбаатар мөн Улсын алдарт уяач. Ингээд надтай нийлээд манай гэр бүлээс аав, ах, дүү Улсын гурван Алдарт уяач анх төрж байлаа. Аав маань 1920 оны бичин жил Дундговийн Адаацаг сумын нутаг дахь Бага газрын чулуу, бүр тодруулбал, Шавийн хонхорын баруунтаа Үйлстийн хар овоо хэмээх бууцнаа Дорждуламын ганц хүү болон мэндэлсэн.

- Аавыг тань Бараатын Цэрэндагва гэж овоглодог. Энэ ямар учиртай юм бол?

- Аав маань ухаан орсон цагаасаа ээжийнхээ гар хөлийн үзүүрт зарагдан, мал ахуй эргүүлж явахдаа хүй цөглөсөн бууцных нь зүүн хойд талд дүнхийх Баян Бараат хайрханаас сүрдэсхийн сүсэглэдэг байжээ. Тиймдээ ч эрийн цээнд хүрч, гэр бараа таслахдаа нутгийн хайрханы нэрээр овоглох болж, хожмоо МУ-ын Алдарт уяач Бараатын Цэрэндагва хэмээн цоллуулах болсон юм. Ингэж нутгийн уул овоогоороо овоглосон уяач миний мэдэхийн хоёр л хүн байдаг. Ааваас маань гадна Адаацагийн Шарав гээд уяач мөн уулаараа овоглосон байдаг юм.

- Аавын тань анх морь уяж эхэлсэн түүхийг сонирхвол?

- Аавыг маань уяачийн замд хөтөлсөн хүн бол түүний нагац ах “Халзгай” хэмээх Цэнд гэдэг хүн. Ганц Цэнд ах ч биш, ер нь аавын ээж талынхан нь моринд хорхойтой, сайн ч адуутай хүмүүс байсан гэдэг юм. Хэлмэгдүүлэлтийн үеэр 33 азарга адуу хураалгаж байсан гэгддэг Халхын алдартай гурван баяны нэг Шадав гэдэг хүн мөн л ээжийнх нь талын хамаатан байсан гэсэн. Газар газрын хурдыг цуглуулсан Шадав баяны адуун сүргийн эрийг нь фронтод, эмийг нь Жаргалантын морин заводод явуулж байсан тухай нутгийнхан ярьдаг. Ингээд нагац нарынхаа хурдан морьдыг унаж өссөн аав маань 16-17 хүрмэгц өөрөө бие даан морь уяж, орон нутгийнхаа наадамд наадах болсон гэдэг.

- Дундговийн Дэлгэрцогтынхныг адуутай, айрагтай нутгийнхан гэлцдэг. Танай хурдан буянгуудын угшил хаанаас гаралтай вэ?

- Манай аав бол насаараа адуучин явсан хүн. Улсын адууг аваад л отор нүүдэлд явдаг, тэр хавийн айлуудын адууг сайн мэддэг байсан учраас хэний адуу хурдтайг бас сайн мэддэг. Бараат хавиар хурдан морьдтой айлууд их байж. Тэгээд нутгаасаа адуу авч эхлээд, бас Хэнтий, Сүхбаатар гээд зүүн зүгээс адуу авчирч байсан. 1989 онд гэхэд, Галшараас нэг даага хөтлөөд ирж байсан нь хожмоо жигтэйхэн хурдан азарга болсон. Энэ бол аавын маань алдартай хүрэн азарга даа. Ардын Хувьсгалын 60 жилийн ойгоор ирж уралдаад буцахдаа Дорноговь аймгийн “Онгой” Адилбиш гэдэг хүнээс нэг хүрэн гүү авчирсан. Тэр гүүний хээлэнд ирсэн хар унага бол хожмоо баяр наадамд их олон айраг түрүү авчирсан аавын маань алдарт хар азарга шүү дээ. Адилбиш гэгч тэр хүн хонгор зүстэй морь болгоноо “Зул”, саарал зүстэй болгоноо “Сөөнөн” гэж нэрийддэг. Наранзул, Өндөрзул гэх мэт таван хонгор, Сөөнөн хэмээх гурван саарал азаргатай, нутаг орондоо хурдаараа гайхагдсан хүн байсан гэдэг. Манай аавын алдарт хурдан хар азарга бол “Зул” азаргануудынх нь төлийнх нь төл юм. Ингээд газар газраас цуглуулсан хурдан буянгуудаар адууныхаа цусыг сайжруулсан аав маань 1997 онд 3 түрүү, 15 айргийн амжилтаар МУ-ын Алдарт уяач цолыг хүртэж байсан юм.

- Хэдэн оноос эхлэн хурдан морьдтой хувь заяагаа холбож эхэлсэн бэ? Анхны амжилтуудаа дурдвал?

- Би дөрөвдүгээр анги төгсөөд сургуулиасаа гарч, хөдөө мал дээр аав ээждээ тусалдаг болсон. Манайх долоон хүүхэдтэй айл. Би дээрээ нэг ахтай, ах маань надаас 13 насаар ахмад, тэгээд хоёр эгч, дороо гурван эмэгтэй дүүтэй. Өөрөөр хэлбэл, долоон хүүхэдтэй айлын дээрээсээ дөрөв дэх хүүхэд л дээ. Манай бусад хүүхдүүд сургууль соёлд яваад, намайг ганцааранг маань аав сургуулиас гаргаж авсан юм. Ингээд би 12 настайгаасаа л морь малтай ноцолдож өссөн. Цэргээс халагдаж ирсэн жилээ буюу 1975 оны зун 7-р сарын 21-нд болсон “Адуучид үхэрчдийн зөвлөгөөн”-ий нэрэмжит уралдаанд хар даага маань айргийн гуравт хурдалж, хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Надад анхны айргийг авчирч өгч магнай тэнийлгэж байсан хар даага маань хожим нь “Их ногоон” хэмээх хурдан азарга болж, мөн ч олон айраг түрүү хүртсэн дээ. Дараа жилийн сумын наадамд буюу 1976 онд их насны морь, даага түрүүлгэж нутгийн хөгшдөөс урмын үг сонсож баярлаж байсан. Ингээд сум орон нутагтаа дориун сайн наадаж байгаад төрийн наадмын анхны хишгээ 1995 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд зохиогдсон Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойн даншиг наадамд хүрэн азаргаа тавлуулж, хүрэн даагаа дөрөвлүүлэн хүртсэн. Харин улсын наадмын анхны айргаа 1996 онд бор хязаалан үрээгээ гуравт хурдлуулан хүртэж байсан бөгөөд жилийн дараа хар буурал даагаа дөрөвт хурдлуулж билээ.


- Туршлагатай уяачид бол хурдан морьдыг хараад л анддаггүй. Ер нь өнгөтэй хурдлах ажнай ямархуу шинж тэмдэгтэй байдаг вэ?

- Ер нь бол давхих морины нүд шал өөр болдог /жинхэнэ сонирхолтой сэдвийг нь хөндсөн бололтой, өөрийнх нь нүд ч бас шал өөр болоод ирэв/. Харц нь цаанаасаа туяа татаж байгаа юм шиг харагддаг. Сормуус энэ тэр нь одооны ганган бүсгүйчүүдийнх шиг дэрвийтэл босчихно. Биеийнх нь үс ч огт өөр болдог. Наран доогуур хөтлөөд явж байхад давхих морины зоон дээрээс туяа цацарна шүү дээ.

- Тийм үү, ёстой сонин юм байна. Урьд нь бид, хурдан морины шинж гэхээр, ташаа өндөр, салтаа уужим гэх мэт зүйлсийг сонсож байснаас ийм гоё сонирхолтой юм дуулж байсангүй. Эдгээр шинж тэмдгүүд амьдрал практик дээр яг нотлогдож байсан уу?

- 1999 онд “Говь Шанх”-ын хамгийн анхны наадам болоход манай Жамбалсүрэнгийн хүрэн азарга түрүүлсэн юм. Бид тэр үед хамт явж байлаа. Дараа нь их насны морьд уралдсан. Манай Эрдэнэдалайн Гомбо-Очирын саарал мордоод манай уяаны урдуур ойрхон өнгөрөхөд /тэр үед “Зууны манлай” уяач Даваахүүгийнхэн манайхан ойрхон буусан байсан/ саарал морины зоон дээрээс нар ойсон харагдлаа. Тэгээд Даваахүү, “Ажнай” Бат-Эрдэнэ бид гурав машинд суугаад морь эргүүлэхээр хөдөллөө. Тэгсэн Даваахүү: “Миний хээр морь ч түрүүлчих байх аа” гэж байна. Би: “Наад саарал түрүүлэх байх, өглөө явж байхад нь харахад зоон дээр нь нар ойж байсан” гэлээ. Үнэхээр ч тэр удаа саарал морь түрүүлсэн. Ер нь сайн ажиглавал, давхих морины байр байдал юм хэлнэ шүү дээ.

- Таны Монгол Улсын Алдарт уяач болох амжилтын буухианд ямар хүлгүүд нь ямар наадам, уралдаанд оролцож чухал үүрэг гүйцэтгэсэн вэ? Улс, бүсийн наадмаас хэдэн айраг түрүү хүртэж байв даа?

- МУ-ын Алдарт уяач болоход маань 1997 онд Дундговь аймагт зохиогдсон Зава Дамдинд мандал өргөх Даншиг наадам томоохон үүрэг гүйцэтгэсэн. Тэр наадамд миний хүрэн азарга болон соёолон бор үрээ түрүүлж, үнэхээр бахтай сайхан наадсан. 2003 онд зохиогдсон “Говь Шанхын хурд-2” бүсийн уралдаанд хар буурал азарга маань дөрөвт хурдалж байлаа. Энэ бол 1997 онд улсад айрагдаж байсан хар буурал даага маань юм. Бас Алдарт Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ой болон Зава Дамдинд мандал өргөх Даншигт түрүүлж айрагдсан хүрэн азарганы маань төл хонгор морио 2006 оны “Нүүрэнтэйн хурд”-д түрүүлгэж, 2007 оны “Нүүрэнтэйн хурд”-д тавлуулж байсан. Удамт хурдан хонгор морь маань “Дүнжингаравын хурд -2008” уралдаанд айргийн гуравт хурдалж, хэдхэн хоногийн дараа болсон “Авзага Дүнжингаравын хурд” бүсийн наадамд аман хүзүүдэж байсныг хурдан морь сонирхогчид санаж байгаа байх. 2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд болсон “Их мандал” бүсийн наадамд манай соёолон зээрд үрээ аман хүзүүдэж бас эзнээ баярлуулж байлаа. Ингээд би улс бүсийн наадмаас 2 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар 2002 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн. Тэр үед нэг түрүүг 4 айрагт тооцоод, нийт 10 айргаар Алдарт болдог байсан юм. Ер нь нийтдээ 2 түрүү, 8 айраг хүртэж байсан даа. Дээхэн үед хүний морь уяад хурдлуулахад айргийг би ч нэр дээрээ авдаг, эзэн нь ч бас авдаг байсан. Одоо бол тийм биш болсон. Олон Алдарт гараад байхаар тэгж дүрэм журмаа өөрчилсөн байх. Би 2010 оны төрийн их баяр наадмаар их насанд түрүү авч байлаа.

- Өөрт давхих нэг хэрэг. Өрөөлд очсон адуу сайн давхих бүр сайхан гэж уяачид ярилцдаг юм билээ. Танай хурдан буянгуудын үр төл өөр хаана хурдалж байгаа вэ? Ялангуяа Б.Цэрэндагва алдартын хурдан хүрэн, хар азаргануудын үр төл зөндөө биз?

- Зөндөө бий. Ах бид хоёр гэхэд л, аавынхаа бий болгосон угшил сайт адуугаар олон жил наадаж, олон ч удаа магнайгаа хагартал баярлаж байлаа. Манай ээжийн хамаатан, Адаацагийн Ганбаад би нэг бор хонгор азарга өгч байсан. Тэр ч бас сайн л давхиж байгаа.

- Таны том ах Ц.Хүүхэнбаатар Алдартын хөвгүүд аавынхаа шийрийг хатаан морьд сайн уядаг сурагтай. Таны хүүхдүүд бас удам залган морь уяж байгаа юу?

- Би гурван хүүтэй. Манай хамгийн том хүү Наранбаатар Төв аймгийн Баян-Өнжүүлд айл гэр болсон. Тэр хүү маань Аймгийн Алдарт уяач болсон. Бага хүү энд надтай цуг морь тэжээгээд, уяад явж байна. Уяачдын үр хүүхдүүд морь уяхгүй явна гэж бараг байхгүй л дээ. Манай хүүхдүүд гэхэд, 4-5 настайгаасаа хурдан морь унаж эхлээд, тэгээд 12-13 хүрээд моринд хүнддээд ирэхээрээ морины ажил хийж, надад тусалдаг болсон. Адуу малдаа яваад, тэгээд ер нь хүссэн хүсээгүй өөрөө уяач болоод эхэлдэг. “Зава Дамдин”-д хурдалсан хүрэн азарга бол манай том хүүгийн нэр дээр байдаг.


- Хурдан морьд уралдахад унаач хүүхэд чухал үүрэгтэй биз? Хэдээс хэдэн насны хоорондох хүүхэд унахад тохиромжтой вэ?

- Өө тэр мэдээж, их үүрэгтэй. Унаач хүүхдүүд ер нь бол 5 настайгаасаа унаад эхэлдэг байсан, одоо харин нас заагаад байгаа. 12-14 хүрээд л ерөнхийдөө хүнддээд ирдэг. Тухайн унаач хүүхдийн биеийн том жижгээс хамаарна. Манай тэнд зайдан морь унана гэсэн ойлголт байдаггүй байсан. Одоо харин зайдан унаад байдаг болж. Эмээл хүндэднэ гэдэг юм болов уу. Адаглаад морины олом таталт давхилтад нөлөөлдгийг харгалзаж үзсэн байх.

- Ер нь зундаа хэдэн морь уяж нааддаг вэ?

- Ойролцоогоор 20-30 хүртэл байна. Манайтай ойрхон хүргэнийх, хүргэний дүү нар, манай ахын хүүхдүүд гээд морь уядаг олон хүн байгаа. Тэдэндээ чадлаараа зөвлөж зураад, энийг нь улсын наадамд, тэрийг нь сумын наадамд гэх мэтээр ярилцдаг даа. Ер нь, морь, хүүхэд хоёр эсэн мэнд уралдаад ирвэл том баяр. Тэгээд айрагдаж, түрүүлсэн тохиолдолд бүр ч том баяр болдог.

- Дундговиос олон Алдартууд төрсөн үү?

- Ер нь нэлээн хэд бий дээ. Манай аав гэхэд, МУ-ын 27 дахь Алдарт уяач, Дундговиос бараг анхных болж байсан. Тэгээд С.Гомбо-Очир гуай, Ш.Яринпил гуай гээд ааваас маань хойш Алдарт болсон олон уяач бий. Би гэхэд, Улсын 88 дахь, Хүүхэнбаатар ах маань 115 дахь Алдарт уяач болж байлаа. Ах маань Хэрлэнгийн хөдөө аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн баяр наадамд хязаалан үрээ түрүүлгэж байсан юм. Хоёр жилийн өмнө ах маань “бурхны морьд уяхаар” мордсон доо.

- Уяачид маань энд тэндээс хурдан ажнай худалдаж аван, сүргийн бүтцээ сайжруулан цус сэлбэдэг. Хүнээс хурдан морь өндөр үнээр худалдаж авчихаад сайн хурдлуулж чадахгүй байх тохиолдол гарна биз? Уяа сойлго, морь эдлэх зэргээс их хамаарах уу?

- Тийм тохиолдол гардаг. Уяа сойлго, нутаг орон, өвс тэжээлийн онцлог гээд олон хүчин зүйлээс хамаардаг байх. Морины хөндүүрийг сайн гаргачихсан байхад их сайн даа. Өвлийн морийг л их сайхан зөв хөдөлгөвөл хор шар байхгүй, иймээ тиймээ өвчин эмгэг тусах нь ховор. Харин хавар, намар түвэгтэй байдаг. Намар бол тарган морь бялуурч, хавар харших гэж байна. Ер нь хаврын хавсарга салхи моринд их халтай. Өвөл сайн эдэлсэн морийг зун ногооноор сайн идүүлээд, тэгээд л ажил хийлгээд байхад болдог доо. Намрын морины хэцүү нь бялуу гэж байна. Дотор өөх хайлмагтаад, их өөх идсэн хүн шиг бялуурна. Морь тарган байхад унахад нөгөө бялбайсан өөх нь дотор эрхтэн эвгүйцэхэд нөлөөлдөг. Бялуу суусан морь анх мордоход жигтэйхэн сэвэлзэж явснаа газрын өөд бүр хөдлөхөө больдог. Одоо энэ хажуугийн овоон дээр гаръя гэж бодоход, тэхий дунд нь очоод явахаа больж, заавал амарч байж гарах жишээний.

- Уралдах морьдын уяа сойлгыг хэр удаан хугацаанд тааруулдаг вэ?

- Морьдын хувийн онцлогоос шалтгаалдаг. Хэр их тарга тэвээрэгтэй байна гэх мэтчилэн. Ер нь бол, нэг сар гаруйн ажиллагаа ордог доо. Наадмын өмнө гэхэд, зургадугаар сарын эхээр эхлэх жишээний. Дээр үеийн морьд иймэрхүү байсан. Харин одооны морьд бол тэжээл идээд бараг жилийн турш эдэлгээтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл, ажил нь их болж байна гэсэн үг. Их таргалуулахгүй, их тураалгүй яг тааруулж байлгах зорилт тавьдаг.

- Хурдан моринд хэрэглэдэг эм тариа, элдэв хэрэгсэл их гарсан байх. Энэ талаар та ямархуу бодолтой байдаг вэ?

- Дэлгүүр, захаар бол зөндөө л байдаг юм. Амаар нь уулгадаг амин дэмүүд ч гарсан байна лээ. Хурдан морьдод голдуу овьёос, тэжээл өгдөг. Одоо 110 мянган төгрөгийн үнэтэй хүчит тэжээл гээд овьёосонд хольж өгдөг хүнс ч байна. Нэмэр болохын хувьд нэмэртэй байх аа, мэдээж.


- Хурдан морьдын уралдаанд эрлийз, монголыг үнэхээр сайн ялгаж чаддаг болов уу? Наадмын 13-нд эрлийз морьдын уралдаан гээд болоод байдаг.

- Жаргалантын зүүн хойдох Морин завод, мөн Морин тойруулгад эрлийзүүд байдаг байлаа. Тэдний угшилтай олон морьд уралдаж байгаа. Тэр бүгдийг нарийвчлан ялгахад бэрх л дээ.

- Нөгөө алдарт шаргыг Морин тойруулгын “Тогоруу халтар”-ын үр сад гэдэг. Тэгэхээр эрлийз угшилтай гэсэн үг үү?

- Морин тойруулгын “Тогоруу халтар”-ыг би 1970-аад оны үед харж байсан. Морин тойруулгын адууг Архангайн “бөгтөр” Төмөр гэдэг хүн Хүй долоон худагт малладаг байхад би аавтайгаа хамт мал туудаг байлаа. Тэр үед би явж байгаад тойруулгын халтар азаргыг харж байсан юм. Тэр эрлийз л дээ. “Тогоруу халтар” бол өндөр, том тавагтай азарга байсан. Тэр үед Морин тойруулгад “Алтан гадас”, “Солонго” энэ тэр гээд хэдэн цавьдар азарга байдаг байсан. Тэр “Солонго” гэхэд, улсын их баяр наадамд бараг дөрөв түрүүлж байсан байх. “Тогоруу” бол харин нэг их түрүүлээгүй, айрагддаг байсан.

- Улсын их баяр наадамд хурдан буянгууд нь түрүүлж айрагдахад өөрийн эрхгүй самсаа шархирч, нулимс гардаг биз? Бас л их олон хоногийн хүч хөдөлмөрийн үр шим юм даа.

- Өө тэгэлгүй яахав, хачин болно шүү дээ. 1996 онд хязаалан бор үрээ улсад анх айрагдахад их огшиж билээ. 1997 онд манай хар азарганы үр төл “Годон буурал” даага маань улсад дөрөвт хурдалж, бас их баярлуулсан. Тэр үед Тод манлай Э.Эрдэнэчулууны том шарга дааган насандаа тавд давхиж байсан юм.

- Адууг их ухаантай амьтан гэлцдэг. Тийм биз?

- Үнэхээр мундаг ухаантай амьтан шүү. Адуу ухаантайгаар барахгүй, энэ ухаант адгуусыг дагасан эр хүн амьдралын нугачаанд барагтай бол сөхрөхгүй сэтгэлийн бядтай, ноён нуруутай хүн болж төлөвшдөг. Уяачид бол адуугаа л дагаж, адуугаа л ярьж, морио уяж жаргаж суудаг гүндүүгүй хүмүүс. Адуу, уяач хоёрыг “Дэлтэй бурхан”, “Дээлтэй хийморь” гэж нэрлэж болно доо.

- Сайхан ярилцаж, хууч хөөрсөн танд их баярлалаа. Таны хурдан буянгууд олон олон наадмын айраг түрүү авах болтугай!

- Баярлалаа. Танай хамт олонд мөн шинэ ондоо улам ихийг хийж бүтээхийг ерөөе!

Ярилцсан: Д.Мягмарсүрэн

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кккк(112.72.12.68) 2017 оны 10 сарын 14

Энэ одоо юу вэ? Нөгөө арчиллын анхны жилүүдэд дуулиан болоод байсан Өнөрмаагийн хамаатан юм биш биз дээ? Одоо алдарт уяач М. Энхболдоос бас ярилцлагаа аваач

0  |  0
Цахар(202.131.226.139) 2017 оны 10 сарын 13

Морьд уяан дээрээ идээшлэнэ гэхээр юу гэж ойлгож байна. Гадаад хүний л бичсэн мэдээ юм болов уу?

0  |  0
даваахүү(182.160.33.23) 2017 оны 10 сарын 13

хий юм хардаг өвгөн байна хэ хэ хэ. фосфортой морь юм уу?

0  |  0
Жүүгээ(66.181.186.207) 2017 оны 10 сарын 12

Будаач будаач нэхээр сахлаа будав гэдэг шиг

0  |  0
Top