Нэг машиныг 100 доллараас эхэлж дуудлага худалдаанд оруулна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 12

Монгол Улсад байгаа хамгийн үнэтэй машинуудын ээлжит цуглаан энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал  гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг “UB Auto tuning 2017” шоу Наадам центрт зохиогдох гэнэ. Тус шоу нь  анх 2010 онд 60 машинтай зохион байгуулагдаж байсан ба 8000 хүн үзэж сонирхож байсан юм. Тэгвэл энэ удаагийн шоу өргөн хүрээг хамарч, дээд зэргийн зохион байгуулалттай тохилог орчинд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн шоуг “Тэнгэрийн Модун” ТББ, М77 авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Шоуг хоёр өдөр зохион байгуулах бөгөөд гэр бүлээрээ үзэж болох хамгийн сонирхолтой авто шоу болох юм. Зарим нэг авто шоуг гэр бүлээрээ үзэх боломж хомс байдаг. Тухайлбал, хүүхдүүд дуу чимээнээс нь айх тохиолдол ч бий. Тэгвэл энэ удаагийн шоуг хүүхдүүдтэйгээ очиж үзэх бүрэн боломжтой аж.  Шоу зохиогдох “Наадам Центр” нь саяхан ашиглалтад орсон,  олон улсын стандартын дагуу баригдсан байна. Тиймээс та гэр бүлээрээ тохилог, тав тухтай орчинд шоуг үзэж сонирхохыг зохион байгуулагчид уриалж байгаа юм.  

Шоунд маш олон хөтөлбөрүүд багтсан байна. Тодруулбал, Илбэчин С.Билэгтийн  өмнө нь хийгдэж байгаагүй шинэлэг илбийн үзүүлбэрийг үзэж болно. Мөн Реппер G, Ice top, Digital зэрэг хамтлаг дуучид хүрэлцэн ирэх гэнэ. Шоуны үеэр алкохолын төрлийн зүйл худалдаалахгүй бөгөөд коктейл зэрэг амтлаг ундааг хийж сонирхуулах аж.

Спорт машин сонирхогчдын холбооны тэргүүн Г.Насанжаргал “Шоунд Монголын хамгийн үнэтэй, сор болсон машин, мотоцикл оролцоно. Нийт 200 машин оролцох ба 50 нь уралдааны чиглэлээр бүрэн тоноглогдсон байна. Тухайлбал, 10 сая төгрөгийн үнэ бүхий машиныг 100 саяаар тоноглосон. Харин  50 нь “super cars” машин. Энэ нь грашид хадгалагддаг, гадуур унаад байдаггүй Монголд ганц байдаг ламбержин гэх мэт. Үлдсэн 100 машин нь цэвэр “custom” машин оролцох юм. Custom гэдэг нь машины хэв маягийг нь өөрчилсөн гэсэн үг. Бүхий л машин маань хүмүүсийг уйдаахгүй, гайхшруулсан байх болов уу гэж бодож байна. Манай шоунд эр хүний чимэг болсон хүлгүүд л оролцоно” гэв.

Тус шоуны ерөнхий спонсорт “Авто толь”, Голомт банк болон авто машины бүхий л байгууллага нэгдсэн байна. Шоуг шинэлэг байх үүднээс Монголын үндэсний спорт загварын хувцасны “TG” брэнд, “Алтжин” усны хувцасны брэндийн загварын шоу тус тус явагдах аж. Мөн машин болгон загварынхантай хамтарч ажиллаж байгаа бөгөөд загвар өмсөгчдөөр машинаа чимэх гэнэ.

Drift” нэгдэл холбооны ерөнхий шүүгч Д.Баттүвшин “Шоуг шүүх шүүгч нарын хувьд мэргэжлийн хүмүүс байгаа. Мөн үзэгчдээс хамгийн их санал авсан машиныг тодруулна. Тиймээс оролцогчид маань ч гэсэн машинаа сайн тайлбарлах хэрэгтэй. Нийт найман номенациар машинуудыг шалгаруулана. Тухайлбал, auto tuning, casing tuning, presing tuning гэх мэт. Мөн гранфри буюу хамгийн их санал авсан шилдэг машиныг тодруулах юм. Дуудлага худалдааны үеэр азтай байвал маш сайн тоноглогдсон машиныг бага үнээр авах боломжтой. Тас хар өнгөтэй маш сайн тоноглогдсон crown 200 машиныг дуудлага худалдаанд оролцуулна. Хэрэв crown сонирхож байгаа хүн байвал хүрэлцэн ирээрэй гэж зөвлөе. Мөн шоуг Орос Улсаас сэтгүүлч нар ирж сурвалжилна. Тиймээс үзэгчдээ соёлтой шоугаа үзэж сонирхоорой гэж уриалмаар байна. Энэ шоу маань Монгол Улс дэлхийтэй хөл нийлэн алхаж байгаа гэдгийг харуулах байх” гэлээ.

Шоуг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулах ба эхний өдөр 10-18, дараагийн өдөр 10-16 цаг хүртэл зохион байгуулах аж. Мөн шоуны үеэр дуудлага худалдааг зохион байгуулах ба үнэ 100 доллароос эхлэх аж. Таксны хувьд 10 мянган төгрөг. Харин 16-аас доош насны хүүхдүүд үнэ төлбөргүй шоуг үзэж сонирхох боломжтой юм. Таксыг “Наадам центр” төвийн үүдэнд борлуулах гэнэ. “Наадам центр”  нь дотроо дэлгүүр зэрэг томоохон үйлчилгээний төвтэй учир гэр бүлээрээ амралтын өдрөө shopping хийнгээ шоу үзэх боломжтой юм.

Хаяг: Төв цэнгэлдэхийн баруун талд “Наадам центр” 

Утас: 99117177 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Yep(203.91.115.36) 2017 оны 10 сарын 12

Vzeerei

0  |  0
Top