Натали Портман: Ижил хүйстэнтэйгээ секс хийсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

Саяхан уугуул нутгийнхаа сэтгүүлчдээс “Израилийн бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүй” хэмээн өргөмжлөгдсөн Натали Портманаас”The Interview сэтгүүлийн сурвалжлагч Томас Зельке ярилцлага авчээ.

“Тэрбээр сайхан гадаад төрх шигээ ааш зантай нэгэн байж ярилцлага өгөхийг уриалгахан зөвшөөрсөн төдийгүй “Би өмнөө ямагт биелэгдэх боломжгүй мэт зорилго тавьдаг. Заримдаа яах гэж ийм хэцүү ажил эхлүүлэв дээ гэж боддог ч дараа нь “Би чадна аа” гэж хашгиран гараа зангидаад зүтгэж эхэлнэ дээ. “Хар хун” киноны дүрээ яг л ийм аргаар өөрийгөө зоригжуулж байж бүтээсэн” хэмээн өөрөө ярьж эхэллээ” хэмээн сэтгүүлч өмнөтгөлдөө бичжээ. Ингээд Израилийн хамгийн сайхан бүсгүйн илэн далангүй ярилцлагыг хүргэе. Түүнийг монголчууд бид Жан Ренотой хамт тоглосон “Алуурчин Леон” киноны бяцхан охины дүрээр сайн мэдэх билээ.  


 

-Натали, “Хар хун” кинонд та балетчин бүсгүйн дүрд тоглосон ч мэргэжлийн балетчин хүний л үзүүлж чадах тийм хүнд хэсгүүдийг орлон тоглогчгүй хийж дуусгасан гэж сонссон. Мэргэжлийн бүжигчид киног үзээд таныг шоолно гэж айсангүй юу?

-Айх аа... Энэ чинь бүр хамаагүй зөөлөн сонсогдож байна . Бүр айдсаасаа болоод дэнсэлж донсолж байсан гээч. Эхлээд балетчины дүрд тоглох ямар ч боломжгүй юм шиг санагдаж байсныг нуугаад яах вэ. Гэвч өөртөө байгаа нөөц бололцоогоо гаргах хэрэгтэй юм гэсэн бодол минь эцсийн эцэст дийлсэн юм. Би багадаа балетаар хичээллэхэд багагүй цаг гаргадаг байлаа л даа. Гэсэн чбалетчин хүнээс ямар их тэвчээр, хөдөлмөр гардгийг зураг авалт эхэлтэл ойлгоогүй л байсан юм билээ. Гэхдээ зураг авалт эхэлтэл өөртөө тийм ч их итгэлтэй биш байлаа. Өөрөөр хэлбэл, ажил хүндрэх тусам итгэл минь бас нэмэгдэж байсан учраас л энэ дүрийг бүтээсэн. Найруулагч Даррен Аронофски маань надад жинхэнэ мэргэжлийн хамтрагч олж өгөхөөр амалсан ч үүндээ хүрэх гэж их зүдэрсэн дээ. Тэр шаардлага хангасан гэж үзсэн хүмүүстэйгээ өөрөө биечлэн уулзаад, уулзаад л байсан. “Чөтгөр аваг, би тэдэнд зөвлөгөө өгснийх нь төлөө мөнгө амалсаар байхад зүгээр л татгалзаад байна. Би тэдний тухай кино хийх ёстой юм гэнэ” хэмээн үглэж байсан гээч. Аз болоход түүний эрэл амжилттай дуусч бид Мила Кунисыг олж билээ. Би тэр үед их баярлаж байсан нь цаашид юу болохыг огтхон ч төсөөлөөгүйд байлаа. Эхлээд арай багаар төлөвлөж байсан сургалт өдөрт зургаан цаг болтлоо уртасч, завсар хооронд нь усанд сэлэх, амьсгалын дасгал, гимнастикаар хичээллэх гээд л “бие махбодийн тамлал” хэдэн сар үргэлжилсэн. Дасгал хийсээр оройдоо би өөрийгөө үхэх гэж байгаа юм уу аль эсвэл бүр үхчихснээр төсөөлдөг байлаа шүү дээ. Мэргэжлийн балетын багш Кунис хүртэл нэг удаа  “Миний бие яг л онгоцны ослоос амьд гарсан хүнийх шиг л санагдаж байна. Бүх бие шархирж өвдөг нугараад л. Би хурууныхөө өндгийг мэдрэхгүй байна” гэж хэлж байж билээ. Гэсэн ч бид өглөө нь урьдын адил бэлтгэлээ үргэлжлүүлдэг байв. “Бэлтгэл сайн хийвэл зураг авалтын үед бага зовно” гэсэн Аронофскигийн үг зөв байсан нь маргаангүй, гэхдээ зураг авалт хөнгөн байгаагүй ээ. Турж, биеийн галбир сайхан болж байсан явдал л надад сэтгэлийн дэм болж байсан юм.

-Ийм тамлалыг сайн дураараа эдлэхэд сэтгэлийн хэр тэнхээ шаардлагатай байдаг юм бол?

-Хэцүү байсан ч найман жил хүлээсэн дүр гэдэг утга нь үүнээс хамаагүй илүү байсан юм. Аронофски эртнээс л балетчин бүсгүйн тухай кино хийхээр төлөвлөж, дотроо бодож явсан юм билээ. Тэгээд энэ дүрээ надад итгэж найдаад өгсөн. Анх надад санал тавихад зохиол нь ч байхгүй байсан гээд бод. Тэгээд би “Миний дүр ер нь ямаршуухан дүр юм бол оо” гэж асуухад “Ерөнхийдөө чи хоёр дүрд зэрэг тоглох болно. Хар хун, цагаан хун Одетта, Оделла. Чамд бас өөртэйгөө буюу ихэртэйгээ секс хийх хэрэг гарч магадгүй шүү, бэлтгэлтэй байгаарай” гэж хариулсан. Би дахин дахин асуусан ч Даррэн “Юу болох нь вэ харъя би бас сайн бодож амжаагүй байгаа” гэж байсан юм.   

-Үнэхээр энэ киноны дүр чинь шүтэн бишрэгчдийг шоконд оруулж чадсан шүү. Секс хийж буй хэсэг нь.

-Би чинь жүжигчин хүн. Дандаа сайн охины дүрд тоглоод байж таарахгүй шүү дээ. Бас 29 настай болохоор өөрөө ойлгохгүй байсан ч ямар ч дүрийг хүлээж авахад бэлэн байх ёстой. Хамтрагч маань үнэхээр жинхэнэ юм шиг тоглосон шүү.

-Эцэг эх чинь яаж хүлээж авсан бэ?

-Тэдний бодол санаа надад чухал байдаг л даа. Гэхдээ аз болоход эцэг эх маань миний тайзны ажилд хутгалдаад байдаг хүмүүс биш. Санаа тавьдаг ч “Зохиолыг өөрчилж болохгүй юу” гэх мэтийн юм ярьдаггүй. Намайг анх жаахан охин байхдаа Люк Бессоны “Леон”-тоглоход хэрхэн санаа зовниж байсныг нь санаж байна. Ялангуяа эцэг маань маш их санаа зовж, энэ дүр охинд нь буруу нөлөөгөө тусгачих вий дээ гэж бодож байсан юм. Тамхийг байж болох хамгийн бага хэмжээгээр татахыг зөвлөж байсан сан. Зураг авалтын газар ирчихээд намайг цагаар хооллох гэж оролдоод л… (Инээв).

-Жилийн өмнө Их Британийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гэр бүлтэй болохыг сонирхохгүй байгаа гэж ярьсан байсан. Энэ бодол чинь одоо өөрчлөгдсөн үү?

-Яг үнэнийг хэлэхэд энэ талаар яримааргүй байна. Хүмүүс уулзахад эхлээд сайхан мэдрэмж төрж дараа нь дурлалцаад, гэтэл бүх юм өөр байсныг бага багаар анзаарч эхэлдэг. Эцэст нь сайнаар бол найз нөхөд, муугаар бол бие биенээ үзэн ядаад л дуусдаг шүү дээ. Миний бодлоор, салсан хосууд бол хариуцлагагүй, яааран шийдвэр гаргасныхаа горыг амсаж байгаа хүмүүс. Жишээ нь, би хэзээ ч хэнд ч өөрийнхөө бодлыг тулгаж байгаагүй, өөр хүн ингэхийг оролдвол ч хүлээж авахгүй. Гэтэл гэр бүл болсны дараа энэ сайхан байдал алдагдаж хамт байгаа хүнийхээ нөлөөнд ордог шиг байгаа юм. Үүнийг хөнгөн эсвэл хүндээр хүлээж авснаас гэр бүл хэр удаан оршин тогтнох нь шалтгаалдаг юм шиг ээ. Би жишээ нь, өглөө болгон гүйж, спортоор хичээллэдэг. Тэгсэн ч гэр бүлийнхээ гишүүн юм уу, дотны найз унтамхай нэгнийг “эрт сэр” гэж ятгахгүй. Цагаан хоолтонтой амьдрахад хэцүү гэж хүн бүр хэлдэг, гэтэл надад бол үгүй. Тэд өөрсдийнхөө хоолноос таашаал авч байна, би ч бас өөрийн хоолноос таашаал авна. Гэтэл тэдний хувьд би бас л буруугаар амьдраад байгаа хүн шүү дээ.

-Та цагаан хоолтнуудад зориулсан гутлын цех ажиллуулдаг. Ашиг их олж байна уу?

-Юуных нь ашиг байх вэ дээ. Ашгийн зорилгоор байгуулаагүй юм чинь. Миний олон танилууд амьтны арьс ширээр хийсэн гутал өмсөхөөс татгалзсаныг би мэдэж байсан. Тэгэхээр тэд чинь өөр ямар гутал өмсөх билээ. Тэгээд л тэдэнд, бас бусдад туслахаар ийм санаа сэдсэн юм. Энд янз бүрийн даавуугаар жинхэнэ урлагийн бүтээл шиг гутлыг хийдэг шүү. Харин ашгийн хувьд бол буяны үйл ажиллагаанд зориулчихдаг юм.

-Натали, та өөрийгөө амжилттай хүн гэж боддог уу?

-Яриангүй. Миний мөрөөдөл эхнээсээ биелсээр л байгаа. Яагаад ийм болсноо ч нууцлаад байх юм байхгүй. Нэгдүгээрт, хийвэл бүү ай, айвал бүү хий гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Хоёрдугаарт, ирээдүйд найдлага тавилгүй зөвхөн одоогоороо амьдрах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд амжилт чамайг олохдоо л олно.

 

С.Төгөлдөр

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
leon(202.179.25.47) 2021 оны 04 сарын 07

Миний багын шүтээн хөөрхөнөөрөө бноо

1  |  0
Top