Ч.УНДРАМ: МУИС-Д ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ

МУИС-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал, доктор (Sc.D), профессор Чинбатын УНДРАМ-ын ярилцлагыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Чинбатын Ундрам нь 2004 онд ИБУИВУ-ын Лондон хотын Олон улсын Америкийн их сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын Бакалавр, 2005 онд Бизнесийн удирдлагын Магистрын зэрэг, 2010 онд Япон улсын Нагоя хотын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2015 онд Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор МУИС-ийн Дэд профессор эрдмийн цол хүртсэн.

2010-2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Менежементийн тэнхимд тэнхмийн эрхлэгч, Профессор, 2013-2014 онд МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга, 2014-2017 онд МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес, менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Байгаль эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн Удирдах зөвлөлийн дарга, 2017 оноос МУИС-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байна.

Судалгааны чиглэл: Стратегийн менежмент; Төслийн менежмент; Уул уурхайн эдийн засаг, бизнесийн менежмент; Симуляци загварчилал, оптимизаци; Өрсөлдөөний экономикс; Боловсролын салбарын бодлого, менежмент.

МУИС-ийн 2016-2024 он хүртэлх стратеги төлөвлөгөө батлагдаад жил гаруй болж байна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын явцын талаар тантай ярилцъя. МУИС 2024 он гэхэд дэлхийн түвшний сургуулиудын хэмжээнд хүрч, түүний дотор Азийн шилдэг их сургуулиудын эгнээнд орно гэсэн зорилт тавиад байгаа. Энэ зорилтод хүрэхийн тулд хамгийн түрүүнд өндөр зэрэглэлийн судлаач нарын эзлэх хувийг нэмэгдүүлэх ёстой. МУИС-ийн зүгээс ямар энэ чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

Аливаа байгууллага алсын хараа, стратеги зорилгодоо хүрэхийн тулд хүн нөөцдөө тулгуурладаг. Тэр тусмаа академик байгууллагын хамгийн чухал хүчин зүйл нь багш, судлаачид юм. Тиймээс бид хамгийн түрүүнд хүний нөөцийн хөгжлийн асуудлыг чухалчилж байгаа. Өндөр зэрэглэлийн судлаач нарын эзлэх хувийг нэмэгдүүлэхийн тулд багш нарыгаа хэрхэн дэмжих вэ гэдэгт онцгой анхаарч идэвхжүүлэх арга замуудыг эрэлхийлж, энэ хүрээндээ тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Бид 2016 оноос эхлээд судлаачдад дотоодын грант буюу судалгааны тэтгэлэг зарладаг болсон. Энэ ажлынхаа хүрээнд залуу судлаачдыг дэмжих зорилгоор судалгааных нь санхүүжилтийг өгөх, өндөр зэрэглэлийн судлаачдын хувьд том судалгаа эхлэхэд гараанд нь ямар хэмжээний санхүүжилт хэрэгтэй байна, тэр мөнгийг нь бид гаргаж өгдөг болсон. Хичээлийн жил болгонд ойролцоогоор 700-800 гаруй сая төгрөгийг МУИС-ийн төсвөөс гаргаж өөрийн судлаачдыг дэмжиж байна. Энэ тэтгэлгийг дотооддоо нээлттэй зарлаж, судлаачид хийх гэж буй судалгааны төслөө бичээд хөтөлбөрт оролцох боломжийг нь олгож байгаа.

Шалгаруулалт явагддаг гэсэн үг байна, тийм үү?

Төслүүдийг батлагдсан журмын дагуу Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсээс шалгаруулалтыг зохион байгуулж олгодог бөгөөд гэрээт хугацааны дараа тайланг мөн хүлээн авдаг. Энэ нь судлаач багш нарыг дэмжихэд томоохон дэмжлэг болж байгаа гэдэгтэй МУИС-ийн хамт олон санал нэг байх болов уу гэж бодож байгаа.

Дээрх ажлаас гадна шинэ Номын сангийн 5-6 дугаар давхар болон В1 давхарт 29 лаборатори байгуулж байна. Тодорхой шинжлэх ухааны чиглэлүүдээр лаборатори дээр түшиглэн судалгаа хийх шаардлагатай байдаг. Тэр орчныг нь бид бүрдүүлэх гэж хичээж ажиллаж ирлээ. Эдгээр 29 лабораторийн зарим нь хуучин лабораторийг нүүлгэн шилжүүлж илүү сайн орчин руу, стандартын өрөөнд оруулж байгаа асуудал, мөн тодорхой хувийг нь дундын лабораториуд эзэлж байгаа. Салбар дундын мэдлэг бий болгох асуудал маш чухал учраас өөр өөр чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд хамтран ажиллах орчин бүрдүүлэх нь чухал байдаг. Лаборатори байгуулах асуудал өндөр өртөгтэй байдаг тул зарим профессорууд өөрсдөө санхүүжилтээ олж, зарим нэг хэсгийг нь Азийн хөгжлийн банк, Засгийн газрын санхүүжилтээр гэх мэтчилэн бүхий л боломжоороо шийдүүлж байгаа. Тэгэхээр энэ бол судлаачдаа дэмжиж байгаа асуудал мөн юм. Үүний зэрэгцээ хүний нөөцийн шагнал, урамшууллын хүрээнд МУИС жил болгон “Шилдэг судалгааны бүтээл”, “Шилдэг судлаач”, “Шилдэг сурган хүмүүжүүлэгч”, “Шилдэг багш”-ийг шалгаруулж шагнал өгч байгаа. Жил бүр Шинжлэх ухааны өдрийг тэмдэглэж Томсон Ройтерсын импакт фактор бүхий сэтгүүлд бүтээл хэвлүүлсэн багш нараа алдаршуулдаг болоод 5 дахь жилээ болох гэж байна. Докторант багш нартаа судалгааны ажлын тэтгэлэг өгч байгаа. Энэ мэтчилэн идэвхжүүлэх, дэмжих, урамшуулах ажлууд хийгддэг.

Судалгааны хамрах хүрээ болон түвшнийг Web of Science-д бүртгэлтэй судалгааны бүтээл, эшлэлийн тоог нэмэгдүүлэх замаар сайжруулж байна. Web of Science–ын МУИС-ийн нэр дээр гарч буй өгүүлэл, эшлэлийн тоо огцом өсөх хандлагатай байна. Сүүлийн 20 жилд МУИС-ийн нийт хэвлүүлсэн өгүүллийн тоо 535, эшлэлийн тоо 4,225 байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийт 60 өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд МУИС-ийн хаягтай  зохиогчоор нийт 57 хүн бүртгэгдэв.  

Эх сурвалж: МУИС


Эрдмийн зэрэгтэй багш нарын тоо нийт багш нарын 70-аас дээш хувь байх гэсэн зорилт байгаа. Энэ тоо яг одоо хэдэн хувьтай байгаа бол?

Улаанбаатар хот дахь бүрэлдэхүүн сургуулиудийн хувьд зөвхөн үндсэн багш нараараа тооцвол 53.9 хувьтай байгаа. Орон нутагт байгаа Завхан, Орхон салбарыг оролцуулбал 48.4 хувь болно. Хэрвээ зөвлөх профессоруудаа оруулан тооцвол энэ хувь өндөр болно.

Энэ хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд тухайлбал дотооддоо ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

Багш нарыгаа докторын зэрэг хамгаалах асуудал дээр дэмжиж ажиллаж байгаа. Манай багш нар МУИС-даа докторт сурах юм бол дээр дурдсан дотоодын тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог. Холбогдох журмын дагуу шаардлага хангасан багш нарт олгож байгаа. Мөн багш нар маань гадаадын их сургуулиудад докторын, докторын дараах сургалт, зочин судлаач, багш, профессор, багшийн солилцооны хөтөлбөрөөр явах төсөл хөтөлбөрүүдэд өргөнөөр хамрагдаж байгаа бөгөөд энэ хооронд бид ажлын байрыг нь хадгалж, урт хугацааны чөлөө олгохын зэрэгцээ нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөөд явж байна.

Нийт багшийн дотор докторын зэрэгтэй багшийн эзлэх хувь 

Докторын зэрэгтэй багш нарын нийт багшид эзлэх хувийг бүрэлдэхүүн сургуулиар авч үзвэл Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд нийт багшийн 55-аас дээш хувь нь докторын зэрэгтэй байна.

Эх сурвалж: МУИС

Жич: 2016-2017 оны хичээлийн жилд үндсэн болон түр хугацаагаар ажиллах ажлын байрны сонгон шалгаруулалтыг Хөдөлмөрийн дотоод журам болон МУИС-д профессор багш ажиллуулах журмын заалтын дагуу нээлттэйгээр МУИС-ийн цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлээр дамжуулан зарлаж 21 багш шинээр ажилд авсан.

Эх сурвалж: МУИС

МУИС гадаад харилцаагаа ашиглаад олон багш нарыг гадагшаа явуулж докторт сургаж байгаа. Ялангуяа Хятад, Япон, Солонгос руу их сургаж байна. Сүүлийн үед 1000 инженер бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд манай багш нар, төгсөгчид Япон явж докторт сурч байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бидний сайн мэдэх “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээж, сансарт нисгэлээ шүү дээ. Тэгэхээр бид багш нараа дотооддоо ч дэмжиж байна, гадагшаа доктор хамгаалахад нь ч дэмжиж байна. Үүний үр дүнд эрдмийн цолтой багш нарын эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилтдоо аажим боловч хүрнэ гэсэн итгэлтэй байгаа.

Жилээс жилд эрдмийн зэрэг цолтой багш нарын тоо нэмэгдэх нөхцөл бүрдэх юм байна. Харин хүний нөөцийн бодлогын хувьд МУИС-д багшаар ажилд орохыг хүссэн хүнд ямар шаардлага тавигдах вэ?

Шинээр ажилд авах хүний хувьд сайн сургуульд докторын зэрэг хамгаалсан, цаашид профессор болон хөгжиж ажиллах чадвар бүхий судлаачийг авах бодлого барьж байгаа. Ажлын байрны тодорхойлолтын дагуу тавигдах шаардлага дээр мэргэжлийн тэнхимийн шаардлага нэмэгддэг. Мэргэжлийн тэнхим нь багш, хүний нөөцөө хэрхэн бүрдүүлэх, хөгжүүлэх, урамшуулах тал дээр өндөр оролцоотой байдаг. Энэ бол академик байгууллагын онцлог бөгөөд тэнхим бол МУИС-ийн үндсэн нэгж буюу цөм нь юм гэдгийг харуулж байгаа юм.

 

ИННОВАЦИ, НЭЭЛТ ХИЙЕ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН ЭДИЙН ЗАСАГТАЙ БОЛЪЁ ГЭЖ БАЙГАА БОЛ “МУИС ТУСГАЙ СТАТУСТАЙ БОЛОХ ЁСТОЙ”

Гадаадын их, дээд сургуулиудаас зочин профессор ажиллуулах нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хувьд их чухал үзүүлэлт юм билээ. МУИС энэ тал дээр хэр амжилт олж байгаа вэ?

Манайх дэлхийн 200 гаруй их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай байдаг. Энэ хүрээнд багш, судлаачид хамтарсан судалгаа хийх, зочин багш, судлаач, профессороор ажиллаж байгаа. Мөн манай профессорууд өөрсдөө зочин багш, судлаач нарыг урьж хамтран ажилладаг. Өмнө нь зочин багш, профессорууд ирээд тодорхой хугацаагаар ажиллах үедээ амьдрах ая тухтай орчны хувьд учир дутагдалтай тал байсан тул энэ асуудлыг шийдвэрлэж зургаан апартменттэй болсон байгаа. Багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх үүднээс МУИС өөрийн мэдлийн газар дээр орон сууцны байшин бариулж, тэндээс зургаан апартментийг нь судлаач багш нараа суулгахаар зохицуулсан хэрэг л дээ. Зочин судлаач, профессоруудыг урьж ажиллуулахад бас нэг томоохон хүндрэлтэй асуудал нь цалингийн түвшин байдаг. Өндөр хөгжилтэй орнууд бол мундаг судлаачдыг нээлттэй шалгаруулалтаар сонгож, эсвэл урилгаар авчраад манайхтай харьцуулбал их хэмжээний цалин, тэтгэлэг зэргийг санал болгоод судалгаагаа хийлгэдэг. Гэтэл манайд ийм боломж, санхүүжилт байдаггүй. Багшаар ажиллуулъя гэхэд л манайх төрийн үйлчилгээний алба гэдэг утгаараа тэр цалингийн шатлалаараа явна. Тиймээс гаднын судлаачдыг татах тал дээр төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Үнэхээр Монголыг гэсэн сэтгэлтэй хүмүүс, манай багш, профессоруудыг үнэлсэн хүмүүс л ирж байна.

 

МУИС-д 2016-2017 оны хичээлийн жилд 717 үндсэн багш, 79 зөвлөх болон гэрээт дэд профессор, профессор, 9 зочин профессор ажиллажээ. Үндсэн багшийг албан тушаалаар нь авч үзвэл 87 профессор, 186 дэд профессор, 227 ахлах багш, 191 багш, 26 дадлагажигч багш байна.

Эх сурвалж: МУИС

Профессорын орон тоонд ажиллаж байгаа багшийн эзлэх хувийг 50 хувьд нь хүргэх зорилт байгаа. Доктор судлаачийн орон тоог нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнд хүрэхийн тулд хэр их хугацааг зарцуулах бол?

Гадаадын их сургуулиуд, судалгааны байгууллагууд доктор судлаачдыг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад авдаг. Энэ сонгон шалгаруулалтад маш олон орны чадалтай судлаачид өрсөлддөг. Бид энэ чиглэлээр ажиллаж судлаачдыг татахад судалгааны болон амьдрах орчин, цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Бид дэлхийн чадалтай эрдэмтдийг цуглуулж судалгаа хийх орчин нөхцөлөөр нь хангаж байж энд авьяас чадалтай дэлхийн хэмжээний эрдэмтэд ирж ажиллана. Ингэснээр МУИС-ийн сургалт, судалгааны чанар чансаа сайжирч дэлхийн хэмжээний их сургууль болох суурь тавигдах юм. Тиймээс энэ боломжийг эрх зүйн орчны хувьд бүрдүүлэх хэрэгтэй.

Зочин профессор, доктор судлаачдын болоод эрдэмтдийнхээ цалингийн асуудлыг аятайхан шийдэх ямар гарц боломж байж болох вэ? МУИС-ийн зүгээс ямар санаачилга, хүчин чармайлт гаргаж байгаа бол?

Аливаа улс нь үндэсний их сургуультай байдаг. Тэдгээр их сургуулиуд бусад их сургуулиасаа өөр статустай байдаг. Энэ нь улс шаардлагатай судалгаагаа хийлгэдэг, бусад их сургуулиас арай өөр бодлого хэрэгждэг байх асуудал юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 200 гаруй их сургуулиудын ихэнх нь санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, спортын гээд нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлтэй мэргэжлийн сургуулиуд байгаа. Гэтэл МУИС бол нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлээс гадна байгалийн-суурь шинжлэх ухаан, мөн хэрэглээний шинжлэх ухааны гээд маш олон чиглэгээр хичээл заадаг, судалгаа хийдэг байгууллага. Физик, хими, биологийн салбар гэхэд маш өндөр зардалтай байдаг учраас хувийн их сургууль аваад явах боломжгүй. Тэгэхээр суурь шинжлэх ухаанаа аваад явж байгаа МУИС дээр хэрэгжих бодлого нь бусад их, дээд сургуулиудад хэрэгжих бодлогоос өөр байхыг шаардаж байгаа юм. Ийм статус одоохондоо манайд байхгүй учраас одоо байгаа 200 гаруй их, дээд сургуультай адилхан бодлогыг МУИС-д яг адил хэрэгжүүлэх гээд байдаг тал бий. Тиймээс бидний хувьд, Монгол Улсын Их сургууль маань улсын их, дээд сургуулиуд дотроо арай өөр статустай байгаасай гэдэг тийм хүсэл бодол байгаа. Тэр тухай хүсэлтээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлсэн байгаа.

МУИС тусгай статустай байхын давуу тал нь?

Монгол Улс дэлхийн эдийн засагт байр суурь эзэлье, инноваци, нээлт хийе, мэдлэгт суурилсан эдийн засагтай болъё гэж бодож байгаа бол Монгол Улсын Их сургууль гэдэг байгууллагад бодлогын хүрээнд тусгай статус өгөөд, тусгай үүрэг даалгаврыг нь өгөөд хамтраад ажиллах шаардлагатай. МУИС дангаараа зүтгээд шаардлагатай үр дүн гаргахад бэрх. Тийм учраас энэ асуудлыг УИХ-ын хэмжээнд, бодлогын хүрээнд авч үзэж шийдвэр гаргах ёстой гэж бодож байгаа. Боловсон хүчний хувьд ч, бидний хийж байгаа өдөр тутмын үйл ажиллагааны хувьд ч, алсыг харж байгаа зорилго, нийгэмд хүлээх үүрэг хариуцлагын хувьд ч МУИС-ийг үндэсний тусгай статустай болгож өгөх юм бол бид санхүүгийн нөөцийн хувьд ч хүний нөөцийн хувьд ч өөр бодлого хэрэгжүүлж дэлхийн түвшний их сургууль болоход дөхөм болно. Өндөр түвшний судлаач багш нар, профессоруудыг урьж сургуульдаа багшлуулна. Тэр хэмжээгээрээ сургалт, судалгааны чанар, үр дүн дээшилнэ. Мөн худалдан авалтаа ч өөрөөр хиймээр байна. Өнөөдөр хэрэгжиж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу лабораторийн тоног төхөөрөмж худалдан авахад маш их бэрхшээл учирдаг. Тэндээс чанартай сайн багажийг цаг алдалгүй авна гэдэг бол хэцүү. Лабораторийн урвалжуудыг гэхэд л байнга авах шаардлагатай болдог. Тэгэхээр МУИС-ийн хувьд бусад төрийн байгууллагуудаас ялгаатай, онцлог зүйл маш их байгааг харгалзаж үзэх нь зүйтэй.

 

ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ АВЧ БАЙЖ “МУИС СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛЖ ЧАДНА”

Бас нэг чухал үзүүлэлт бол санхүүгийн олон эх үүсвэрээс төсөв санхүүгээ бүрдүүлэх боломжтой байх явдал. Гэтэл төрийн дэмжлэг бага гэж байна. Хэрвээ МУИС-ийг тусгай статустай болгох юм бол төр дэмжлэг үзүүлэх боломжтой юу? Ер нь төсвөөс санхүүжилт авах ямар боломж байдаг вэ?

Тусгай статустай болгоод төрөөс бодлогын тусгай судалгаануудыг захиалж хийлгээд түүнийхээ санхүүжилтийг өгч болно. Шинээр батлах гэж байгаа хуулийн төслүүд дээр ямар судалгаа хийх шаардлагатай байна, аж үйлдвэрийг хөгжүүлэх ямар судалгаа хийх хэрэгтэй юм, IT-г нь хөгжүүлэх ямар судалгаа хийх хэрэгтэй юм, гээд шаардлагатай судалгаагаа хийлгэх хэрэгтэй. Тэгээд түүнийнхээ хөлсийг өгөх л асуудал. Одоо манай төрийн байгууллагууд гадаадын зөвлөх үйлчилгээ, хувийн судалгааны компаниудад маш их хөрөнгө зарцуулж байна.  Энэ зөвлөх үйлчилгээ, судалгаануудыг харж байхад манайд хийж чадах багш, судлаачид байгаа л харагддаг. МУИС-ийн хувьд сургалтын төлбөрөөс өөр санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа нь төрөөс мөнгө авдаг болох бус, судалгаа хийж мөнгө олдог болохыг л хэлсэн юм. Одоо бол манай төсвийн 70 хувь нь сургалтын төлбөрийн орлого, 30-аад хувь нь багш нарын судалгааны орлогоос бүрдэж байгаа ч 60 хувийг нь судалгаагаар олдог болмоор байгаа юм.

Багш нарын олж ирдэг төслүүдийг товч дурдвал?

Манай багш нарын дунд хоёр сая долларын төсөлтэй хүмүүс ч байгаа. Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдээс судалгааны том төсөл авчихсан багш нар цөөнгүй байна. Тэгэхээр нэгдүгээрт чадварлаг судлаачдын тоог нэмэгдүүлэх, хоёрдугаарт төрөөс бодлогын дэмжлэг авмаар байна. Тухайлбал, Солонгосын Сөүлийн их сургууль гэхэд төрөөс нь их хэмжээний дүнтэй, чухал судалгаанууд хийлгэдэг.

Амьдралд шууд хэрэгждэг судалгаа хийж байж л судалгааны их сургууль гэсэн статустаа ойртох нь байна шүү дээ.

Гадны их сургуулиудыг судлахад судалгаагаар ихэнх орлогоо бүрдүүлдэг. Тэр судалгаа нь хүнд, компанид, эсвэл төрд хэрэгтэй судалгаа байдаг байж эрэлт хэрэгцээ, захиалга үүсгэх хэрэгтэй. Төрийн байгууллагууд гадаадын том том компаниуд, хувийн хэвшилд зөвлөх үйлчилгээнд маш их мөнгө зарцуулж байгаа. Тэр судалгаа, зөвлөх үйлчилгээнээс бидний чадах хэсгийг МУИС-д өгчих юм бол байдал өөрчлөгдөнө. Тэр их мөнгө улсын төсвөөс, гадаадын байгууллагуудад төлөх зээл болоод л гарч байгаа шүү дээ

МУИС судлаачдаа хэрхэн бэлтгэж байгаа вэ?

Манай сургууль профессор, дэд профессорын цол, албан тушаалын зэрэглэлд хүмүүсийг ажиллуулахдаа тухайн хүн заавал судалгааны оюутан дагалдуулж ажиллуулсан байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Ажлын байрны тодорхойлолтод нь ч энэ тухай заалт бий. Иймд нэг талаасаа профессор байхын тулд ямар ч байсан оюутнуудыг өөрийн судалгаанд хамруулж ажиллуулах ёстой. Нөгөө талаасаа “ассистаншип” хөтөлбөр гэж бий. Энэ нь судалгааны, оффисын, сургалтын ассистаншип гэж гурван янзаар ангилагддаг. Ахисан түвшний оюутнууд маань сургалтын ассистаншип хөтөлбөрт оролцохдоо удирдагч багш болон тэнхимийнхээ хүсэлтээр багшийгаа дагалдаад бакалаврын түвшинд хичээл зааж болно. Мөн судалгааны ассистаншип хөтөлбөрт ажиллаж болно. Аль эсвэл оффист ажиллаж болно. Төсөвт нь цалин хөлс гээд бүх зүйл нь тусгагдсан байдаг. Ер нь ахисан түвшний оюутнуудын хувьд докторт сурахын хажуугаар ажиллах шаардлагазаавал гардаг. Тэгэхээр энэ бол сургуульдаа ажиллангаа доктортоо суралцах боломжийг нь олгож байгаа дэмжлэг юм.   Мөн бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөр тус бүрт судалгааны ажил хийхэд өгөх багц цаг тусгагдсан байгаа нь суралцагчидыг судалгаа хийх тал дээр идэвхижүүлж байгаа юм. Бакалаврын түвшний хөтөлбөрийн Ерөнхий суурь хэсэгт судалгааны арга зүйн чадавхи эзэмшүүлэх хичээлүүдийг оруулж өгсөн байгаа. Тэгэхээр МУИС-ийг төгсч байгаа бүх оюутан судалгааны арга зүйн чадавхитай болно гэсэн үг юм.

Үнэхээр том дэмжлэг байна шүү.

Тийм ээ. Ахисан түвшний суралцагч маань эндээ ажиллаад судалгааны ажилдаа болон суралцах орчиндоо ойрхон байна гэсэн үг. Тэр утгаараа манай магистрант, докторантууд судалгаандаа идэвхтэй оролцож товлосон хугацаандаа сэдвээ амжилттай хамгаалах нөхцөл бүрдэнэ. Нөгөөтэйгүүр профессор болон залуу судлаачид байнга идэвхтэй хамтран ажилласнаар бүтээмж нь илүү сайжирч байгаа юм.

Ахисан түвшний хөтөлбөрийн зэрэгцээ багш солилцоо, оюутан солилцооны хөтөлбөрүүд нь дэлхийн түвшний их сургуулиудын цар хүрээг тодорхойлдог чухал үзүүлэлтийн нэг. Энэ тал дээр МУИС ямар бодлого баримталж байна вэ?

Жилээс жилд манай оюутан солилцоо, багш солилцооны хөтөлбөрүүд нэмэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд засгийн газраас хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд, мөн дэлхийн их сургуулиуд хамтран ажиллах хэрэгцээ шаардлага, сонирхол нэмэгдсэн учраас гадаад хамтын ажиллагаа маань өргөжсөөр байна. Бид гадаад харилцаа, хамтын ажиллагааныхүрээнд багш нараа докторын түвшний сургалтад явуулж байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Жайка, Койка гээд маш олон олон улсын байгууллагын төслүүдийг манай багш нар хэрэгжүүлж байна. Энэ төслийнхөө хүрээнд оюутан, багш, мэргэжилтний солилцоо, ассистаншип хөтөлбөр манайд хэрэгжиж байна. Япон, Солонгосын их сургуулиуд руу маш их оюутан солилцоо хийж байгаа. Тухайн сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бүрэн тэтгэлэг, зөвхөн сургалтын төлбөрийн тэтгэлэг гээд өөр өөр байгаа. Оюутан солилцоо жилээс жилд нэмэгдээд явж байгаа. Тухайн сургуулиуд манай оюутнуудад тавьж байгаа гол шалгуур нь очоод хичээлээ сайн ойлгодог байх ёстой. Хэдийгээр МУИС-ийн оюутнууд харьцангуй гадаад хэл сайтай ч бүр олон оюутан эдгээр боломжийг ашиглахын тулд гадаад хэлээ сайжруулмаар байна. Шалгуур шаардлагыг нь хангачих юм бол манай оюутнууд гадаадын их, дээд сургуульд 1-2 жил болон семестрээр суралцах боломж улам л нэмэгдэж байгаа.

 

БАКАЛАВРЫН ТҮВШИНД ЭЛСЭХЭД НАС ЗААХГҮЙ, 30 ХҮРЧИХЭЭД ЭЕШ ӨГӨӨД СУРАЛЦАЖ БОЛНО

Бакалаврын хөтөлбөрийн хувьд, хамгийн шилдэг суралцагчдыг элсүүлэхийн тулд ямар бодлого баримталж байгаа вэ?

МУИС-ийн гол зорилго нь шилдэг оюутан элсүүлж, шилдэг багш нараар хүний нөөцөө бүрдүүлж шилдэг мэдлэг бүтээхэд оршдог. Бакалаврын түвшний элсэлтийн бодлогын хувьд бид орон даяар онлайнаар элсэлт авдаг болгосон. Энэ нь ямар учиртай юм гэхээр, ЕБС төгсөж байгаа хүүхэд Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд ЭЕШ-д бүртгүүлээд, тэнд бүртгүүлсэн ID-аараа манай системд давхар бүртгүүлдэг. Манайх бүртгүүлсэн ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын дүн гарахад БҮТ-өөс тэдгээр хүүхдүүдийн мэдээллийг татаад дүнгээр нь жагсаадаг. Монгол Улс даяар энэ жил ЕБС-ийг ойролцоогоор 38 мянга гаруй сурагчид төгссөн. Сурагчид өөрсдөө хүсвэл бүгд манай элсэлтийн системд бүртгүүлэх боломжтой болж байгаа юм.

Тэднээс МУИС-д элсэгчдийг яаж сонгох вэ? Оноогоор нь уу?

ЭЕШ-ын дүн нь гарахад манайд бүртгүүлсэн хүүхдүүдийг харгалзах шалгалтын төрлөөр нь жагсаагаад элсүүлэх тоондоо багтааж хамгийн өндөр оноотойд нь онлайнаар урилга явуулдаг. Тэгэхээр өндөр оноотой хүүхдэд манайхаас урилга очно, мэдээлэл нь баталгаажна. Энэ мэдээлэл 21 аймгийн бүх эцэг эх, хүүхдүүдэд нээлттэй байдаг учраас хамгийн сайн хүүхдийг нээлттэй байдлаар бид элсүүлдэг. МУИС жилдээ дунджаар 3500 гаруй хүүхэд элсүүлдэг бөгөөд энэ тоогоо аль болохоор өсгөхгүй байх бодлого баримталдаг. Учир нь олон хүүхэд авах юм багшийн ачаалал их болж чанар муудна гэсэн үг. Мөн сайн элсэгчдийг татахын тулд олон төрлийн тэтгэлэг зарладаг.

Тэгвэл бүр нарийн шалгуураар ордог юм байна шүү дээ.

Хэрвээ ЭЕШ үнэхээр чанартайгэж үзвэл өндөр оноотой нь МУИС-д орж ирж байгаа. Жишээ нь, МУИС-ийн Хуулийн сургууль улс орон даяар шалгаруулалтаа зарлаад жилдээ 120 гаруй хүүхэд авдаг. Манай хүн амын ихэнх нь Улаанбаатар хотод байдаг учраас энэ 120 хүүхдийн 50 хувийг нь нийслэл хотоос авна. Үлдсэн хувийг нь тухайн аймгийн ЕБС-ийг тухайн жилд хэдэн хүүхэд төгсөж байгаагаас харьцуулаад квотыг нь тогтоож элсэлт авна. Аймаг болгоноос өрсөлдөөд, тэр өрсөлдөөн нь бүх хүүхдэд нээлттэй явагдана. Тэгэхээр маш олон хүүхдээс жагсаагаад хамгийн өндөр оноотой цөөн тооны сайн хүүхдүүдийг элсүүлж байгаа юм. Түрүүн ярьсан тэтгэлгийн тухайд маш олон тэтгэлэг байгаа. Захирлын нэрэмжит тэтгэлэгээс авахуулаад хувь хүн, албан байгууллагын тэтгэлэг хүртэл байдаг. Гол нь бид сурлага, сонгосон мэргэжил зэрэг дээр шалгуур тавьдаг. Тэтгэлэг авах боломж байгаа, гагцхүү оюутан өөрөө л хичээх хэрэгтэй.

Бакалаврын түвшинд элсэхэд нас заадаг уу?

Бакалаврын өдрийн ангид элсэхэд нас заахгүй, бүрэн дунд боловсролтой, ЭЕШ нь хүчин төгөлдөр байвал хэдэн ч настай байсан элсэх хүсэлтээ гаргаж болно. Орой, эчнээ анги, магистрын түвшний хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй хүнийг л элсүүлнэ.

2016-2017 оны хичээлийн жилд МУИС-ийн 228 оюутан гадаад, дотоодын их, дээд сургууль, байгууллага, сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт 9, МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт 87, гадаадын их, дээд сургууль, сангийн тэтгэлэгт 132 оюутан хамрагдсан байна.

 

ЭЕШ-ын дундаж оноо, бүрэлдэхүүн сургуулиар

Сургууль

2015

2016

1

Шинжлэх ухааны сургууль

606.4

631

2

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

579.1

607.9

3

Бизнесийн сургууль

645.8

660.1

4

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль

717.4

715.3

5

Хууль зүйн сургууль

701

701.5

 

МУИС-ийн дундаж /УБ/

650

663

Эх сурвалж: МУИС

 

СУРГУУЛИЙНХАА 75 ЖИЛИЙН ОЙГООР “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ” ХИЙЖ ТОДОРХОЙ ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛНА

Азийн шилдэг их, дээд сургуулиудын эгнээнд ороход тухайн сургуулийн суралцах орчин, оюутны байр, кампус чухал үзүүлэлтийн нэг болдог. Энэ талын төлөвлөлтийг хэрхэн хийж байна вэ? Одоо бол бас учир дутагдалтай л байгаа шүү дээ.

Ер нь Азийн шилдэг, дэлхийн хэмжээнийих сургуулиудыг хараад байхад, ялангуяа Азийн шилдэгийн жагсаалтад сүүлд орж ирсэн сургуулиудад төрөөс нь маш их дэмжлэг үзүүлсэн байдаг. Сургалтын төлбөр нь гэхэд Азийн топ сургуулиудынх зарим нь манайхаас бага, зарим нь их ч байгаа. Сургалтын төлбөр нь бага сургуулиудын хувьд цаанаа нь төрийн дэмжлэг, хөрөнгө оруулалт, санхүүжилт нь өндөр байдаг. Төрөөс судалгаа захиалдаг, судалгааны орчин бий болгодог, кампус барьж өгдөг гээд бодлогын хүрээнд дэмждэг байна. МУИС үндсэндээ 1990-ээд оноос хойш сургалтын төлбөрөөр, судалгаагаараа санхүүжсээр ирсэн. МУИС-ийн хичээлийн байруудын насжилт өндөр учраас шинээр байр барихаас авахуулаад хөрөнгө оруулалт үнэхээр их хэрэгтэй байна. Бидний энэ жил ашиглалтад оруулсан Номын сангийн байр бол манай үе үеийн удирдлагууд, багш ажилчдын маань буян юм. Бид МУИС-аа цаашид кампусын зарчимаар хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа.

МУИС-даа хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлж байгаа юу?

Бид сургуулийнхаа 75 жилийн ойгоор “Хөрөнгө оруулалтын форум” хийж тодорхой төслүүдийг танилцуулна. Хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч ажиллана. Энэ сургуулийг ямар ч л байсан сайхан орчинтой сургууль болгохын төлөө маш шургуу ажиллаж байж Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийн зорилт, мөн МУИС-ийн стратеги төлөвлөгөөний зорилгыг биелүүлэх хэмжээний орчинтой болно гэсэн үг.

“МУИС” брэнд шоп гэж бас нэг шинэлэг үйл ажиллагаа дуулдаад байгаа. Брэнд шопыг хөгжүүлэхэд МУИС-ийн орлого нэмэгдэх боломжтой байх. МУИС-ийн төгсөгчид, суралцагчид, МУИС-ийг дэмжье гэж бодож байгаа худалдан авагчдад чиглэсэн ямар бодлого явуулах вэ?

МУИС-ийн лого бүхий нэрийн дэлгүүрийг нээхэд нэгдүгээрт санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэж бодож байгаа. Хоёрдугаарт төгсөгчдөөс, багш нараас их хүсэлт ирдэг. Хамтран ажилладаг түнш их сургуулийн найз нөхдөдөө, гадныханд МУИС-ийн нэрийн бэлэг дурсгалын зүйл өгөх хүсэлтэй байдаг. Төгсөгчид, оюутнууд ч сургуулиа дурсах дурсгалын зүйлтэй болмоор байна гэдэг хүсэлтийг ч бид харгалзсан. Эрэлт хэрэгцээ байна гэж үзсэн учраас нэрийн дэлгүүрээ нээж байгаа. Дэлгүүрийн менежмент бол их нарийн зүйл бөгөөд манай Бизнесийн сургууль хариуцаж ажиллаж байгаа, менежментийг нь хийнэ. Аль болох хүнд хэрэгтэй бүтээгдэхүүнийг, мөн МУИС-иас бий болсон бүтээгдэхүүнээ худалдаална гэж бодож байгаа. Эхний ээлжинд манай профессор Ж.Батхүүгийн бүтээсэн “100 наслаарай” гээд монгол хүний бие организмд таарсан органик цайг бид худалдаална. Энэ мэтчилэн судлаачдынхаа бүтээлийг арилжих бэлэн платформ болж байгаа гэсэн үг.

 

НОБЕЛИЙН ШАГНАЛТАН ТӨРҮҮЛЭХИЙН ТУЛД УЛСААРАА ХӨДЛӨХ ЁСТОЙ

Эхний ээлжинд Азийн шилдэг, дараа нь дэлхийн топ их сургуулиудын жагсаалтад орно гэдэг бол олон оюутан сургаснаараа биш, хамгийн гол нь чанартай сургаснаараа, бас олон багш ажилласнаараа биш бүр Нобелийн шагналтан судлаачид, профессорууд төрснөөр хэмжигддэг зүйл. МУИС-д нээлт хийсэн эрдэмтэд хэр олон байдаг бол? Ер нь Нобелийн шагнал авах найдвар байгаа юу? Тэр бас их сонин санагдаад байгаа юм.

Нобелийн шагнал бол физик, хими, эм зүй, уран зохиол, энх тайван, эдийн засаг гэсэн чиглэлтэй байдаг. Миний бодлоор, бид уран зохиолоороо авч болох л байх. Байгалийн шинжлэх ухаанаар хэчнээн сайн эрдэмтэн байгаад ч судалгаа хийх орчныг нь бүрдүүлж өгөхгүй бол, тэр хүн тийм өндөр түвшний судалгаа хийх хэцүү. Ер нь бол маш их хэмжээний санхүүжилт болон бусад дэмжлэг  хэрэгтэй. Үүний төлөө ганцхан МУИС биш, бүх улс орон даяараа нэг хүнийг ч юм уу сонгож дэмжээд,судалгааны орчин, бүх юмаар нь хангаад судалгаанаас өөр ямар ч зүйлд санаа зовохооргүй болгож байж л шинжлэх ухааны нээлт хийх байх. Хэдийгээр би өөрөө байгалийн шинжлэх ухааны хүн биш ч, ер нь энэ шинжлэх ухааны хүмүүстэй удаан ажилласных тэгж л бодож байна. Харин энхтайвны болон уран зохиолын шагналыг бол том лобби групп ажиллаж, сурталчилж Шведэд байдаг Нобелийн шагналын зөвлөлтэй хамтарч ажиллаж байж болох байх. Ер нь бол Нобелийн шагналтан төрүүлэхийн тулд улсаараа хөдөлж байж л болох байх гэж би бодож байна. Түүнээс биш хэчнээн мундаг эрдэмтэн байсан ч ганцаараа тэнд зүтгээд бол их хэцүү гэж бодож байна.

Олимпийн аваргатай болохын тулд ямар бодлогоор ажилласан юм, яг түүн шиг л ажиллана гэсэн үг байна ш дээ.

Гэхдээ бүр илүү их санхүүжилт хэрэгтэй болно гэсэн үг.

Тэгэхээр улсын бодлого гаргаж байж, бид нар МУИС-иа Нобелийн шагналтай эрдэмтэнтэй болгоход улсаараа л хөдлөнө гэсэн үг болж байна. Дэлхийн шилдэг их сургуулиудын үзүүлэлтийг харахаар МУИС хэдийд энэ хэмжээнд хүрэх бол гэж бодогдоод байгаа юм. Нобелийн шагналтантай байх ёстой юм байна. МУИС-иас төрсөн төрийн том зүтгэлтэн зөндөө байгаа. Жишээлбэл Харвардын их сургууль гэхэд хэдэн ерөнхий сайд, ерөнхийлөгч төрсөн гэдгээрээ гайхуулдаг. МУИС бол тэгж бичих боломжтой шүү дээ?

Тийм ээ. Энэ зууны сэхээтэн хүмүүсийн нэлээн том бүлэг нь МУИС-ийг төгссөн. Яг одоогийн байдлаар төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагад тодорхой албан тушаал эрхлээд явж байгаа хүмүүсийн нэлээд нь, мөн УИХ-ын гишүүд, сайд нарын бараг гуравны нэг нь манай төгсөгчид.

МУИС-иа Азийн шилдэг их сургуулийн эгнээнд, улмаар цаашдаа дэлхийн шилдэг сургуулийн эгнээнд оруулахын төлөө ажиллахад МУИС-ийн эрдэмтэн багш нар, ажилчид, оюутнууд ямар хэмжээний хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

Бүгд л дор дороо хичээх ёстой. Багш нь хичээлээ, хөтөлбөрөө тасралтгүй, системтэй сайжруулдаг, чанартай заадаг, хичээж ажилладаг, судалгаагаа хийдэг, оюутан нэг бүртээ тулж ажилладаг байх хэрэгтэй. Оюутан ч мөн адил өөрөө хичээдэг, хичээлээ сайн давтдаг. Дор бүрнээ өөрт ногдсон ажлаа маш сайн хийж, өөрсдийгөө хөгжүүлж, санаачилгатай ажиллах нь чухал. Энэ жилийг бид “Багшийн хөгжлийн жил” болгож байгаа учраас энэ хүрээнд хүний нөөцийн менежмент хийнэ.

Дэлхийн түвшний их, дээд сургуулиудын зэрэглэл тогтоодог Times Higher Education–д элсэж үзүүлэлтүүдээ өгч зэрэглэл тогтоолгоход оролцоно гэсэн зорилт байгаа. Тэгэхээр МУИС өмнө нь ерөөсөө бүртгүүлж байгаагүй гэсэн үг үү?

Монголоос бүртгүүлж байсан сургууль байхгүй байх. МУИС-ийн хувьд бүртгүүлж байгаагүй, цаашид аль нэг зэрэглэлийн байгууллагыг нь сонгоод бүртгүүлж мэдээллээ өгдөг болох төлөвлөгөөтэй байна.

МУИС-ийн 75 жилийн ой болж байгаатай холбогдуулан та хамт олондоо, эрдэмтэн багш нар, оюутнууддаа хандаж юу хэлэх вэ?

Миний хувьд Дэлхийн 2-р дайны үед байгуулагдаж байсан 75 жилийн түүхтэй их сургуульд ажилладгаараа маш их бахархдаг. Сая МУИС-ийн музей байгуулах ажлын хэсгийн даргаар ажиллах явцдаа сургуулийнхаа түүхтэй холбоотой зураг, үзмэрүүдийг хараад өөрийн эрхгүй огшиж байсан. Манай багш, ажилчид, оюутнууд бүгд л тийм сэтгэлтэйгээр ажлаа хийдэг гэдэгт би итгэлтэй байдаг. Бүгд энэ сургуульдаа хариуцаж байгаа ажил үүргүүдээ сайн хийгээд, нэг зүгт хараад явах юм бол манай сургууль илүү сайн хөгжиж дэвшинэ. Азийн 100 шилдэг их сургууль байтугай дэлхийн 100 их сургуулийн эгнээнд орох боломж бидэнд бий гэж би боддог. Тийм учраас бүгдээрээ энэ сургуулийнхаа төлөө хийж байгаа ажлаа сайн хэрэгжүүлээд, нэг нэгнийгээ хүндлээд яваасай гэж боддог юм. Бүх багш, ажиллагсад, оюутан залуустаа ойн баярын мэндийг хүргэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Эрдмийн ажил нь улам илүү сайн яваасай гэж хүсэн ерөөе. “Эрдмийн хэт цахиваас Хөгжлийн гал бадарна” гэж манай уриа байдаг. Үүгээр ярилцлагаа өндөрлөе.

ТАНД БАЯРЛАЛАА.

Ярилцсан: Ц.Оюунчимэг 

Гэрэл зургийг: Ц.Баярбаатар

“ЗИНДАА” сэтгүүл

2017/10, Тусгай дугаар 01/506

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 14 )

1 [ 122.21.13.187 ]      |     10-р сарын 14 -нд, 02:01 минутанд

Хэн нэгэн ажил хийх гэхээр яагаад энэ гэж муухай атаархаж байдаг байна. Муу хэлэхийн оронд өөрөө юу хийж бүтээснээ нэг эргэж хараач.

Мк [ 122.21.13.187 ]      |     10-р сарын 14 -нд, 01:57 минутанд

Мундаг бүсгүй шүү. Sc.D гэж японд сүүлийн үед их өгдөг . Энэ нь Монголд байдаг докторын дараах Шинжлэх ухааны доктор биш. Доктор дотроо Ph.D бол философийн доктор, Sc.D бол шинжлэх ухааны доктор юм. Тийм болохоор Ундрам өөрийнхөө цолоо зөв бичсэн байна.

зочин [ 27.123.212.141 ]      |     10-р сарын 12 -нд, 19:27 минутанд

Худлаа хэлбэр хөөсөн мөнгөөр бүгдийг бий болгочихоод худлаа нэр хүнд албан тушаал хөөсөн худлаа ямар ч чадваргүй. Ийм хүнийг МУИС байлгаад албан тушаал ахиулаад бдаг хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй. Ийм хүдлаа гарууд бхад МУИС яаж хөгжихийн Өчнөөн олон жил ажилласан багш нар бхад урдуур нь арын хаалгаар орж ажиллаад ичмээр юм

zochin [ 27.123.212.141 ]      |     10-р сарын 12 -нд, 19:20 минутанд

Hudlaa helber

Иргэн [ 202.9.41.209 ]      |     10-р сарын 12 -нд, 09:09 минутанд

МУИС-аас хамгийн түрүүнд зайлуулах ёстой хүний нэг. Хэт биеэ тоосон балай авгай гэсэн Их сургуульд муу зүйл гарч байвал тэр бүхэнд энэ нөхрийн нэр заавал хавчуулаастай явдаг

Монгол [ 202.9.42.238 ]      |     10-р сарын 12 -нд, 05:59 минутанд

Энэ Ундрам чинь жирийн боловсролын доктор л байна. Гэтэл ШУ-ны доктор гээд л....Дэндүүлж биеэ магтсан юм биш үү.Эсвэл сурвалжлагч тийм мэдлэггүй юм уу?

Tulga [ 141.30.126.114 ] 10-р сарын 12 -нд, 06:04 минутанд

Bolovsroliin, shinjleh uhaanii doktor gj tusdaa yum gej bdaggui yum. Tiimees iim demii zuiliig bolih heregtei

3 [ 122.21.13.187 ] 10-р сарын 14 -нд, 02:05 минутанд

Монгол! Өөрийн чинь мэдлэг хомс бололтой.

Го [ 202.21.106.120 ]      |     10-р сарын 12 -нд, 03:51 минутанд

Баахан толбор авчихаад элнцэгийн дэмжлэг яриад байнаа.

Zochin [ 119.40.98.162 ]      |     10-р сарын 12 -нд, 03:29 минутанд

Бөөн хахууль, шахааны сургуульд өгдөг татаасыг бүр тэглээд хувийн сургуулиудтай өрсөлдөөний зарчмаар явуулах хэрэгтэй. е-баримт авья гэсэн сурагчийг ХӨӨГӨӨД ГАРГАСАН БАЙГАА ЮМ. Мөн хуулийн сургуульд нь 2-р курсээс дандаа шахааны ямар мэдлэггүй чадваргүй хүүхдүүд хэдэн арваараа орж ирнэ. МУИС-ийг бүрэн шинэчлэхгүй бол нэр хүндээрээ л өнөөдрийг хүртэл явж байна даа

ЭЦЭГ ЭХ [ 59.153.84.163 ]      |     10-р сарын 12 -нд, 02:16 минутанд

МУИС-ЫН НЭГ БАГШ ДӨНГӨЖ 1-Р КУРСТ ЭЛСЭН ОРСОН ОЮУТНУУДАД НАМАР ХИЧЭЭЛ ЭХЛЭЭД БАРАГ ЭХНИЙ ХИЧЭЭЛ ДЭЭР МИНИЙ ШАЛГАЛТАНД ОЮУТНУУДЫН 80% НЬ УНАДАГ ГЭЖ ОНГИРСОН ГЭСЭН. БАРАГ БҮХ ОЮУТНАА МУУ СУРГАЧИХААД ТЭР БАГШ СЭТГЭЛЭЭР УНАХ НЬ БҮҮ ХЭЛ ДАРААГИЙН ДҮҮ НАРТ НЬ ОНГИРЧ ИРЭЭД Л ГАЙХУУЛСАН БАЙГАА ЮМ ДАА. ТИЙМ ХАРИУЦЛАГАГҮЙ БАС УВИАГҮЙ БАЙСНЫ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА БАЙХГҮЙ. БАС БҮТЭН ПОТОК ЛЕКЦИЙГ ХҮҮХДҮҮДИЙГ ХАР ӨГЛӨӨ ЦУГЛУУЛЧИХААД ШУУД ТАСАЛНА.

ЯЯЯ [ 59.153.84.163 ] 10-р сарын 12 -нд, 02:19 минутанд

ИЙМ БҮДҮҮЛЭГ БАЙДЛАА ЗАСЧ СУРГАЛТЫН САХИЛГА БАТ, СОЁЛ ГЭДЭГ ЗҮЙЛД СУРАЛЦААД ХОЦРОГДСОН АРГА БАРИЛАА ЗАСАХАД АНХААРМААР БАЙГАА ЮМ ДАА.

Jk [ 139.5.218.217 ] 10-р сарын 12 -нд, 07:13 минутанд

Ter bagshiig ni ner ustai ni bichildee.

МУИС [ 103.229.122.22 ]      |     10-р сарын 12 -нд, 00:50 минутанд

Багш нарын мэдлэг чадвар муу улстөржсөн албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй багш нараар дүүрсэн газар шүү дээ. Хувьчлах нь бараг зөв дөө

дарга нар л [ 103.9.90.231 ] 10-р сарын 12 -нд, 03:07 минутанд

багш нар биш ээ

Зочин [ 43.242.243.83 ]      |     10-р сарын 11 -нд, 22:53 минутанд

Төрийн гахайнууд ийм эрээ цээрээ барсан увайгүй байдаг. Тэр ярьж байгааг нь хар л даа. МУИС-г менежментээрээ тухайн үеийн Мандах бүртгэл хувийн дээд сургуулиас доош орж рейтинг нь унахад төр л бодлоготойгоор татаж гаргасан. Төлбөрийг нь зориуд өсгөж /ямар ч үндэслэлгүй/ хувийн сургуулиудыг дарамтлан оюутан элсүүлэх ухуулга сурталчилгаагаа хүчжүүлж байв. Ингээд байдал дээрдээгүй учир дараа нь улсынхтай өрсөлдөөд байгаа сургуулиудыг төрийн сургуулийн бүрэлдэхүүнд хүчээр оруулав. Ийм өрөвдмөөр бодлогыг зөвхөн төр өөрийн өмч дээрээ л явуулна. Одоо гэтэл тэдний юу нь болохоо байчихаад мөрөөрөө явж

Зочин [ 43.242.243.83 ] 10-р сарын 11 -нд, 22:55 минутанд

чадахгүй өч төчнөөн татаас нэхээд байна аа? Ингэж татварын мөнгийг дэмий үрж байхаар зүгээр л энэ нүсэр сургуулийг хувьчилчих л даа. Ер нь яагаад төрийн бүх юм ийм дампуу байх ёстой юм бэ? Төрийн өмчит хувьцаат компаниудын энэ оны дунд үед хуримтлагдсан өр 8 трилион төгрөг давсан. Манай энэ жилийн төсвийг 1,5 дахин авсантай дүйх мөнгө. Бид жилд ийм хэмжээгээр өр үйлдвэрлэж байна. Энэ нүсэр ”өр үйлдвэрлэгчид”-ийг хувьчилж болохгүй юу?

Ggg [ 150.129.143.214 ]      |     10-р сарын 11 -нд, 21:52 минутанд

Ene emegtei yu yrij baigaagaa ooroo medej baigaa gehed ergelzej baina hooson helber daraga boloh gesen ulairsan husel l haragdajbaina.iimerhuu humuus yasan ih olon boloo ve MUISiig hogjij saihan bolo gedegt itgehgui baina iimerhuu humuus ymarch chadvargui baij hen negnii tataasaar tulheeseer garch irdeg yum bilee

Zochin [ 103.9.90.232 ]      |     10-р сарын 11 -нд, 21:29 минутанд

Sc.D erdmiin tsoliig hezee, yamar buteeleer avsan hun yum boloo? Gaihaltai... heterhii huviin bair suuri huuguud baih yum.. bagsh nariin toogoo ch zuv gargaad irj chadahgui baij yun ded zahiral... MUIS-d MUIS-iig hugjuuleye gesen setgeltei hun heregtei bolohoos huviin, ner hund huuj yavaa zamiin yumnuuud ogt hereggui!

Зочин [ 103.87.255.66 ]      |     10-р сарын 11 -нд, 21:24 минутанд

Багш нарын ааш зан ёс суртахуун дээр анхаармаар байнаа.....Зарим багш нар чхөөрхийлөлтөй байна даа.... Оюутнуудаасаа доор сэтгэлтэй багш байх юм. Дүнгээр боосон хавчсан хавчлага их байвал ямар сайн хүн төрөх вэ? дээ. Багш нарын ёс зүйг оюутнуудаас нууц санал асуулгаар авч байл даа

оюутан [ 103.9.90.231 ] 10-р сарын 12 -нд, 03:06 минутанд

улирал бүр авдаг

Tulga [ 141.30.126.114 ] 10-р сарын 12 -нд, 05:29 минутанд

100 sayiin ded zahirluud shdee odoonii MUIS iin ded-uud..

Бат-Эрдэнэ [ 202.21.127.206 ] 10-р сарын 12 -нд, 22:05 минутанд

Сайхан ярилцлага болсон байна. Мундаг хүн шүү. Амжилт хүсье.

dasu [ 66.181.176.23 ] 10-р сарын 13 -нд, 06:25 минутанд

Za tegeed yu ch hiigeegui hun Ymar ch muu ug sonsdoggui gedeg dee, Har baga nasnaasaa Erdemiin mur huuj Ih zuiliig surj ireed eh orniihoo hursund suulgahaar temuulj ywaa, MUISiin shinchleliig biychlen hiisen Ene niigmiin terguunii bolovsroltoi emegtei shuudee.