М.Ичинноров: Сенсаацтай хэрэг болгон дээр дуугарсангүй гэж шүүмжилж болохгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

 Таван настай охиныг   хууль ёсны асран хамгаалагчгүй   үлдээснээс хүчирхийлэлд өртсөн, 13 настай охин буудалд харамсалтайгаар амиа алдсан хэргүүд ар араасаа гарч олон нийтийг цочролд  оруулаад байна. Уг асуудалд  нийгмийн зүтгэлтнүүдийг дуу хоолойгоо хүргэж,  тэмцэхийг шаардсаар байгаа юм. Өчигдөр л гэхэд Хүний эрхийн хуульч М.Ичинноровыг “Таван настай охины асуудлаар дуугарсангүй,  мөнгөгүй учраас тэр үү” гэх зэрэг шүүмжлэл  олон нийтийн сүлжээнд нэлээд өрнөсөн. Энэ асуудалд Хуульч М.Ичинноровтой холбогдож дараах зүйлийг тодрууллаа.

Таныг УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийн хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн туслалцаа үзүүлснийг мэднэ. Гэтэл хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг ар араасаа гарч байна. Энэ талаар таныг яагаад дуугарахгүй байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэхгүй байна гэсэн шүүмжлэл өрнүүлэх хүмүүс байна?

Нэг зүйл байна. Сенсаацтай хэрэг дээр дуугарахаар шоу хийлээ гэж шүүмжилнэ. Дуугарахгүй болохоор дуугарсангүй гэж шүүмжилнэ. Одоо яалтай ч билээ дээ. Сенсаацтай хэрэг болгон дээр дуугарсангүй гэж шүүмжилж болохгүй ээ. Харин ч би чимээгүй, далд энэ ажлыг өдөр бүр хийдэг. Тиймээс ч таван настай охины асуудлыг хандсан Золбоот гээд хүүд би мессеж явуулж, хамгаалалтанд авхуулах асуудлыг зөвлөсөн. Тэр хүү над руу байнга холбогдож, зөвлөгөө дэмжлэг авч байгаа. Хүүхэд хамгааллын асуудалд бид нэг хэрэг гарахаар л араас нь бүгд нийлээд орилолдох биш, тогтолцоогоор нь өөрчлөх ажлыг шамдах хэрэгтэй.

Та сүүлийн үед хууль зүйн ямар өмгөөлөл үзүүлж байна вэ?

Би олон улсын хэмжээнд хүний эрхийн төсөл, хөтөлбөр дээр зөвлөхийн ажлуудыг хийж байна. Ер нь нийгэм нэг сенсаацтай хэрэг гарахаар бүгд араас нь шуугилдаад өнгөрдөг биш, хүний эрхийг хэрэгжүүлдэг тогтолцоогоо фундаментаар нь өөрчлөх хэрэгтэй. Үүнд хувь нэмрээ оруулах бодлогын ажлууд дээр сууж байна. Удахгүй тодорхой мэдээллүүд өгнө.

Хүүхэд хамгааллын асуудалд төрөөс дорвитой арга хэмжээ авч ажиллахгүй байна. Та энэ тухайд юу хэлэх вэ. Ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

     Би “Хүүхэд хамгааллын олон улсын стандарт”-ыг боловсруулж, эмхэлж, орчуулж гарын авлага болгон гаргасан.  Энэхүү олон улсын стандарт, загвар стратегийг цагдаа, прокурор, шүүх, шүүх эмнэлэг, эрүүл мэнд болон боловсролын байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, хүүхэд хамгааллын байгууллагууд бүгд чанд мөрдөж ажиллах юм бол өдөр тутам үүсч байгаа бусармаг алдаа, завхралууд ар араасаа гарахгүй, тогтолцооных нь хувьд өөрчлөх боломжийг бүрдүүлэх юм.  Энэ сурах бичгээр дамжуулан цагдаа, хуулийн байгууллагынхныг, эмч, багш нарыг сургах ажлыг төрийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулах хэрэгтэй байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Top