Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын тоглолт болно

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Улсын Филармони нь Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол гэсэн гурван том  оркестртай юм. Энэ жилийн хувьд олон ой тохиож байгаа аж. Тухайлбал, 10 дугаар сарын 21-нд Морин хуурын чуулгын 25 жилийн ой тохиож байна. Мөн Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ой, Монгол Улсын Филармонийг үүсгэн байгуулагч Ц.Намсрайжав гуайн 90 жилийн ой, Филармони үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ой тус тус болох юм. Мөн 2018 онд Баянмонгол чуулгын 50 жилийн ой тохиох аж. Ой болгоноор шинэлэг санаа, шинэ уран бүтээлүүдтэй хүндэтгэлийн гала концертыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, Монгол Улсын Морин хуурын чуулгын 25 жилийн ойд  шинэлэг бүтээлүүдээр үзэгчидэдээ тоглолт толилуулахаар болсон байна. 

Филармонийн маркетингийн албаны дарга Г.Алтан-Од “11 сарын 17, 18-нд Оскарт нэр дэвшиж байгаа "Чингисийн хүүхдүүд" гээд Монголчуудын Холливудтай хамтарч хийсэн киноны хөгжмийг бүхлээр нь манай Морин хуурын чуулга тоглосон. Чингисийн хүүхдүүд киноны хөгжмийн зохиолчоор Улсын Филармонийн залуу хөгжмийн зохиолч Өлзийбаяр ажилласан. Энэ киноны хөгжим болон Холивудын алдартай кинонуудын саунтракаар ойн хүрээнд тоглолтуудыг хийх болно. Морин хуурын чуулга, Улсын Филармони, Симфони найрал хөгжимчид хамтран тоглоно. Нийт 100 гаруй уран бүтээлчид хамтран Улсын Филармони дээрээ тоглолт хийнэ” гэлээ.

Уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр “Энэ удаагийн концертын хувьд уран бүтээлчдээс ур чадвар шаардсан тоглолтыг толилуулна. Никитон хамтлаг, MУГЖ, Поп хатагтай, дуучин Б.Сарантуяа, дуурийн дуулаачид, ардын жүжигчид, МУГЖ Улсын Филармонийн уртын дуучин Мөнхбаатар, МУАЖ Чимэдцэеэ эгч, Дуурийн дуучдаас Шижирбат, Гомбо-Очир гэх мэт хүмүүс оролцоно. Ихэвчлэн шинэ хийгдсэн бүтээлүүдээ тоглох болно. Концертын ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин, профессор Н.Жанцанноров гуай ажиллаж байгаа” гэв.

Анх 1992 онд “Хаан хуур” залах зарлиг гарснаар тухайн жилдээ Морин хуурын чуулга байгуулагдаж байсан аж.  Морин хуурын Чуулга 1996 онд хамгийн анх ОХУ-ын Буриад Улсад айлчлан тоглолт хийж байжээ. Үүнээс хойш 20 улсын 250 хотуудаар 650 гаруй тоглолтыг хийсэн байна. Жилд хэд хэдэн удаа цөөхүүл болон бүрэн бүрэлдэхүүнээр улс орнуудад айлчлан тоглолт хийдэг аж.

 Морин хуурын чуулгын менежер, морин хуурч Ж.Уугантуяа “25 жилийн хугацаанд чуулгын бүтэц байнга өөрчлөгдөж байсан. Анх Морин хуурын чуулга 25 хүнтэй байсан. Үүнээс одоог хүртэл ажиллаж байгаа 8 хүн бий. Нийт чуулгад маань 80 хүн ажиллаж байсан. Одоогийн байдлаар 35 хүний бүрэлдэхүүнтэй тоглолтоо хийж байгаа. Өмнө нь 12 хууртай байсан бол одоо 16 хууртай болсон. Манай чуулга олон удаа гадаадын улс орнуудад айлчлан тоглолт хийж байсан. Тухайлбал, чуулга маань бүрэн бүрэлдэхүүнээр Япон Улсад 1997 онд айлчлан тоглолт хийж байлаа. Мөн төрийн тэргүүн УИХ-ын даргын албан ёсны айлчлалуудад дагалдан тоглолтоо толилуулж байсан. Дэлхийн олон алдартай театруудад тоглолт хийж байсан юм. Тухайлбал, АНУ-ын Карнеги Холл, Берлиний Филармонид, Австрийн Алтан заал, Японы NHK танхим гэх мэт газрууд бий. Хамгийн сүүлд Гонконгийн яамны урилгаар очиж тоглолт хийсэн. Олон ч шагналуудыг гадаадын тэмцээнээс авч байсан. Тухайлбал, БНАСУ-д зохион байгуулагдсан "Хаврын баярын наадам"-аас Оркестр, удирдаачаараа алтан цом авсан. 2004 онд БНСУ-д зохион байгуулагдсан "Анхны Соёлын олимп"-оос хөгжмийн төрөлд Гранфри шагналыг хүртэж байлаа. Дотоодын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцдог” гэсэн юм.

Ойн хүрээнд “Морин хуурын чуулга 25 жил” гэсэн эрдэм шинжилгээний хурлыг мөн  зохион байгуулахаар болсон байна. Тус хурал нь Морин хуурын чуулгын урын сан, бүтэц, бүрэлдэхүүн хамтлаг, гоцлол хөгжимчид, нийгэм соёл, харилцаа гэх сэдвүүдийн хүрээнд өрнөх аж. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нар(27.123.214.90) 2017 оны 10 сарын 21

Гайхалтай уран бүтээлчид Морин хуурын чуулгын хөгжимчдөд 25 насны баярын мэнд хүргэе.

0  |  0
Ard(66.181.185.37) 2017 оны 10 сарын 17

Delhiin hemjeend setgej baij Gadniihand hurne chi jalgandaa bna

0  |  0
д Барх(66.181.160.26) 2017 оны 10 сарын 17

МХ-ын чуулга харамсалтай нь ардын үндэсний хөгжмөөр ардын богино болон уртын дууг гоёоор тоглож байх ыг огт хараагүй.Дандаа зохиолын болон европжсон тоглолт хийдэг.

0  |  0
Top