”Маркетеруудын өдөр” арга хэмжээ 5 дахь жилдээ зохион байгуулагдана

2017 оны 10 сарын 17

Монгол Улсаа сурталчлах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг, бизнесийн 300 гаруй байгууллагын 2100 гаруй маркетеруудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Үндэсний Маркетингийн Холбоо “Маркетеруудын өдөр” арга хэмжээг 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус холбоо 2013 оноос эхлэн маркетингийн салбарыг олон нийтэд таниулах, маркетингийн мэргэжилтнүүдийн ажлын байран дээрх үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах зорилгоор жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг Монголын “Маркетеруудын өдөр” болгон зарласан билээ. 

Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч: Ж.Золзаяа

Маркетеруудын өдрийн хүрээнд 2017 оны 10-р сарын 16-аас 20-ны хооронд “I’m a marketer” уриан дор маркетингийн салбарын мэргэжлийн холбоод, агентлагууд, зөвлөхүүд, их дээд сургуулиуд, төрийн болон бизнесийн байгууллагуудыг идэвх санаачлага гарган маркетингийн салбарыг сурталчлах, хийсэн бүтээснээ бусдад таниулах төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж Монголын “Маркетеруудын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга: Т.Мөнхбаяр

Маркетингийн салбар нь хамгийн залуу шинжлэх ухаан боловч, цаг үргэлж хөгжиж, технологитой уялдан улам шинэчлэгдсээр байна. Энэ өдрийн хүрээнд Unread.today, SMS-Startup Marketing Space хамтран ээлжит сонирхолтой ярилцлагаа зохион байгуулж байна. 

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Австралийн “RackCorp” компанийг үүсгэн байгуулагч, салбартаа 17 жил ажилласан туршлагатай Стефен Дендтлер манай улсад зочлон ирээд байгаа юм. Австралийн хамгийн өндөр хурдны сүлжээ бүхий тус компани нь дэлхийн 11 орны 22 дата төвд үүлэн тооцооллын технологид суурилан үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн RackCorp компаний олон нийтийн харилцаа хариуцсан менежер, алдарт "Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг хүрэлцэн ирж өөрийн брэндийн туршлага, ололт амжилтаасаа хуваалцана. 

Хэзээ: 2017 оны 10 сарын 17 нд 18.30 цагт
Хаана: Бизнес тауэр, 19 давхар, “SMS” төвд
Утас: 8800-1900

Монголын Маркетингийн Судалгаа шинжилгээний Хүрээлэн Захирал: Майцэцэг

Манай орны хувьд маркетингийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг 10 гаруй их дээд сургууль байдаг боловч боловсон хүчний хэрэгцээ хангалттай биш байна. Тиймээс өөр бусад салбарын мэргэжлийн бус хүмүүс байгууллагуудын маркетинг хийж байгаа нь учир дутагдалтай мэргэжлийн бус байна. Үүнээс үүдэн маркетингийн менежер, мэргэжилтэний ажлын байран дээрхи үнэлэмж буурах, ажлын байрны тодорхойлолтыг буруу ойлгох тохиолдол их байна. Энэ нөхцөл байдлыг арилгах, багасгах зорилгоор МҮМХ болон Монголын маркетингийн судалгаа шинжилгээний хүрээлэн хамтран маркетинг менежментийн 45 хоногийн онол практик хосолсон сургалтыг зохион байгуулахаар анхны элсэлтээ авч байна. Энэхүү сургалтанд маркетингийн салбарт сонирхолтой, өөр мэргэжилтэй боловч одоо энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс, жижиг дунд байгууллагуудын менежер, захирлууд хамрагдан суралцах боломжтой. Сургалтыг ММСШХ-ийн эрдэмтэн багш нар болон томоохон бизнесийн компанийн захирлууд заана. Цаашид ахисан түвшин, мэргэшсэн маркетеруудын сургалтын элсэлтийг авна.

Элсэлтийн бүртгэл 10-р сарын 22 хүртэл явагдана.
Элсэлтийг сар бүр авна. Хугацаа 45 хоног

УДЭТеатрын МОНХАлбаны ахлах менежер Б.Гэрэл

Өдрийн хүрээнд МҮМХ-ны байнгын түнш, хамтран ажиллагч байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон маркетерууддаа зориулан Дашдоржийн Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгээ тоглоно. Тоглолтын дараа театрын удирдлагууд, уран бүтээлчид маркетеруудыг хүлээн авч уулзаж соёл урлагийн байгууллагын маркетингийн талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх болно.

Виннер Консалтинг ХХК Ерөнхий захирал: Ц.Одонтуяа:

Монголын “Маркетерүүдийн өдөр”-ийн хүрээнд маркетингийн мэргэжлийн байгууллагууд нэг дор цуглан ХУВЬ ХҮМҮҮС, ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ, КОМПАНИУДАД мэргэжлийн өндөр түвшинд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө. Маркетингийн алба, ажилтангүй бизнесийн байгууллагууд мэргэжлийн байгууллагыг хаанаас олох, хэрхэн холбогдохоо мэдэхгүй байдаг. Мөн энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудын тоо баримт манай улсад байдаггүй. Энэ арга хэмжээгээр дамжуулан мэргэжлийн байгууллагуудыг бүртгэх, тэдэнд харилцагч олж өгөх нөгөө талаар бизнес эрхлэгчдэд үнэн зөв цэгцтэй мэдээлэл олгох боломж бүрдэж байгаа юм.

Өдөрлөгт маркетинг менежментийн зөвлөх үйлчилгээ, сошиал маркетинг, идэвхжүүлэлт сурталчилгаа, бүтээгдэхүүн, брэндийн хөгжүүлэлт болон сургалт, судалгааны байгууллагууд оролцоно.

Хэзээ: 2017 оны 10-р сарын 18-ны 10:00-16:00 цагт
Хаана: Бизнес тауэр, 19 давхар, “SMS” төвд
Утас: 9597-9899

“MARKETERS’  PARTY” БОЛНО.

Харин 10 сарын 20-ны өдөр монголын “Маркетеруудын өдөр”-ийн баярын арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Park castle”-д  зохион   байгуулж, нийт маркетеруудтайгаа баярын өдрөө хамтдаа тэмдэглэн өнгөрүүлнэ. Эрхэм маркетер та баярын өдрөөрөө салбарын мэргэжилтнүүдтэйгээ илүү ойр танилцаж, цаашид хамтран ажиллах боломжийг “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” танд олгож байна.

Хэзээ: 10 сарын 20-нд 20:00 цагт
Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Park castle”-д
Утас: 8907-1200, 9999-8206

Бэлтгэсэн: А.Тэмүүл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top