Хоол уу, хор уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Өнөөдөр “Дэлхийн хүнсний өдөр” гэнэ. Энэ өдрийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн түүхтэй аж.

Хүнс гэдэг бол хүн төрөлхтөний оршин тогтнох үндэс гэж хэлж болно. Энэ утгаар нь авч үзвэл Хүнсний аюулгүй байдлын асуудал улс орны хувьд чухал байр суурь эзлэх нь тодорхой юм. Тиймдээ ч шинээр сонгогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх "“Бид далайд гарцгүй ч хүн далайд гарцтай. Бид хүнсний гүрэн болох ёстой” гэсэн зорилгыг тавиад буй. Тэгвэл өнөөгийн Монголын хүнсний хэрэглээ түүний аюулгүй байдал ямар төвшинд байна вэ.

Хууль үйлчлэхгүй байна

Манай улс 2012 онд Хүнсний тухай хуулиа шинэчилж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль шинээр батлагдаж гарсан аж. Эдгээр хуулийг 2013 оноос эхлэн мөрдөн хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Дээрх хуульд хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг хуулийн этгээд, аж ахуй нэгж импортлон оруулж ирэх, мөн зохих шаардлага шалгуурыг тусгаж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч уг хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байгаа нь бодит байдал дээр анзаарагдах болсон. Тухайлбал, ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноос хойшхи хугацаанд иргэд хувиараа хүнсний бүтээгдэхүүн импортоор оруулж ирэн Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг аймгийн төвүүдэд худалдаалж байсан бол өдгөө энэ байдал даамжирч Улаанбаатар хотод ч түгээмэл ажиглагдах болжээ. Тухайлбал, иргэд хувь хүмүүсийн зүгээс нийслэлийн “Нарантуул”, “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хар хорин” зэрэг хүн ам ихээр төвлөрсөн, томоохон худалдааны төвүүдийн ойролцоо автомашиныхаа багаажинд орос хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаагаас эл дүр зургийг харж болно. Түүнчлэн Хятадаас мөн адил ийм байдлаар наймаачид хүнсний бүтээгдэхүүн оруулж ирсээр байгаа юм. Хувийн хэрэгцээ гэдэг нэрийн доор ганзагаар хүнс оруулж ирэн худалдаалж байгаа энэ мэт тохиолдол нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмүүдийг зөрчөөд зогсохгүй, иргэдийн эрүүл мэнд, цаашлаад амь насанд нь заналхийлж байгаа юм.

Хүнснээс хордсон гэх дуулиант хэргүүд

  • Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн  гурван сурагч хоолны хордлого туссан шинж тэмдэгтэйгээр эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн бөгөөд нэг нь тусламж авч амжилгүй нас барсан  хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарч байв. Хамгийн харамсалтай нь дээрх гурван хүүхэд нэг айлын хүүхэд байсан бөгөөд амралтынхаа өдрөөр хот руу орохдоо захаар явж гар дээрээс худалдаж байсан чанасан өндгийг идсэнээс болж хордлого авч улмаар хүндрэн дээрх харамсалтай явдал болсон нь тогтоогдсон юм.
  • Архинд хордож, амиа алдах тохиолдол олонтаа гарч байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн хүн  архинд хордож амиа алдаж байв. Тэд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвөөс  “Энэрэл” эмнэлэгт хүргэгдэж ирсэн бөгөөд гурав нь анхны тусламж авч чадалгүй нас барж, нэг нь Хордлого тайлах үндэсний төв рүү хүргэгдсэн хэдий ч эмчилгээ авч амжилгүй нас барсан байдаг. Тэдний хувьд хямд, чанаргүй архи ууснаас болж ийн амиа алдсан нь тогтоогдож байв. Энэ мэт жишээг дурдаад байвал дуусашгүй. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэвэл, Монголд өнөөдөр Хүнсний аюулгүй байдал хүндхэн байгааг харуулж өгч байгаа юм. Хүнс сонгохдоо хамгийн түрүүнд "Хоол уу, хор уу" гээд өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

Иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын газраас авч хэрэглэх, гар дээрээс баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн авч хэрэгдэхгүй байхыг Zindaa.mn сайтын зүгээс сэрэмжлүүлж байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Урнаа(185.89.248.35) 2017 оны 10 сарын 16

ямартай шинэ зг ажилдаа ороод хурдан жигдрэх хэрэгтэй байна

0  |  0
Top