Өөртөө ахадсан усны тэрэг чирэн бэдрэх жаахан охин гэр хорооллын гудамж өгсөн зүтгүүлнэ. Түүний нүдэнд түүртсэн шинж бас багахан баярын оч гялалзана.
-Ах нь усыг нь дөхүүлээд өгөх үү? гэхэд...
Манайх энүүхэнд харагдаж байна. Одоохон хүрлээ... гэсээр бяцхан цээжээ түнхэлзүүлэн урагшлав. Чирч яваа тэрэгний нь дугуй урагшаа биш буцаж эргээд байх шиг хачин мэдрэмж төрөхөд, түүнд дэм болохоор усны тэрэгний арлаас хөтөллөө. Хөөрхий нуруун дээрээс нь хүнд ачаа авах шиг болж хөл нь хөнгөрөөд, инээд алдан алхана.
-Баярлалаа ах аа... Манайд хүн одоогоор алга. Аав ээж хоёрыг ажлаасаа ирэхээс нь өмнө ус авч байгаа юм. Орой ирээд баярлах байх гэж бодоод...
-Өө тийм үү... ямар том саваар ус авдаг юм бэ... Худаг нь хол харагдсан.
-Устай болохоороо хүнд болчихдог юм байна. Худаг дээр уг нь нэг согтуу ах тааралдаад, 1000 төгрөгөөр хүргээд өгье гэсэн л дээ... Даан ч надад мөнгө байдаггүй... Бид хоёрын яриа тийн өндөрлөж, охин хашааныхаа хаалгаар орлоо.
-Хаалгаа дотроос нь сайн түгжээрэй!... гэж хэлснийг минь дуулсан уу, үгүй юу бүү мэд. Хуруун чинээхэн охин аав ээжийнхээ ачийг хариулахаар худгаас тэрэгтэй ус чирээд явж байхад, мянган төгрөг өг!... гээд зогсож байх, суурин газрын хуншгүй эрийг дотроо зүхэв. Хүн гэдэг өөрийн мөн чанараа гээсээр буйг бид харсаар мөртлөө, хамт хотжилтын утаа угаарыг "тэтгэж" амьдарсаар. Өөрсдөө ч дотроосоо угаартаж буйгаа ойлгож буй ч үл тоохын хөрдөг нөмрөн хээв нэг алхсаар. Энэ охин мэт хичнээн нялх үр гэнэн цайлган зангийнхаа “золиосонд” хүний гарт хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байгаа билээ дээ.
Хүүхдийн төлөө “За” гэж хэлье гэх хоосон уриатай нийгмийн хөлд охид хэрхэн гишгэгдэж байгааг харсаар мөртлөө, мөнгө, эрх мэдлийн төлөө хэрүүлээс өөрийг ярилгүй таг дуугүй суусаар.
Хүний нялх үрийг амьдралын босгоор алхаа ч үгүй байхад нь жам бусаар хохироож, мунаг хүслийнхээ цангааг тайлан нөгөө ертөнцрүү илгээгчдийг яалтай.
Саяхан нэгэн сэтгүүлч танил маань энэ тухай яриа өдөж, “Хүний ичих булчирхай арилна гэж байх юм. Танилын маань хүүхдийг хүчирхийлээд шоронд орсон нөхөр суллагдсан гэнэ. Тэгээд утсаар залгаад, “найз нь гараад ирсэн шүү дээ, нөгөө газраасаа”... гэж юу ч болоогүй өнгөтэй ярилаа ” гэж сэтгэл зовинон өгүүлэв. Ял зэмлэлээ хүлээгээд, шорон оронд ороод гарч ирсэн нэгэн бол засарч хүмүүжсэн байлгүй. Гэвч түүний тухай мэдэж сонссон ойр тойрны хүмүүсийн айдас, хүчирхийлүүлсэн охин, түүний аав ээжийн сэтгэлийн шарх аниагүй байгаа.
Аав ээжийн хараа хяналт, багш сурган хүмүүжүүлэгчдийн хариуцлагагүйгээс болоод хэчнээн нялх үр биеэ бузарлуулж, сэтгэл санаа, амьдралаараа хохирсныг тоолшгүй. Энэ он дөнгөж гарахад 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг Өмнөговь аймагт гарсан тухай мэдээ олныг цочроосон. Түүний дараахан 19 настай оюутан охин мөн л тус аймагт, зодуулж хүчихийлүүлсэн байдалтайгаар олдсон жишээ байна. Мөн саяхны ноцтой жишээ гэвэл 13 настай охин буудалд нас барсан тухай мэдээлэл юм. Үхсэний хохь амьдын зол гээчийн уршигаар өнөөг хүртэл хэргийн учир байдал тодорхойгүй л байна. 13-хан настай охиныг архи ууж мансуурсан, архинд хордсон мэтээр ярьсаар бичсээр... Дөнгөж 16 хоногийн өмнө нэгэн охин гэрээсээ гараад, буцаад хаалгаа татсангүй, харамсалтай мэдээ ч дуулдав. "Дэлгүүр орчихоод ирэхээр..." явсан 17 охин хаачив.
Төрсөн охиноо хүчирхийлсэн аавууд, дуугүй байхгүй бол “ээжийг чинь ална” гээд дагавар охиноо хүчирхийлсэн хойт эцэг... Охидод халдсан гэмт хэргийн тухай энэ мэтчилэн дурдаад дуусашгүй. Өнөөдөр охидын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын өдөр. Гэвч Монголын эрхэм дээдэс юу ч үл дуугарав. Шинэ жорлон барьсны төлөө тууз хайчлаад зогсож байхаасаа ичээгүй байж, охидын хүчирхийллийн эсрэг чихэнд чимэгтэй нэг үг дуугарсан бол сайн сан. Охид гэртээ хүртэл хүчирхийлэлд өртсөөр байгаа өдөр тутам сонссоор та бүхний чих дөжирсөн байх. Ухаант хүний ой тойнд оромгүй гэмт хэрэг үйлдэгсдийг залхаасан, охидыг тэднээс хамгаалсан дорвитойхон хууль санаачлаач ээ!!!
З.Говь
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
монголын сайхан охин үрсээс минь муу юм хол байх болтугай.