Хортой саванд хоол хүнсээ хийхээ больё

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 12

Зургаахан настай охин савны хорт хавдраар өвчилсөн зүрх зүсэм мэдээ нийгэмд харанга дэлдэх. Хар залуугаараа хорт хавдрын улмаас нас барсан гашуун түүхүүд байнга давтагдах. Халаглаад, харамсаад барамгүй энэ бүх зүйлийн ард "Хорт хавдар" гэх аймшигт өвчин монголчуудыг хэрсээр байна. Хүн амын өвчлөл хувь хүнээс шалтгаалах нь мэдээж ч, монголчуудын нийтлэг хэрэглээнээс маш их нөлөөлж байна. Эрүүл саруул амьдрахад хамгийн их хор уршиг авчрах тэр хөнөөлт хэрэглээнүүдийн талаар Zindaa.mn сайт цуврал нийтлэл хүргэхээр бэлдлээ. Эхний сэдэв хөнгөн цагаан болон хуванцар савны хэрэглээ, түүний хор уршгийн талаар байх болно.

Химийн бодисууд хорт хавдрыг буй болгож байна

Image result for хөх савны хэрэглээ

Улсын хэмжээнд зургаан сая сав эргэлдэж байгаа бөгөөд хотынхны 80 орчим хувь, хөдөөнийхний 50-60 хувь нь хуванцар сав хэрэглэдэг судалгаа гарчээ. Өдгөө 149.7 мянган малчин өрхийн 52 сая малын 450 сая орчим литр сүү, сүүн бүтээгдэхүүний ихэнх хувийг зориулалтын бус химийн саванд хадгалж, боловсруулж, худалдаж байгааг албаныхан хэлж байна. Мөн хот, хөдөөгийн 197.4 мянган өрх хөх сав ба канистрыг хэрэглэдэг гэсэн тооцоо байгаа юм. Эндээс дүгнэхэд Монгол Улсын нийт өрхийн 40 гаруй хувь нь химийн бодист нэрвэгдэж байна гэсэн үг.

Учир нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ундаа ус, айраг цагааны хуванцар савнаас хүний биед хортой химийн олон төрлийн бодис ялгардаг болохыг эрдэмтэд нэгэнт тогтоосон байгаа. Тухайлбал,

-Хуванцар савны бүтцэд бисфенол А гэгч бодис нь хүний бэлгийн гормоны үйл ажиллагааг төөрөгдүүлж, хөхний хорт хавдар үүсгэдэг, эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг байна. Үүнээс гадна бисфенол А нь чихрийн шижин, мэдрэлийн согог, үргүйдэл, арьсны өвчин зэрэг олон төрлийн өвчин эмгэгийн үндэс болдгыг эрдэмтэд олж тогтоогоод байна.

- Хар тугалга нь хүний биед хамгийн хортой химийн бодис гэгддэг бөгөөд  хорт хавдрыг үүсгэх үндэс болдог байна.  Бидний нэрлэж заншсан хөх сав, шар каниструудад хар тугалгын хэмжээ хамгийн өндөр агуулагддаг болохыг мэргэжилтнүүд тогтоосон. Гэвч монголчууд “Хортой” гэсээр байтал хоол хүнсээ хөх савандаа хадгалсаар байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан “Нарантуул” захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, долоон төрлийн хувцанцар савыг сонгон авч, ийм саванд хадгалсан усан дахь хар тугалганы хэмжээг шинжлэхэд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон манай улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс /хар тугалга-0,01мг/л/-ээс 60-800 дахин их байгаа нь тогтоогджээ. 

- Формальдегид нь хорт хавдар үүсгэдэг бодис юм. Тус бодис нь зарим химийн  элементтэй холилдсоноор хүний биед харшил үүсгэх гол эх үүсвэр болдог гэнэ. Тэгвэл хөх, шар өнгийн каниструудад уг бодис их агуулагддаг байна. Хүнсний зориулалттай саванд формальдегидийн үлдэгдэл илрэх ёсгүй атал 27,0 - 53,43 мг/л хэмжээтэй гарч,  цаг хугацаа явахын хэрээр улам ихэсч байгааг судалгаагаар тогтоогоод байна.

Хөнгөн цагаан бидоноос хүнд металл илэрчээ

Related image

Хөх сав хортой тиймээс хөнгөн цагаан бидоноор усаа зөөж, айраг цагаагаа хадгалвал хоргүй гэдгийг иргэд зах зухаасаа эхлээд ойлгож эхэлсэн. Гэтэл Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар усны хөнгөнцагаан саванд агуулагдах хүнд металлын хэмжээ буюу хар тугалга 122-250 дахин их, кадьми 10-53 дахин өндөр, Төмөр хувинд төмөр 58-90 дахин,цайрын агууламжтай ойролцоо, хар тугалга 240-360 дахин, кадьми 33-70 дахин их агууламжтай байгааг тогтоосон байна. Ийнхүү бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хуванцар сав, хөнгөн цагаан бидон хортой гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж, анхааруулсаар байна. Хүн амын эрүүл мэндэд ХӨНӨӨЛ авчирч буй хуванцар савнуудаас ангижирахгүй бол хорт хавдрын өвчлөл монголчуудыг ээрсээр байх нь тодорхой юм.

Стандарт, стандарт, стандарт

Тиймээ, хүнсний зориулалтаар хэрэглэх эрүүл ахуйн шаардлага хангасан стандарттай хүнсний савыг хэрэглээнд нэвтрүүлэх цаг үеийн шаардлага гарч ирээд байна. Үүнийг шийдэх анхан шатны хоёр ч алхам байна.

Нэгдүгээрт, хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн тухай хуулийг зөрчиж байгаа хөх сав, шар каниструудын хэрэглээг бүрмөсөн зогсоох. Тэгэхээр иргэд ус, хүнсээ ямар саванд хийж хадгалах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тиймээс зориулалтын саваар хангаж болно. Импортоор сав оруулж ирэх нь овор хэмжээ ихтэй учраас хамгийн гол гарц нь ийм савыг Монголдоо үйлдвэрлэх юм. Үйлдвэрлэхийн тулд зүгээр нэг тэмдэглэгээ тавиад орхих биш шинжилгээнд хамруулж, хяналт сайн тавих хэрэгтэй.

Хоёрдугаарт, хүнсний савны хэрэглээнд төрөөс онцгой анхаарах. Бодлогын төвшинд энэ асуудлыг авч хэлэлцэж, хамгийн гол нь хүн ардынхаа хэрэглээнд стандартын шаардлага хангасан савнуудыг нэвтрүүлэхийн тулд шат дараалсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Таны мэдлэгт нэмэр болох үүднээс дараах мэдээллийг хавсаргаж байна.

Хуванцар савны кодыг уншиж сурцгаая

Image result for Хуванцар савны кодыг

Хуванцарын кодын систем гэдэг нь төвдөө тоотой, гурвалжин гогцоо бөгөөд доороо хуванцрын төрлийг тэмдэглэсэн товчилсон үсгүүдтэй дүрс юм. Тэмдгүүд нь тухайн хуванцар эдлэлийн гарал үүслийг заадаг ба мөн хуванцар эдлэлийг дахин боловсруулагчид болон иргэдэд мэдээлэл өгөх зориулалттай байна.

Тэмдгийг 1970 онд АНУ-ын нэгэн цаас үйлдвэрлэдэг компани хаягдал цаасыг дахин боловсруулах талаар тэмдэглэгээ шаардлагатай байсан тул Их сургуулийн дизайны ангийн оюутнуудын дунд “Эх дэлхий” өдөрлөгийн үеэр дахин боловсруулах тэмдэглэгээний уралдаан зарласан байна. Энэ уралдаанд Өмнөд Каролины дизайны их сургуулийн оюутан 23 настай Гарри Дий Андерсон энэхүү дахин боловсруулах тэмдгийг олон зүйлээс сэдэвлэн бүтээсэн ба шагналд нь 2500 доллар, АНУ-д ямар нэг их сургуульд суралцах эрхээр шагнасан байна. Энэхүү тэмдэг нь нэг компанийн өмч биш нээлттэй орхисноор дэлхий нийтээрээ энэхүү тэмдгийг хэрэглэдэг болжээ.

Хар тугалга, химийн бусад бодис нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнг өвчлүүлэх эрсдэлтэй тул “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх, “2”, “4” тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар сэрэмжлүүлж байна. Харин “1”, “5” дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй юм.

 PE/PETE: Энэ нь нийтлэг хэрэглэгддэг хуванцар сав юм. Ундаа, ус, ам зайлах шингэн, ургамалын тос зэрэг хүнсэнд хэрэглэгддэг хуванцар савнуудыг уг тэмдэглэгээгээр илэрхийлдэг. Мөн дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь маш бага юм.

HDPE: Маш өндөр нягтрал бүхий полиэтилен. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн сүү, тараг, жүүс болон угаалгын нунтаг бодис, шампунь гэх мэтийг савласан байдаг. Дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага юм.

 V/PVC: Винил эсвэл поливинил агуулсан хуванцар. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд, шампунь, биеийн шингэн саван, хуванцар тавилгууд гэх зэргийг хийдэг. Уг төрлийн хуванцар савыг халаах болон шатаахад агаарт диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хоол хүнсний зүйл агуулж болохгүй.

LDPE /нягтрал бага/ Энэ төрлийн хуванцараар сав, баглаа боодол, хоол хадгалах сав, тавилга, хивс зэргийг хийдэг байна. Энэ савыг дахин ашигладаггүй ч хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага.

PP: Тараг, жүүс зэрэг уух шингэн зүйлсийг савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд эм бэлдмэл, витаминуудыг ч мөн савладаг. Энэ нь хамгийн аюулгүй хуванцарын төрөлд багтах бөгөөд дахин ашиглаж болно.

PS: энэ төрлийн хуванцараар ихэвчлэн хүнсний бус зориулалтын хуванцар сав, CD-ний хайрцаг зэргийг хийдэг. Дахин ашиглахгүй.

Бусад тэмдэглэгээнүүд: Энэ хуванцарын төрлөөр голдуу ш?дний эмчилгээний багажууд, нягтрал бүхий зарим хуванцар эдлэл хийдэг. Эдгээрийн зарим нь аюулгүй байдаг бол хатуу, нягт поликарбонатыг агуулсан зарим хуванцар нь аюултайд тооцогддог байна.

Эдгээр тэмдэглэгээнүүдээс “1”, “5” гэсэн тэмдэглэгээтэй хуванцар сав нь хэрэглэхэд аюулгүй, “2”, “4” код бүхий сав нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага, харин “3”, “6”, “7” код нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой тул хоол хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй.

Иймд иргэд Та бүхэн өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж буй хуванцар савны тэмдэглэгээг сайн мэдэж байх нь чухал юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гэгээ(27.123.212.134) 2017 оны 10 сарын 13

Хил гаалиараа л оруулахаа больчихбол хэн хэрэглэх юм вэ

0  |  0
Зочин(112.72.11.104) 2017 оны 10 сарын 12

Бас ширмэн тогоо

0  |  0
Зочин(112.72.11.104) 2017 оны 10 сарын 12

Гууль зэс түмпэн сав үйлдвэрлээчээ

0  |  0
Аргагүй(122.201.24.79) 2017 оны 10 сарын 12

Одоо хөгжил дэвшлийн гайгаар ус авах савгүй, ер нь урьд нь болж байсан бүхэн болж бүтэхээ болилоодоо! Удахгүй байшин, гэрт амьдарч болохгүй гэхнээдээ?

0  |  0
Зочин(59.153.87.201) 2017 оны 10 сарын 12

Харин ч хөнгөн цагаан савыг дээр үеэс эрүүл мэндэд сайн гэж хэрэглэсээр ирсэн шүү дээ

0  |  0
мажигсүрэн(203.91.115.36) 2017 оны 10 сарын 12

Стандартын сав хурдан худалдаанд гаргах хэрэгтэй бна

0  |  0
мажигсүрэн(203.91.115.36) 2017 оны 10 сарын 12

Стандартын сав хурдан худалдаанд гаргах хэрэгтэй бна

0  |  0
Uranchimeg(202.70.46.215) 2017 оны 10 сарын 12

unheer heregtei medeell ogsond bayarlalaa

0  |  0
ariuk(122.201.21.175) 2017 оны 10 сарын 12

Uunees gadna shineer barigdaj baigaa oron tssutsni tsewer usni shugam hooloi Hyatadaad orj irj baigaa. Uunig shalgadag bolow uu

0  |  0
Top