Д.Ганзориг: Азид байхгүй чацаргана боловсруулах үйлдвэр зөвхөн манайд бий

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

Чацаргана жимсийг "хаан" жимс хэмээн нэрийдээд удаж байгаа билээ. Тэгвэл “Хаан жимс” ХХК нь Герман технологиор чацаргана жимс боловсруулах “Хуба Буба” үйлдвэрийг байгуулжээ. Тус үйлдвэр нь чацарагана жимсэн дээр ямар нэгэн бодис нэмэлгүйгээр чацарганы шүүсийг өөрөөр нь ариутгаж охь хэлбэрээр нь савласан бүтээгдэхүүн гаргадаг байна. Тус үйлдвэрийн инженерүүдийн яриаг хүргэе.

 “Хуба буба “үйлдвэрийн ахлах инженер Б.Ган-Эрдэнэ  “Манай үйлдвэр жимс боловсруулах, савалгаа гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Жимс боловсруулах үйлдвэр нь цагт нэг тонн жимс боловсруулах хүчин чадалтай. Сард нэг сая шилтэй охь үйлдвэрлэдэг.  Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хувьд  Герман Улсаас орж ирсэн. Герман зөвлөхүүдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.  Савлагааны шилийг Шанхайгаас оруулж ирдэг. Түүхий эдийн хувьд Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд чацарганы 100 га талбайтай. Талбайгаасаа жилд 100-150 тонн чацаргана хурааж түүхий эдээ бэлтгэдэг. Мөн Сонжин-болдогт гурван га чацарганы талбайтай. Манай үйлдвэрийн гол онцлог нь чацаргана жимсийг яг байгаагаар нь савладаг. Одоогийн байдлаар дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа. Япон, Солонгос, Хятад, Энэтхэг рүү экспортлох гэрээ хэлэлцээр хийх ажлын шатандаа явж байна” гэв

Зөвлөх инженер Д.Ганзориг “Манай бүтээгдэхүүн нь хүний дархлалын системийг эрүүл байлгахад чиглэсэн. Чацаргана жимсэнд биологийн идэвхт 190 гаруй төрлийн бодис байдаг. Тус бодисыг алдагдуулалгүйгээр боловсруулах Германы дэвшилтэт технологиор бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Чацаргана жимс зүрх, ходоод, дархлаа дэмжих гээд маш олон төрлийн ашиг тустай. Мөн сүүлийн үед сэтгэл гутралыг чацаргана жимсээр эдгээж болно гэдгийг эрдэмтэд баталсан. Тухайлбал аз жаргалын даавар нь чацарганы хальсанд байдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоогоод байна. Тиймээс төрөлхийн болон түр зуурын гутаранги байдалд орсон хүмүүс хэрэглэхэд маш сайн. Манай үйлдвэр Азид байхгүй үйлдвэр. Европын хэдхэн оронд л бий” гэлээ.

Үйлдвэрийн шат дамжлагын хувьд -18 градусын түүхий эдийн агуулахад жимсээ хураадаг байна. Дараагаар нь жимсээ навч болон механик хольцоос нь ялгаж үйлдвэр рүү оруулах аж. Улмаар чацарганаа урьдчилан халаах хэсэг рүү оруулан буталж үрийг нь ялгаж чацарганын цэвэр охийг гаргана. Харин үрээс нь тос гаргаж авдаг байна. Ялгаж авсан тосыг концентрац үйлдвэрлэхэд ашигладаг гэнэ. Концентрац нь тунгалаг болон хагас тунгалаг шүүснээс гаргаж авсан гэсэн хоёр төрөл байх аж. Тус бүтээгдэхүүний нүүр царайгаар СТА Н.Наранбаатар, ангууч хочтой Б.Баттөр нар сонгогджээ.



Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu