Хараахан дуусаагүй үлгэр буюу МЕЛО-гийн түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 12

Кармело Киан Энтони 1984 оны 5-р сарын 29-нд Нью Йорк хотын Брүүклинд төржээ. Тэрээр хоёр ах, хоёр эгчтэй /нэг эгч нь 2010 онд зуурдаар нас барсан/. Түүний ээж нь Африк гаралтай Америк, харин аав нь Пуэрто Рико хүн байсан байна. Гэвч түүнийг хоёр настай байхад нь аав нь хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд түүнийг найман настайд гэр нь Балтимор луу нүүжээ.

 

Кармело Киан Энтони 2004 онд Лала гэх бүсгүйтэй сүй тавьж  2007 оны 3-р сарын 7-нд түүний анхны хүү нь мэндэлжээ. 2010 оны 7-р сарын 10-нд 320 зочинтой хуримаа хийжээ.

2004 онд Дэнвэрийн олон улсын нисэх буудалд түүний цүнхнээс мансууруулах бодис илэрсэн ба дараа нь түүний найз Жэймс Каннинхэм түүний цүнхэнд мэдэгдэлгүй хийж, онгоц руу авч орохыг завдсан нь тогтоогджээ. 2006 оны 12-р сарын 14нд  "The Carmelo Anthony Youth Development Center" хэмээх санг байгуулсан бөгөөд өөрийнхөө хөрөнгөнөөс 1.5 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн аж. Дээрх сан нь өдийг хүртэл зүүн Балтимор дахь 35000 гаруй хүүхэд залуучууд болон насанд хүрээгүй байгаа иргэдэд чиглэсэн сургалт зохион байгуулж, ихэнхэд нь мэргэжил эзэмшүүлэн ажилд ороход нь тусалсан аж. Денверийн Лодод үсчний салон нээн ажиллуулж байгаа. Тэр салон нь сар бүрийн 15-нд насанд хүрээгүй залууст үнэгүй үйлчилдэг аж. Мөн өөрийн сурч байсан Сиракиус их сургуульд шинэ Сагсан бөмбөгийн ордон барьж өгч, хүүгийнхээ нэрээр нэрлэсэн байна. Мөн Крос Овер хэмээх Энтертайнмэнт студи нээсэн бөгөөд 2007 онд инээдмийн жүжигчин Эдди Мюрфигийн /Imagine that/ нэртэй киног хийж байсан.

 

Мело ахлах сургуулийн эхний гурван жилээ Тоусон Католик сургуульд өнгөрүүлсэн. 2000 оны зун тэрээр таван инч өсөж, улмаар түүний тоглолт нь ч эрс сайжирч гэнэт л олны анхааралд өртөж эхэлжээ. Мөн тэр жилдээ Балтиморын шилдэг тамирчдын нэгээр нэрлэгдсэн. Ахлах сургуулийн хоёр дахь улиралдаа тэрээр 14 оноо 5 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт дунджилснаар баг нь 26-3 гэсэн сайн амжилттайгаар улирлыг дуусгасан. Дараа жил нь тэрээр 23 оноо, 10 самбараас бөмбөг авалт дунджилж, NBA-гийн багуудын менежер скоутуудын хараанд өртөх болсон байна. Тэр үеээс эхлэн хичээл номоо хойшлуулж, зарим тохиолдолд таслах болжээ.

Гэвч түүний биеийн хөгжил болоод ур чадвар NBA-д ороход бэлэн биш гэж өөрөө дүгнэн Сиракиус их сургуульд элсэн орохоор болжээ. Харин түүний дүн нь их сургуульд элсэн ороход хангалтгүй байлаа. Ээж нь түүний сурлагыг сайжруулах үүднээс өөр сургууль руу шилжүүлэхээр шийдэв. Эхлээд Харгрэйв цэргийн академийг сонирхож байсан ч өнгөрсөн жилийн аварга Өүк Хилл академийн дасгалжуулагч  Стив Смиттэй уулзсаны дараагаар Өүк Хилл рүү шилжүүлжээ. Тэнд ч шилдэг тоглолтоо үргэлжлүүлсээр МакДоналдс ахлах сургуулийн бүх оддын тоглолтонд оролцсон  бөгөөд тус тоглолтын Спрайт Слем данкын тэмцээнд амжилттай оролцож түрүүлсэн байна.

2003 онд "Денвер Наггетс" баг түүнийг Леброн Жэймс, Дарко Миличичийн дараагаар гурав дахь сонголтоороо сонгож авсан. Тэр жилдээ бүх цаг үеийн түүхэнд 30-аас дээш оноо авсан хоёр дахь залуу тоглогч болсон. Түүний өмнө Коби Брайнт  бичигддэг аж. 2004 онд хамгийн залуудаа 1000-аас дээш оноо авсан гурав дахь залуу тоглогч болжээ.

Тэр жилдээ Бүх оддын тоглолтын Шилдэг шинэ залуу тоглогчдын тоглолтонд сонгогдсон. "Сийтл Супер Соникс" багийн эсрэг 41 оноо авснаар Денвер багийн түүхэнд эхний улиралдаа тоглосон тоглогчийн хамгийн өндөр оноог авсан тоглогч болсон. Мөн энэ оноо нь түүнийг 40-өөс дээш оноо авсан 2 дах залуу тоглогч болсон. Тэр үед тэрээр 19 нас 305 хоногтой байжээ.

Улирлын эцэст шилдэг шинэ тоглогчийн шагнал шалгаруулахад Мело, Леброн Жэймсийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан юм. Мелог ирэхийн өмнөх улирал Наггетс баг 17-65 гэсэн муу үзүүлэлттэй улирлыг дуусгаж байсан бол Мелотой хамт эхний улиралдаа 43-39 гэсэн сайн амжилтыг үзүүлж Плей оффт найм дугаар байраар шалгарсан.

Кармело Энтони 2 дахь улиралдаа 20.8 оноо дунджилсан байна. Улирлын эцэст бүх NBA-гийн 3 дугаар багт Яао мин, Аренас, Шон Марион Аллен Айверсоны хамтаар нэрлэгдсэн. Тэр зун Энтони "Денвер Наггетс" багтай таван жилийн 80 сая долларын гэрээ хийсэн.

2006-2007 оны улиралд ч  шилдэг тоглолтоо үргэлжлүүлэн олон тоглолтонд дараалан 30-аас дээш оноо авч байлаа. Гэвч Наггетс, Никс багуудын тоглолтын үеэр болсон зодоонд оролцсоны улмаас 15 тоглолтонд оролцох эрхээ хасуулжээ.

Энэ үед багийн удирдлага Супер од Аллен Айверсоныг багтай авчирч чадсан ч эхний сар гаруй хугацаанд тэр хоёрын хослолыг харах боломжгүй болсон юм. 2007 оны нэгдүгээр сард Мелогийн торгуулийн хугацаа дуусаж, Айверсонтой хамт нэг багт эхний тоглолтоо хийсэн. Тэр тоглолтонд тэр хоёрын хослол 51 оноо авсан байдаг. Мело улиралд оноо 28.9 оноо дунджилж Кобигийн ард хоёрт бичигдэв. 

2007-2008 онд бүх оддын тоглолтонд хоёр дахь удаагаа Бүх оддын тоглолтын гараанд анх удаагаа сонгогдсон. Өрнөд бүсийн санал асуулгад Коби Брайнт  2.004.940 саналтайгаар тэргүүлсэн бол Мело 1.723.000 саналаар хоёрт бичигдсэн.

2008 – 2009 оны улиралд Наггетс баг Айверсонг Пистонс баг руу явуулж Чанси Биллапсыг авчээ. Энтони NBA-д орсноосоо хойш анх удаагаа плей оффын хоёр дугаар шатанд шалгарсан. Дараагийн шатанд Далласыг хожиж, баруун бүсийн аваргын төлөө тоглосон ч яг түүний төрсөн өдрөөр цуврал 4-2 гэсэн харьцаатайгаар Лейкерсийн хожлоор өндөрлөв.

 

2010 оны хоёрдугаар сард 13 дараалан хожоод байсан Кливлендийн талбайд зочлон тоглосон тоглолтонд 40 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт хийсэн. Цаг дуусахад 1.9 секунд үлдээд байхад Мело өөрийн үсрэлттэй шидэлтээр тэдний хожлын цувралыг зогсоов. 

2010 оны арванхоёрдугаар сард эгч нь нас барсны улмаас таван тоглолт өнжжээ. Бүх оддын тоглолтын дараахан багийн анд Биллапсын хамт "Нью Йорк" багт очлоо. Түүний 15 дугаарыг Никс баг мөнхжүүлсэн байсан тул тэрээр 7 дугаарыг сонгосон. Мелогийн түүх тийм бадрангуйгаар биш хэдий ч үргэлжилсээр байна. Супер одын зангарагтай ч аз нь түүний нэрийг зарим хүнийхээс хойно бичүүлсээр байгаа нь хатуу үнэн билээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top