Кара Делевинь: Би хэн ч болж чадахгүй гэж боддог байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Чадварлаг модель, жүжигчин гэдгээ харуулж, дэлхийд алдартай болж байгаа Кара Делевиньтэй “ELLE” сэтгүүлийнхэн ярилцжээ. Кара саяхан ном бичиж бас нэгэн ур чадвараа харуулсан билээ. Өөрийнхөөрөө, гэхдээ хүмүүжилтэй, өвөрмөц энэ бүсгүйтэй алдарт “Chanel”, “Burberry”, “Blumarine”, “Stella McCartney”, “DKNY” зэрэг дэлхийн том бренд гэрээ хийсэн. Кино урлагт гаргасан түүний хичээл зүтгэл ч талаар болоогүй. Кара алдартай найруулагч нарын хараанд өртөж байгаа билээ. Саяхан найруулагч Люк Бессон түүнийг олж харж, өндөр цалинтай ажилд урьсан байна. “Valerian and the City of a Thousand Planets” кинонд Кара хэн болохоо харуулсан.

-Лорелинтой адил тал чамд байна уу?

-Дүр болгондоо би өөрийнхөө зан чанараас гаргаж байдаг. Лорелин бол найдваргүй романтик нэгэн. Тэр хуучинсаг үзэлтэй, хайр сэтгэлд хүртэл итгэдэг гээд бод /инээв/. Энэ л бидний адил тал байх. Тэр надаас илүү зарчимч хүн гэдэг нь бол үнэн.

-Бессонтой хэрхэн танилцаж, төсөлд нь оролцов?

-Би түүний үнэнч шүтэн бишрэгч нь байлаа. “Тав дахь элемент” фантастик кино нь надад их таалагдсан. Нэг удаа би Бессоны тухай бүхэл бүтэн эссэ бичиж байсан юм. Люктэй Лос-Анжелест хоолонд орох завшаан тохиосон нь мөрөөдлийн минь биелэл байсан. Тэр “Valerian and the City of a Thousand Planets” киноныхоо талаар ярьж, би түүнийг нүд салгалгүй харж байлаа. Тэр том хүн ч гэсэн үүнийгээ ярьж байхдаа хүүхэд шиг харагдаж байсан. Түүний уран зөгнөл гайхалтай.


-Киноны агуулгыг нь ч мэдэлгүй зөвшөөрчихсөн хэрэг үү?

-Шалгаруулалтад орж, намайг тэр дүрд сонгоход л юуны тухай кино гэдгийг нь мэдэж авсан. Люк хувийн бие хамгаалагчаараа надад зохиолоо явуулсан. Нууц газар байсан юм билээ. 300 хуудас зохиолыг би бие хамгаалагчийнх нь дэргэд бүрэн унших хэрэгтэй болсон. Нэг амьсгаагаар уншина гэгч л болсон доо.

-Тоглох дүрүүдээ ямар шалгуураар сонгодог вэ?

-Тодорхой зарчмууд гэх юм байхгүй. Би төрөл бүрийн кинонд тоглохыг хүсдэг. Инээдмийн, аймшгийн, мюзикл гээд л. Би бол киноны төлөө төрчихсөн мэт хүн. Иймээс продюсеруудын санал болгож байгаа бүхий л хувилбарыг бодолцож үздэг. Ямар ч дүрийг бүтээдэг.

-Жүжигчний мэргэжил таны хүсэн хүлээж байсан шиг байна уу?

-100 хувь. Энэ бол аз жаргал. Намайг сэргээж, хөгжүүлдэг хүмүүстэй хамтран ажиллах сайхан. Би зураг авалтын багийнхнаасаа олон зүйлийг сурсан. Өөрийгөө бус тэдний дүрийг ч сайн санаж байдаг.

-Ном бичсэн талаараа яриач. Хувийн туршлага дээрээ тулгуурлаад биччихэв үү?

-Мэдээж. Бага байхаасаа л өдрийн тэмдэглэл хөтөлж ирсэн. Юу мэдэрч байгаагаа бичих нь миний хувьд үргэлж чухал байдаг. Тэгснээр надад олон санаа төрсөн. Ном бичих мөрөөдөл минь биеллээ.

-Бичих сэдлээ юунаас авдаг вэ?

-Тогтворгүй байгаа үедээ бичдэг. Хэцүү үед бичих нь энергээ зөв олоход тусалдаг юм. Гэхдээ “бич, бич, бич” гэж өөртөө хүчтэй шахалт үзүүлвэл болохгүй. Ингэхэд би онгоцонд дандаа бичдэг. Тэнд би ертөнцөөс хөндийрдөг юм.


-Дэлхийд алдартай хүн байх ямар байна. Чам руу олны анхаарал ихээр чиглэж байдаг...

-Биелсэн зүүдэндээ байгаагаа мэдэрдэг. Хүүхэд байхдаа би маш их ганцаарддаг байсан. Өсвөр насандаа би хэн ч болж чадахгүй юм байна гэж боддог байлаа. Гэхдээ ганцаардлаа үгүй хийж чадсан. Бүгдэд танил болж, алдар нэрд хүрээд байгаадаа итгэхэд бэрх байна. Гэхдээ надад тухтай байдаггүй.

-Чамд хамгийн их сургамж болсон үйл явдал юу байв?

-Жүжигчнээр сурч байхад нэгэн хичээлд сууна гэдэг их хэцүү байлаа. Дөнгөж эхэлж байгаа болон туршлагатай жүжигчид ч суудаг хичээл байсан юм. Хүмүүс нь ихдээд амаргүй байдаг байсан. Гэхдээ энэ үе надад гайхалтай сургууль болж чадсан юм. Багш нь аймаар хатуу хүн байсан. Би нэг удаа хоёр минут хожигдчихсон юм. Багш намайг хаалганы цаана үлдээгээд “Зайл” гэсэн. Би өөрийгөө зөвтгөх зүйл хэлж, уучлалт гуйж, сүүлдээ маргасан. Багш намайг “Чи энд байх хүн биш” гэж хэлсэн. Гэхдээ л намайг оруулсан юм. Энэ явдал надад сургамж болсон.


О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

 

                                       

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.70.46.222) 2017 оны 10 сарын 17

Uhaantai huuhen bn. Iim gej bodsongui.

0  |  0
Top