Үхлээ урьдчилан мэдэрсэн алдартнууд

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

Үхлээ урьдчилан таамаглаж байсан алдартнууд нэлээд олон. Хөгжимчид, жүжигчид, тамирчид болон бусад олны танил нийгмийн зүтгэлтэн удахгүй нас барах гэж байгаагаа мэдэрсэн байдаг. Эдгээрийн зарим нь яг оносон байгаа юм. “Cosmo Online” сайт уг тохиолдлуудын талаар нийтэлжээ.

Тупак Шакур нас барахаа хоёр жилийн өмнө мэдэрчээ


1994 онд нэгэн ярилцлагадаа рэпер “15 жилийн дараах амьдралаа та хэрхэн харж байна вэ” гэсэн асуултад “Сайндаа бол би булшинд хэвтэж байна байх. Муудаа би үнс болон хувирах биз” гэж хариулж байжээ. 1996 оны есдүгээр сард үл таних нэгэн хүн дуучныг Лас-Вегаст буудан хөнөөсөн билээ. Цагдаа нар энэ хэргийг илрүүлж чадаагүй юм.

Жон Леннон үхлийнхээ талаар нэгэн дуундаа өгүүлсэн


Тэрбээр алуулахаа мэдэрч байжээ. 1980 оны арванхоёрдугаар сард алдарт “The Beatles”-ыг үүсгэн байгуулагч Нью-Йорк дахь гэрийнхээ гадаа нэгэн фэндээ буудуулан амьсгал хураасан байдаг. Марк Чепмен нь Жон Ленноны үнэнч шүтэн бишрэгч байсан аж. Тэрбээр мэдүүлэг өгөхдөө нэгэн зохиол дээрээс Жон Ленноныг алах санаагаа олсон гэсэн байна. Марк мөн алдарт дуучинд үнэнч шүтэн бишрэгч нь гэдгээ харуулахын тулд гэрийнх нь гадаа отож байгаад буудсан гэж мэдүүлсэн нь түүнийг сэтгэцийн өвчтэй гэх дүгнэлтэд хүргэсэн билээ.

Тэгвэл 1984 онд Леннон “Borrowed Time” дуундаа маргааш амьд байна гэдэг нь таашгүй зүйл гэсэн утгатай үг оруулж байжээ. Түүнчлэн “Beatles”-ын хэвлэлийн төлөөлөгч байсан Фрида Келли “Жон Леннон 40 наснаасаа хойш амьд байхгүй юм шиг ярьж, юу ч төлөвлөдөггүй байсан. Тэр энэ насан дээрээ буудуулсан” гэж ярьсан байдаг.

Курт Кобейн 14 настайдаа яаж нас барахаа зөгнөн хэлжээ


Курт 14 настай байхдаа ангийн найздаа алдартай рок хөгжимчин болно, баяжина, ер бусын алдар нэрд хүрээд дараа нь амиа хорлоно гэж хэлж байжээ. Энэ нь зүгээр нэг хошигносон үг байсангүй. “Nirvana” хамтлагийн ахлагч тэрээр 27 насандаа амиа хорлосон юм. 1994 оны дөрөвдүгээр сарын 5-нд Кобейн ам руугаа буудсан байжээ. Тэр мансууруулах бодис хэрэглэсэн байжээ. Кобейны цогцсыг гурав хоногийн дараа олсон байдаг.

Майкл Жексон Элвис Пресли шиг нас барахаа мэдэж байсан


Попын хааны эхнэр Лиза-Мария Преслийн ярьснаар Майкл хадам аав Элвис Пресли шигээ үхнэ гэж айдаг байжээ. Элвис 1977 онд тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэснээс болж зүрх нь зогссон билээ. Харин Майкл эхнэрээсээ аав нь хэрхэн нас барсан, яагаад тийм юм болсон талаар үргэлж асуудаг байжээ. Түүний аавын адилаар үхнэ гэдгээ мэдрээд байгаагаа Майкл эхнэртээ хэлдэг байсан талаар Лиза-Мария ярьсан байдаг.

Майкл Жексон 2009 онд яг Элвис Пресли шиг нойрсуулах, тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэснээс амиа алдсан билээ.

Жими Хендрикс дуундаа өгүүлжээ


Жими амьдрал нь удаан үргэлжлэхгүй гэдгийг үргэлж хэлдэг байжээ. 1965 онд Хендрикс “Ballad of Jimi” дуугаа бичиж, түүнд таван жил л амьдрах хугацаа үлдсэн талаар өгүүлсэн байдаг. Тийм зүйл ч тохиолджээ. Нойрсуулах эм, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн түүнийг эмч нар аварч чадаагүй аж.

Боб Марли зөн билэгч мэт байжээ


Бобын ойр дотныхон түүнийг зөн билэгч гэдэг. Тэрээр найз нартаа 36 насандаа өөд болно гэдгээ тодорхой хэлдэг байжээ. Энэ л насандаа Боб тархины хавдраар нас барсан юм.

Василий Шукшин оршуулгаа зурж байв  

Хойд хөршийн алдарт Василий Шукшин дотны найз Георгий Бурковтойгоо уулзаад цаасан дээр ямар нэгэн зүйл зураад байжээ. Юу зурж байгааг нь асуухад Шукшин “Бороо, уулс, үүл. Ерөнхийдөө бол оршуулга” гэж хариулсан гэдэг.

1974 оны аравдугаар сарын 2-нд Шукшин “Они сражались за Родину” киноны зураг авалтын үеэр зүрхний шигдээсээр нас баржээ. Түүний бүтээсэн дүр Петр Лопахинд Игорь Ефимов дуу оруулсан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чойлоо(202.70.46.210) 2019 оны 12 сарын 08

Зөн гэж юм хүнд бдаг нь энэ,

1  |  0
Top